ТА НАР WINDOWS, ТЭД MAC БАЙХГҮЙ ЮУ

2015.1.4.

МУБИС-ийн багш, судлаач Д. Одгэрэл нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалт, арга зүй, тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр тасралтгүй 30-аад жил ажиллаж буй судлаач багш хүн юм. Нийгэмдээ мартагдсан тэдгээр хүүхдүүдийн асуудлаар бид ярилцлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хэдэн хүүхэд Монголд байдаг юм бол. Тэдний хэд нь боловсрол эзэмшиж байна вэ. Эцэг эхээсээ өөр хүнд хэрэггүй мэт амьдардаг тэдгээр хүүхдүүдийн эргэн тойронд ямар асуудал хуримтлагдаж байна вэ?

Олон улсад судалгааны янз бүрийн тоо байдаг. Гэхдээ бодитой судалгаа бол байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж хэн бэ гэсэн тодорхойлолт ч манайд хэт ерөнхий. Нийгмийн хамгааллын тухай хуулийн 3-р зүйлийн 3.1 дэх хэсгийн

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэн”-ийг Боловсролын тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.9 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: “Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч” гээд л ийм хүүхдүүдэд зориулагдсан эрх зүйн орчин дуусдаг. Нэлээн хүнд бэрхшээлтэй байж гэмээнэ тэр тодорхойлолтод хамрагдахаар заасан байдаг. “Бие махбод, оюун санаа, сэтгэхүйн өөрчлөлттэй, тэдгээрийн хам шинжийн улмаас өдөр тутмын амьдралд нь бэрхшээл тохиолдож байгаа хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй гэнэ” Харин гадаадын улс орнуудад Боловсролын салбарт Тусгай хэрэгцээт боловсрол гэдэг нэр томъёог хэрэглэдэг. Боловсролын оношлогоо, боловсролын тодорхойлолт гэдэг нь манайхаас өөр байдаг.

Хүүхдүүд буруу оношлогдож байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтыг гадаадад хэрхэн явуулдаг вэ. Цэцэрлэгийн наснаасаа эхлэн хамрагдах уу?

Эрт оношлох, эрт илрүүлэх гэсэн систем олон улсад байна. Бүр багаас нь 3 сартайд нь оношилно. Японд бол 3 сартайд, 6 сартайд нь, мөн 1 нас хагастай гээд үечлээд оношлоод явдаг. Хэрвээ хүүхэд ямар нэг асуудалтай байвал мэргэжлийн хүмүүс оношлоод, шаардлагатай бол эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээ үзүүлж эхэлдэг. Түүнчлэн эцэг эхэд нь үйлчилгээ үзүүлнэ, халамжийн үйлчилгээнд хамрагдана гээд олон чиглэлээр нэг хүүхэд дээр анхаарал тавьдаг эрх зүйн орчинтой.

download 28

Хуульд нь ямар заалт байдаг вэ?

Боловсролын хууль, Тусгай хэрэгцээт боловсролын хууль, Халамжийн хууль, Сургуулийн хууль, Эрүүл мэндийн үйлчилгээ авах гэх мэт олон хууль байна. Жишээ нь, Америкт 1974 онд баталсан хууль бий. Тэр нь 10 жил, 15 жилийн дараа нэр томъёо, агуулга нь өөрчлөгдөөд шинэчлэгдээд явж байна. Одоо АНУ-д 14 ангиллаар оношлогдсон хүүхдүүд тусгай хэрэгцээт боловсролын үйлчилгээнд хамрагдана гэж байгаа. Японд 8-9 ангилал байх жишээтэй.

Манайд 5 чиглэл байдаг. Оюун ухаан, хэл яриа, сонсгол, хараа, хөдөлгөөний бэрхшээл гэдэгт нь ихэнхдээ саажилттай хүүхдүүд орчихсон байгаа. Ерөнхийд нь 5 ангилдаг. Тэгээд бүгдээрэнг нь нэг сургуульд, оюун ухааны бэрхшээлтэй хүүхдийн сургуульд оруулчихсан байх жишээтэй. Гэтэл гадны улсуудад Боловсролын оношлогоо ба Эрүүл мэндийн оношлогоо хоёр тусдаа байдаг Боловсролын оношлогоо нь их нарийн болчихсон. Зарим тохиолдолд боловсролын оношлогоог 2, 3-р ангид байхад нь хийдэг. Суралцах чадвар ямар байна вэ гэдгээс хамаараад оношлогоог янз бүрийн цаг үед хийж байна.

Манайд бол суралцах чадвар гэдгийг зөвхөн оюун ухааны хөгжилтэй холбон ойлгодог. Тоо бодож чадахгүй, уншиж мэдэхгүй, уншсанаа ойлгодоггүй гэдэг ч юм уу бүгдийг нь оюун ухаан гэдэг утгаар авч үздэг. Дээрх чадваруудын аль нэг нь алдагдсан байх. Ахуйн хоцрогдлоосоо болоод хичээлээс хоцорчихсон хүүхдүүд байдаг. Зан төлөвийн өөрчлөлттэй, сэтгэцийн сааталтай, гадны нийгмийн нөлөөнөөс болоод сургуулиас хоцорчихсон хүүхдийг хүртэл тусгай сургуульд хамруулчихсан тохиолдол элбэг.

Тусгай сургуулийн суралцагчдын оюун ухааны үнэлгээ гэсэн сэдвээр би Японы Цүкүба их сургуульд Ph.D хамгаалсан юм. 1998-2002 онд судалгаагаа хийсэн. Оюун ухааны бэрхшээл гэдгийг оношлох тогтсон аргачлал Монголд байхгүй. Тиймээс би ердийн хүүхдүүдийн оюун ухаан ямар байдаг вэ гэдэг дээр эхлээд судалгаа хийсэн. Олон улсад хэрэглэдэг стандартын аргачлалыг Монголд нутагшуулаад судалгаагаа хийсэн юм. Ердийн 5-12 насны хүүхдийн хоёр төрлийн сорилыг туршиж, монгол хүүхдүүд ийм байх юм байна гэсэн аргачлал эхлээд боловсруулан гаргасан. Дараа нь Тусгай сургуулийн 1900 орчим хүүхэд дээр судалгаа авч үзсэн. 1999-2000 онд шүү дээ. Тэгэхэд ямар дүгнэлт гарсан бэ гэхээр Тусгай сургуулийн хүүхдүүдийн 60 хувь нь оюун ухааны хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй гэдэг ангилалд хамрагдана гэж гарсан. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартчлагдсан аргачлалаар шалгаж үзэх юм бол. Дунд, хүнд хэлбэрийн оюуны бэрхшээлтэй хүүхэд тусгай сургуульд ерөөсөө байхгүй байсан.

Тухайн үед оюуны дунд болон хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургуульд хамруулдаггүй байсан байж болно. Сүүлийн үед харин нэлээн хүнд хүүхдүүд Тусгай сургуульд ирээд байгаа гэж манай оюутнууд хэлж байна лээ. Судалгааны маань өөр нэг дүгнэлт нь нөгөө 1900 хүүхдийн 40 хувь нь оюун ухаан хэвийн хүүхэд байсан. Энэ 40 хувийн тал нь оюуны хөгжил хэвийнээс бүр дээгүүр үзүүлэлттэй. Нэг хувь нь онцгой гоц авьяастай, IQ дээгүүр хүүхдүүд байсан. Энэ юуг хэлж байна вэ гэхээр хүүхдүүд буруу оношлогдож байна гэсэн үг.

Багш нараас нь асуумж авахад хүүхдүүдийнхээ 70 гаруй хувийг оюун ухааны бэрхшээлтэй гэж үзэж байсан. Сурагч ба багш нарын дунд хийсэн хоёр судалгааныхаа корреляцийг харьцуулж үзсэн л дээ. Гэтэл хичээлдээ муу хүүхдийг оюун ухааны бэрхшээлтэй гэж багш нар үзэж байсан. Тэгэхээр багш нарын хандлагаас, мөн оношлогоо төдийлөн оновчтой явагдахгүй байна гэдгээс хамаарч эрүүл хүүхдүүд Тусгай сургуульд хамрагдаж байгаа нь харагдсан.

Оношлогоог хаана хийлгэдэг юм бол?

Наймдугаар сарын 25-ны үед тусгай сургуулиудад Элсэлтийн комисс ажилладаг. Согог зүйч багш нар, Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс хүүхдийн эрүүл мэндийн эмч ирнэ, сургуулийн багш, захирал гэсэн бүрэлдэхүүн оношлогоо хийдэг. Гэхдээ улсын хэмжээнд тогтсон оношлогооны нэг аргачлал Монголд байхгүй. ОХУ-д дээд сургууль төгссөн согог зүйч багш нар өөрсдийн гарын дор байгаа материалын хүрээнд үзээд, за энэ хүүхэд жилийн 4 улирлаа мэддэг юм байна, аав ээжийгээ мэддэг гэх мэт ерөнхий асуултууд асуун, даалгавар өгч, тэрнийхээ дагуу энэ хүүхэд оюун ухааны хоцрогдолтой учир тусгай сургуульд суралцах боломжтой гээд л шийдвэрээ гаргачихдаг. Тэгэхээр энэ Комиссын үйл ажиллагаа учир дутагдалтай. Аргачлал нь шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн л дээ.

Тусгай сургуульд багшлах боловсон хүчнийг хэрхэн бэлтгэдэг юм бэ?

Согог зүйч багш нарыг 90-ээд оноос өмнө ОХУ-д бэлтгэж ирсэн. Ерээд оноос хойш ч мөн Орост цөөн хүн сурсан болов уу. Миний хувьд 1996 онд согог судлаач-оюутнаар Япон яваад, дараа нь магистраа мөн тэнд хамгаалсан. Тусгай хэрэгцээт боловсролоор мэргэшсэн хүн гэвэл одоогоор би байгаа байх.

Согог зүйч, тусгай хэрэгцээт боловсролын багш хоёр хоорондоо юугаараа ялгаатай вэ?

Маш их ялгаатай. Би Японд анх очоод согог судлалаар төгссөн, дефектолог гэж хэлэхэд японууд нүд нь орой дээр гарсан. Дефектолог гэж юу хэлээд байгаа юм гээд. Орчуулах гэж бөөн юм болсон. Олон улсын нэршил биш шүү дээ, хүлээн зөвшөөрөгдөхөө больчихсон. Хүнийг дорд үзсэн, эрхийг нь зөрчиж байна гэдэг үүднээс олон улсад хэрэглэхээ больчихсон нэр томъёог Монголд хэрэглэсээр байгаа. Согог судлалд оюун ухааны бэрхшээлийг дебил, имбицил, идиот гээд 3 ангилдаг байсан. Тэрийг ерөөс хэрэглэж болохгүй гээд олон улсад хорьчихсон байдаг. Согог гэдэг үгийг эрүүл мэндийн салбарт л хэрэглэдэг. Гэмтэл согогийн үндэсний төв гэж эмнэлгийн нэршил байдаг шүү дээ. Хүний биед ямар гэмтэл байна, түүнийг нь л эмчилнэ гэсэн утгатай. Би согог зүйч мэргэжлээр анх суралцаж байхдаа эхний хоёр жилд нь дандаа эмнэлгийн талын шинжлэх ухааны суурь хичээл үздэг байсан. Невропаталоги, анатоми гэдэг ч юм уу эрүүл мэнд, согог тал руу нь их үзсэн. Оюуны бэрхшээлтэй хүнийг ийм хандлагаар харах нь маш буруу. Эрүүл мэндийн ийм терминүүдийг хэрхэн хэрэглэх талаар Олон улсын ангилал гэсэн зааварчилгаа ч байдаг. Одоо ОХУ-д ч гэсэн өмнөх хандлага бага багаар шинэчлэгдэж байна. Коррекционная педагогика гэсэн нэршилтэй болсон. Сэргээн засах гэсэн утгатай. ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн дэргэд Институт Дефектология гэж байсан. Одоо тэр нь Институт Коррекционной педагогики гэж өөрчлөгдсөн.

Багшийн сургууль дээр өнгөрсөн жилээс шинэ анги нээсэн гэв үү?

МУБИС харъяа таван сургуультай. Тэдний нэг нь Боловсрол судлалын сургууль. Энэ сургуульд Тусгай хэрэгцээт боловсрол олгох нэг жилийн анги нээсэн. Би хичээл заана. Мөн согог зүйч бусад багш нар хичээл заадаг. Эхний төгсөлтөө хийсэн. Гэхдээ одоогоор туршилтын ажлууд явагдаж байна гэж ойлгож болно л доо. Хөтөлбөрөө бид сайжруулах шаардлагатай. Багшийн бакалавртай хүмүүсийг сургах шаардлага тавьдаг. Өнгөрсөн жил 47 оюутан төгссөний 40 нь тусгай сургуулийн багш нар байсан. Мөн манай сургуулиас хоёр хүн энэ чиглэлээр Японд магистрт сурч байна. Тэдэндээ ихээхэн найдлага тавьж байгаа.

Нийгэм өөрөө өөрчлөгдөх ёстой

АНУ-д 68 төрөлтийн нэгд аутизм оношлогдож, ОХУ-д ч оюуны янз бүрийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нэмэгдсэн тухай мэдээлэл гардаг болж?

Нэмэгдэж байна уу, үгүй юү гэдэг дээр судлаачид бас нэлээн хэлэлцсэн байдаг. Энэ бол нэмэгдсэн зүйл биш, харин оношлогоо илүү нарийн болоод, эдгээр хүмүүсийг тусад нь авч үзэх шаардлагатай болсон. Оюун ухааны бэрхшээлгүй аутистикууд ч их байдаг. Бүр гоц авьяастай хүүхэд олон бий. Орчин үед аутизм спектрум дисордер гэж их ярьдаг болжээ. Солонгорсон олон янзын хувилбартай гэсэн үг.

download 29

Бидний тархинд янз бүрийн эд эс “наашаа цаашаа гүйгээд” мэдээлэл хүлээн авч боловсруулалт хийгээд байна шүү дээ. Гэтэл тэдгээр хүмүүсийн тархины эд эсэд бөөгнөрөл үүсчихсэн, зарим нэг газраа очоод гацдагч юм уу тийм байдалтай байдаг. Энэ оношлогоог хийх шинжлэх ухааны мэдээлэл, тоног төхөөрөмж зэрэг нь маш нарийн хөгжөөд оношлогоо нарийссан учраас бусад хүүхдүүдээс ялгах боломжтой болсон.

Аутизм юунаас үүсдэг вэ?

Миний уншсан зүйлсээс бол яг тийм юмнаас ийм юмнаас гэсэн зүйл байхгүй. Тодорхой бус, зүгээр тохиолдол гэдэг. Тохиолдлыг зарим эрдэмтэд юу гэж тайлбарладаг вэ гэхээр тухайлбал америкчууд олонх нь христийн шүтлэгтэй. Нийгэм хөгжөөд байна. Яван явсаар нийгэм зөвхөн эд хөрөнгө, баялаг мөнгө гэсэн л үнэт зүйлтэй болчихоод байна шүү дээ. Монголд бол энэ их тод харагддаг. Тиймээс хүн хүнлэг чанараа алдахгүй байх нь хамгийн чухал үнэ цэн гэсэн ойлголтыг мэдрүүлэхийн тулд бурхан цаанаас ийм бэрхшээлтэй хүнийг илгээгээд байна, тэр хүмүүсийг сайн ойлгосон мэдэрсэн хүмүүс бол хүнлэг чанараа алдахгүй гэсэн тайлбар Америкт их явдаг. Би энэ тайлбартай санал нийлдэг. Яг энэ хүүхдүүдийг судлаад үзэхээр үнэхээр гайхамшигтай зүйлийг мэдэрдэг ойлгодог, тэр хүүхдүүдээс ч гэсэн сурах юм их байдаг. Ялангуяа даун синдромтой хүүхдүүд. Тэр хүүхдүүд бол хөгждөггүй биш бүр мундаг хөгждөг. Хүнтэй харьцах эелдэг чанар нь зүгээр энгийн хүүхдийнхээс илүү мэдрэмжтэй хөгжсөн байдаг.

Аутизмын хувьд төрөлхийн физиологийн гаралтай, мэдрэлийн систем нь уураг тархи бүрэлдэх үедээ арай өөрөөр бүрэлдэж тогтсон гэсэн үг. Саяхан нэг оюутандаа би тайлбарлах гээд юутай харьцуулдаг юм билээ гэж бодож байгаад “Та нар виндоуз нөгөөтөх чинь мак л байхгүй юу” гэж хэлсэн. Нэг програм нь нөгөө програмаа уншдаггүй шүү дээ. Яг л тэр. Аутизм гэдэг үгийг япон ханзаар бичихэд их ойлгомжтой харагддаг юм. Дунд нь хүн, өөрийгөө хаалгаар хаачихсан хүн байдаг. Өөрөөр хэлбэл тусгаарлагдчихсан, өөрийн гэсэн ертөнцтэй.

Өмнө нь ийм дисордер хүүхдүүдийг өөрчлөөд нийгэмшүүлье гэсэн хандлага байсан. Одоо бол нийгмийг өөрийг нь өөрчлөх хэрэгтэй гэсэн хандлагатай болсон. Аутизмтай, оюун ухаан бэрхшээлгүй хүн байлаа гэж бодъё. Тэр хүнийг ерөөсөө өөрчилж болохгүй. Тэр хүн өөрийнхөө, төрөлхийн цаад удирдлагаар л явна гэсэн үг. Тэгэхээр түүний эргэн тойрныг өөрчлөх хэрэгтэй. Америкт бол жишээ нь мундаг програмист аутистик байлаа гэж бодъё. Бүх орчныг нь бүрдүүлээд өгчихдөг, өдөр болгон нэг юмаа хийнэ, өдөр болгон нэг байрандаа сууна, юм хумыг нь өөрчилж болохгүй. Жоохон өөрчлөлт орчинд нь орвол уурлаад, хачин болдог. Уян хатан чанар нь алдагдсан байдаг. Нэг зүйлийг л давтамжтай, донтоно гэдэг шиг уйгагүй давтан хийдэг. Аутистикууд дотроо аспергар синдром гээд ийм хүмүүс байдаг. Дотроо их өөр өөр. Судлаад үзэхэд сонирхолтой.

Britain”s Got Talent телевизийн шоунд 2009 онд тэргүүлсэн Сюзен Боел аутизмтай гэж байсан. Нуугдмал авьяастай хүмүүс тэдний дунд байдаг уу?

Нэр алдартай олон хүн байдаг. Хамгийн гол нь тэр хүнийг авьяасыг нь дагуулж хөгжүүлэх, нээх ёстой. Манайхан чинь нэг ийм гоё дуутай, нэг ийм сайхан хүн болгох ёстой гээд нийгэмд имиж бий болгочихдог. Бүх хүнийг тэр үнэлэмжээрээ л хардаг. Уг нь хүн болгон өөр, өөрийн гэсэн ертөнцтэй, заавал нэг идеалд зохицох албагүй шүү дээ. Математикийн хичээл, монгол хэлний хичээл дээр хүүхэд болгон заавал тийм гойд сайн байх албагүй. Өөрт байгаа авьяасыг нь хөгжүүлэхэд л анхаарах ёстой юм.

Боловсролын тухай хуульд орсон шинэ концепц мөн үү. Хүүхэд болгоны хөгжилд тохирсон сургалт явуулна гэж?

Тийм, уг нь энэ л байгаа юм. Даанч манайхан жинхэнэ мөн чанар утгаар нь ойлгож байна уу үгүй юү. Хүүхэд хөгжүүлнэ гэхээр спорт, урлаг, шатар даам гээд нөгөө л ганц имижээрээ хараад байдаг. Гэтэл хүүхдүүд дотор техникийн авьяастай, судалгаа хийдэг, байгаль орчныг таньж мэдэх асар сонирхолтой гээд олон янзын ертөнц байгаа.

Хөгжлийн бэрхшээлтэй 20.000 гаруй хүүхэд бий, тэдний 1618 нь тусгай сургуульд хамрагддаг гэдэг. Үлдсэн нь хаана байх вэ, гэртээ сууж байгаа хүүхдүүдийн судалгаа гэж бий юү?

Сургуульд хамрагдсан хүүхдийн тоо гээд хэдэн статистик байгаад байдаг, хамрагдаагүй хүүхдийн судалгаа бол бүр байхгүй. Ерөөсөө энэ 20.000 гэдэг чинь хаанаас ч авсан тоо юм. Ямар ч үндэслэлгүй тоо гэж хэлэх гээд байна. Хүүхдийг яаж оношлоод, яагаад хөгжлийн бэрхшээлтэй гэсэн юм. Оношлогоогоо бодитой хийж чадахгүй байгаа учраас энэ тоонууд үндэслэлгүй. Нэр томъёо хүртэл манайд буруу хэрэглэгдсээр байгаа.

Би Японд сургуульд явахаасаа өмнө 1993-1996 онд Боловсролын яаманд тусгай боловсролын асуудал хариуцаж байсан. Тэр үед тахир дутуу гэдэг бүр аймаар нэр томъёо хэрэглэдэг байлаа. Хожим нэр томъёо нэлээн өөрчлөгдөж, тэгш хамруулах сургалтын боловсролын нэгж гэж байгуулагдсан юм байна лээ. Английн Хүүхдийг ивээх сангийн санхүүжилтээр хийсэн ажил. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулна гэсэн санааг л хэрэгжүүлэх оролдлого хийгээд, нийгмийн ерөнхий хандлагад бага зэрэг өөрчлөлт ахиц гаргаж чадсан л даа. Гэхдээ тэгш хамруулан сургах боловсрол гэдэг нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал биш. Ямарваа нэг байдлаар боловсролд хамрагдаж чадахгүй байгаа, ялгаварлан гадуурхагдаж буй хүүхдийн тухай нэршил юм.

Нэр томъёоны нэгдсэн ойлголт их чухал юм байна?

Тийм. Нэршлээс ямар ухагдахуун гарч ирнэ, тэндээсээ нийгмийн хандлага бий болж эхэлдэг. Тусгай хэрэгцээт боловсрол гэдэг нэр томъёо одоо орж ирж байна. Гадны орнуудад бол exceptional children буюу өвөрмөц онцлогтой хүүхдүүд гэсэн нэр томъёо хэрэглэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй гэхээр ерөөсөө чадваргүй гэсэн үг биш шүү дээ. Би хараагүй хүүхдүүдэд хичээл заадаг. Тэд тасралтгүй хөгжсөөр байдаг, ном уншиж, бариа заслаа хийгээд явж л байдаг.

Оросын эрдэмтэн Л. С. Выготскийн хэлсэн оночтой үг бий. “Хараагүй хүн бол ямар ч нийгэмд хараагүй хэвээрээ л байна. Сонсголгүй хүн ч бас сонсголгүй хэвээр үлдэнэ. Гэхдээ тэр хүн бэрхшээлтэй байх эсэх нь түүний эргэн тойрны хүмүүсийн хандлагаас хамаарна” гэж. Ойр тойрных нь улсууд энэ бэрхшээлтэй гэж үзэх юм бол бэрхшээлтэй, үгүй гэж харах юм бол хэвийн л хүн гэсэн үг. Америкийн ЭСЯ-д ажиллаж байгаа Уянгаа бэлээхэн үлгэр жишээ шүү дээ. Жишээ нь манай сургууль дээр Уянгааг ажилла гэх юм бол компьютер нь байхгүй, дагуулаад явдаг хөтөч нохойг нь ойлгох хүнгүй, тэгээд л тэр хүнд чинь нийгмийн бэрхшээл аяндаа бий болчихож байна. Гэтэл ойлгодог газар бол тэр хүн ямар ч бэрхшээлгүй ажиллаж, компьютер нь шивсэн зүйлийг нь уншаад өгчихнө, хараатай хүний бичсэнийг зориулалтын принтерт хийгээд хараагүй хүн уншиж болохоор болгоод л гаргаад өгдөг. Өөрийнх нь хэрэгцээнд тохирсон орчин бий болгоход тэр хүн бэрхшээлгүйтэй яг адил.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ердийн сургуульд сурах боломжтой гэсэн үг үү. Эсвэл нөхөн сэргээх үйлчилгээтэй тусгай төвүүд байх уу. Гадаад улс орнуудад хуульд нь хэрхэн зохицуулсан байдаг вэ?

Тусгай хэрэгцээт боловсролын тухай хуульд тухайн хүүхдийн хэрэгцээнд нь тохирсон сургалт явуулна, мөн сургуулийн өмнөх, бага, ерөнхий боловсролын үйлчилгээнд тэгш хамруулна гээд аль алиныг нь заачихсан байдаг.

Гадаадын улс оронд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг олон янзын хувилбараар сургаж байна. Зарим нь эрүүл мэндийн үйлчилгээгээ аваад, эмгэг согог нь эмчлэгдээд зүгээр болоод цаашаа явдаг. Эмчлэгдэхгүй тохиолдолд нөхөн сэргээх сургалтад хамрагдана. Сургалтад хамрагдахдаа тухайн хүүхдийн гэрийн ойролцоо ямар сургууль байна, ямар хөтөлбөрт нь хамрагдах вэ гээд хуулиараа маш нарийн зохицуулагдаад явдаг.

Ямар шаардлага байна тэрэнд нь тохирсон сургалт явуулна. Эцэг эхчүүдэд нь бас сургалт явуулдаг. Эцэг эхэд зориулсан хөтөлбөр гэж байна. Жишээ нь Америкт шилжилтийн програмууд гэж бий. Цэцэрлэгээс сургуульд ороход, сургуулиас ажлын байранд шилжиж гарахад зориулагдсан ITP, IEP, IFP гээд хөтөлбөрүүдийг заагаад өгчихсөн байдаг. Энэ бүхнийг Тусгай хэрэгцээт боловсролын тухай хууль буюу IDEA (Individuals Disability Edication Act) –д зааж өгсөн байдаг.

Сургуулийг дэмжих ёстой

Дунд сургуулийн багш нар тусгай хэрэгцээт боловсрол олгох анхан шатны чадамжтай байх ёстой юу?

Манай Боловсролын тухай хуульд тийм заалт бий, ердийн сургуулийн багш нар тусгай хэрэгцээт боловсрол олгох чадамжтай байх ёстой. Маш ерөнхий заалт, ганц өгүүлбэр байдаг. Бага, дунд боловсролын тухай болон Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд ч бас маш ерөнхий заалт бий.

Хөгжлийн төрөл бүрийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд тулгардаг хамгийн том асуудал нь тохирсон сургалтад явуулах орчин Монголд байдаггүй. Гол төлөв цөөн хүүхэдтэй хувийн сургуульд, таньдаг багш захирлаа гуйж явуулах нь элбэг. Нэгэнт хүүхдэд зориулагдсан хичээлийн тусгай хөтөлбөр байхгүй учир цагаан толгойн үсэг үзээд, үеэ нүдлээд явах жишээтэй?

Тусгай сургуулиудад ч ялгаагүй үсэг, үе заагаад, академик тал руу нь анхаарал хандуулаад байдаг. Магадгүй үсэг, үе, тоо үзээд байх шаардлагагүй хүүхэд байж болно шүү дээ. Хамгийн гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нийгэмд биеэ дааж авч явах чадвар эзэмшүүлэх нь чухал байдаг. Нэгдүгээрт, өөрөө өөртөө үйлчлэх чадвар, хоёрдугаарт нийгэмд биеэ зөв авч явж, ажил хийх чадвар. Японд жишээ нь хоол хийх хичээл гээд нэг өдөр үдээс өмнө хоолны материал хэрхэн сонгох вэ, хоолоо яаж бэлтгэх вэ гэсэн хичээл ордог. Өдөр нь тэр хоолоо хийгээд идчихнэ, үдээс хойш цэвэрлэгээгээ хийнэ. Ийм байдлаар бие даан амьдрах чадварт сургадаг. Манайд бол тоо бичүүлээд бодуулаад суулгадаг. Бүтэн өгүүлбэрээр өөрийгөө илэрхийлэх нь ч оюун ухааны дунд зэргийн бэрхшээлтэй хүүхдэд хүнд шүү дээ.

Энэ хүүхэд цаашдаа ямар хэмжээнд хөгжих боломжтой вэ гэдгийг нэг алсын хараатай багш харж байх ёстой. Тэгээд тохирсон хөтөлбөр гаргана. Алсдаа чихэр боовны цехэд ажиллах чадвартай болгомоор байна гэдэг ч юм уу. Ердийн хүүхдэд ч янз бүрийн зорилго эцэг эх нь тавьдаг шүү дээ. Хүүхдээ ийм болгочихмоор байна аа гээд. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сургалтын ганцаарчилсан хөтөлбөр байх ёстой. Ямар чадвартай, ямар чадвар сул байна, алиныг нь хөгжүүлэх ёстой, хөгжүүлээд энэ хүүхдийн потенциал ямар түвшинд хүрэх вэ, том болоод ямар ажил хийж биеэ дааж хэрхэн амьдрах вэ гэсэн зорилго дэвшүүлэх ёстой.

29-р сургууль дээр би хоёр жилийн өмнө ороод гарахад хичээл зааж байгаа багш нь тэнд таван жил цагаан толгой заагаад сураагүй гээд хэдэн хүүхэд суулгаж байсан. Сурахгүй юмаа бол хэдэн жил ч бичүүлсэн сурахгүй шүү дээ, зарим нь. Тэгэхийн оронд биеэ зөв авч явж байна уу, ариун цэврийн өрөөнд ороод бие засч чадаж байна уу гэх мэт чадвар дээр нь ажиллах чухал юм.

Тийм сургалтыг хаана хийх вэ. Тусгай сургуульд уу, ердийн сургуульд тусгай анги нээх ёстой юу?

Янз бүрийн хувилбараар хийж болно. Олон улсын жишгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хязгаарлалт хамгийн багатай орчинд сургах ёстой гэдэг. Хамгийн хязгаарлалт багатай орчин бол Ерөнхий боловсролын сургуулийн ердийн анги гэдэг. Гэхдээ ердийн ангид сургахад дэмжигч багш хажууд нь байх ёстой. Дараагийн нэг хувилбар нь Ерөнхий боловсролын сургуулийн дэргэд тусгай ангибайна. Дараагийн хувилбар нь зарим хичээл дээр Тусгай боловсролын сургуульд, зарим дээр нь Ерөнхий боловсролын сургуульд хослуулж явна. Өөр нэг хувилбар нь тусгай сургуульд явна. Гэхдээ бусад хөтөлбөрт хамрагдана гэх мэт. Тэр нь заавал сургуулийн хөтөлбөр биш нөхөн сэргээх төв, хүүхэд хөгжлийн төв гэх мэт хөтөлбөр байж болно.

Эдгээрийг ямар хуулиудаар зохицуулах ёстой вэ? Монголд тусгай хэрэгцээт боловсролын талаар дурдсан хөтөлбөр, тогтоол байна уу? Ер нь нийгмийн энэ эмзэг асуудлыг шийдэх гарц нь юу юм бэ?

Монгол улс маань хүн ам цөөн, хууль зөв гарвал хэрэгжүүлээд явахад үр дүн хурдан гарах боломжтой. Хууль, хөтөлбөр гаргаж байгаа хүмүүс учир дутагдалтай төсөл боловсруулаад байдаг. Жишээ нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ийм заалт орчихсон байдаг. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургаж байгаа багшид хүүхдийнх нь тооноос хамаараад цалингийн нэмэгдэл урамшуулал олгоно” гээд. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэж хэн бэ гэдэг нь манайд тодорхой бус байгаа. Тэднийг яаж оношлох вэ гэдгээ эхлээд тодорхой болгох ёстой. Гадаад улсуудад хүүхдийн тооноос хамаарч урамшуулал олгодоггүй. Ганцаарчилсан сургалтын хөтөлбөр гэж гаргадаг. Энэ хүүхэдтэй хэдэн цаг, хэн ажиллах вэ гэдэг байдлаар төсвөөс санхүүжилт нь ордог. Багш цагаа зарцуулаад хүүхэдтэй ажилласан эсэхээр тооцоолдог. Ганцаарчилсан сургалтын хөтөлбөрийг нь Багаараа боловсруулна. Жишээ нь хөдөлгөөн засалч энэ хүүхэдтэй долоо хоногт хоёр цаг хичээллэнэ. Хэл заслын багш төдөн цаг орно гэх мэт. Тусгай хэрэгцээт боловсролын ийм хөтөлбөр нь тэдэн цаг гээд гаргаад өгөхөөр санхүүжилт нь ердийн сургуульд төсвөөс орж ирдэг.

Төрийн зүгээс өөр дэмжлэг байх уу. Жишээ нь тусгай хэрэгцээт боловсрол хэрэгтэй хүүхдүүд хувийн сургуульд цөөнгүй явдаг. Тэдгээр сургуулийг хэрхэн дэмжих ёстой вэ?

Нэг хүүхдэд ногдох хувьсах зардал гэж байдаг. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хувьсах зардал нь бусад хүүхдийнхээс гурав дахин илүүгээр олгоно” гээд мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан байдаг. Гэтэл энэ нь бас л амьдралд хэрэгжих боломжгүй заалт болж хувирдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэж хэн бэ гэсэн тодорхойлолт нь ойлгомжгүй байгаа учраас. Яахав зарим хөөцөлдөлгөөтэй сургуулийнхан манайд хөгжлийн бэрхшээлтэй ийм хүүхэд байна гээд нэмэгдэл төсөв авдаг байхыг үгүйсгэхгүй. Хэрэгжилт нь тодорхойгүй байна.

Хуулийн төслүүд дээр та бүхэн багш судлаачийн хувьд саналаа өгдөг үү?

Бид нар чинь хичээлээ заагаад, энүүхэн хүрээндээ ажиллаад яваад байдаг. Мөн янз бүрийн төрийн бус байгууллагуудтай ажилладаг. Энд тэнд лекц уншина. Нийгмийн ойлголтыг бага ч гэсэн өөрчлөх гэсэн ажлууд энүүхэндээ хийгээд л явдаг. Тэрнээс биш хуулийн төсөл дээр саналаа өгөөч гээд бидэн дээр албан ёсоор ороод ирсэн зүйлгүй. Уг нь Эрүүл мэнд, Боловсролын зэрэг олон хуульд маш тодорхой заалтууд байх ёстой.

Халамжийн тухай хуулийг хүмүүс хэдэн төгрөгний тэтгэмж авах хууль гэж л хардаг. Гэтэл халамжийн үйлчилгээ гэдэг маш нарийн зүйл. Тухайлбал, аутизмтай хүүхдийн эрхийг хамгаалах олон үйлчилгээ хөгжсөн улс оронд хийгддэг. Хүүхэд хаана амьдарч байна, тэнд байгаа хүмүүс аутизмын тухай ойлголттой байх ёстой, хаана сургуульд хамрагдаж байна тэр хүмүүс ч бас зайлшгүй ойлголттой байх ёстой. Ер нь л тухайн хүүхдэд нийгэмшихүй талаас нь үзүүлэх үйлчилгээнд Халамжийн газар чухал үүрэгтэй байдаг. Сэтгэл зүйн зөвлөгөөг эцэг эхчүүд, эргэн тойронд байгаа хүмүүс, сургуульд дээр ч гэсэн зөвлөгөө өгөх үйлчилгээний зардал төсөвлөгдөх ёстой. Тэр төсөв Халамжаас орж ирдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг халамжлах хамгаалах үүднээс олон газар үйлчилгээ үзүүлэн ажиллах тогтолцоо гадаадад байдаг. Японд хараагүй хүүхэд онгоцноос буухад тэр хүүхдэд хот орох тасалбар захиалж өгнө. Онгоцноос буухад нь хүн дагуулаад явна, тэр зардал мөн л Халамжаас гардаг. Манай нэг шавь одоо Японд сурч байгаа л даа. “Онгоцноос буугаад сургууль хүртлээ бүх үйлчилгээг аваад аюулгүй хүрээд ирж байна. Сургууль дээр дассан орчиндоо ороод л явчихаж байна, сайхан. Гэхдээ Монголоо санаад харимаар байдаг, очоод яана гэж бас боддог” гэж ярьдаг юм.

Шилдгүүдийн загварт бүү баригд

Даунтай хүүхдээ дагуулаад гадуур явахад зарим хүн цочиж хараад, хүүхэд ч ийм хандлагыг мэдрээд их хэцүү байдаг, голдуу гэрт нь байлгадаг гэж эцэг эхчүүд ярихыг сонссон?
Нийгмийн хандлага, ялангуяа боловсролын хандлага, багш нарын өөрсдийнх нь хандлага хуучинсаг хэвээрээ байна. Манай Боловсролын их сургуулийн багш нар хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг үл тоох маягтай байдаг. Энэ нь коммунизмын сэтгэлгээтэй их холбоотой л доо. Пионер гэж ийм мундаг хүүхэд байна. Коммунист гэж ийм шилдэг хүн бий гэсэн загвар модел хэмжүүр бий болгочихсон. Дээр дурдсан эрдэмтэн Л. С. Выготскийн бүтээлүүдийг социализмын үед бүгдийг нь хаагаад хүлээн зөвшөөрдөггүй байсан юм. 1990- ээд оноос хойш л ил гарч ирсэн. Тухайн үед ЗХУ, нийгмээ шүүмжилсэн учраас бүтээлүүд нь хаагдсан байдаг. Тэр үед коммунист гэж нэг ийм шилмэл хүн, пионер гэж дандаа онц сурдаг, математиктаа мундаг, хэлбичигтээ сайн хүүхэд байх ёстой гээд загварчлаад өгдөг байж.

Одоо ч тэр ойлголт өөрчлөгдөөгүй юм биш үү. Олимпиадаас олон медаль авбал сайн сургууль, онц сурвал мундаг хүүхэд гэсэн хатуу ойлголттой?

Тийм, хэвээрээ байгаа. Японд нэлээн удаж байгаад ирэхэд манай Багшийн сургууль, Боловсролын их сургуулийн багш нарын өөрсдийнх нь хандлага бас болохгүй байна даа гэж бодогдсон. Математикийн багш бол математикаа л хүүхдүүдэд заах ёстой гэдэг. Өөрсдөө дөрвөлжин толгойтой бол хүүхдийг ч бас тийм толгойтой болохыг шаарддаг. Гэтэл хүүхэд болгон янз бүрийн чадвартай, өөр хичээлд дуртай тэрэндээ авьяастай байж болно шүү дээ. Хүүхэд болгонд тохирсон байдлаар хичээлийг нь өгөх ёстой гэсэн хандлагыг багш нар өөрсдөө хүлээн зөвшөөрдөггүй. “Заавал бодох 100 бодлого” гэсэн нэртэй ном харлаа, яагаад заавал бодох ёстой юм, заавал гэж хэн хэлчихсэн юм?

Тэгш хамруулах боловсрол, тусгай хэрэгцээт боловсролын талаар МУБИС-ийн багш нарын өөрсдийнх нь хандлагыг өөрчлөх шаардлагатай гэж боддог.

Их чухал суурь ойлголт юм биш үү?

Тийм, тэгж байж нийгмийн хандлага өөрчлөгдөнө л дөө. Миний лекцийг залуу багш нар сонирхож орж ирж сонсдог. Яахав настай багш нарт өөр хандлага байгаад байдаг л юм. Хүүхэд гэдэг чинь их өвөрмөц ертөнц юм гэдгийг зарим багш нааштай таатай хүлээж авдаг л юм.

download 30

Эхлээд хүүхдээ таньж мэдэх ёстой гэдгээ л багш нар өөрсдөө ухаарах цаг болсон. Математикийн багш нар болохоор та нар яагаад МУБИС-ийн оюутнуудад хүүхдийн сэтгэл судлалын, тусгай хэрэгцээт боловсролын хичээл олон цаг оруулах гээд байгаа юм, та нар ямар сургуульд очоод сэтгэл судлал заах биш дээ гэдэг. Математик олон цаг ордог хөтөлбөртэй учир математикаа л оюутнуудад сургах ёстой гэж хардаг. Гэтэл тэр математикийг чинь, хэлбичгийг чинь ХЭНД заах гэж байгаа юм бэ. Хүүхдийн сэтгэл зүйг таньж мэдэх гэдэг их чухал суурь ойлголт юм шүү. Одоо шавь төвтэй сургалт гэж яриад байгаа боловч тэр шавь нь хэн бэ гэдгийг биш, юу заах вэ гэдэг агуулгаа тэргүүнд тавьсан хуучинсаг хандлага хэвээр байна. Судлагдахуун төвтэй хэвээрээ.

Тэгэхээр сэтгэл зүйн хандлагыг өөрчлөх ёстой. Сэтгэл зүйн орчныг өөрчлөх хэрэгтэй. Боловсролын хандлага, тогтолцоог өөрчлөх хэрэгтэй болж байна. Эрх зүйн орчныг шинэчлэх хэрэгтэй. Материаллаг орчныг сайжруулах ёстой. Ийм цогц өөрчлөлт хийж байж боловсрол, нийгмийн хандлага коммунизмын загвараасаа гарна.

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, боловсролд тэгш хамруулах гээд хоёр талаасаа ганц л зүйлийн талаар яриад байна шүү дээ. Энэ хоёр ойлголт явсаар байгаад нийлэх, нэг гүүр болох ёстой юм. Үүнийг хэн хийх ёстой вэ гэхээр зөв ойлголттой хүмүүс л энэ гүүрийг нийлүүлэх ажлыг хийнэ. Төр засаг маш их ачаа үүрч явдаг, тэр ачаанаас нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал шүүрэн шанага шиг орхигдчихоод байна. Дэлхий нэг, нар ганц, дэлхийн бүх хүнийг нар ижилхэн ээдэг, гэтэл нэг хэсэг нь сүүдэрт үлдээд байна.

Барууны орнуудад ч бас сул дорой нэгнээ их ялгаварладаг шүү дээ. Хүчтэй хүмүүсээ од болгож тахин шүтдэг?

Ялгаварлал байна. Гэхдээ хуулиараа зохицуулагдсан учраас хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог. Жишээ нь, disabled child, child disabilty гэсэн үгс байна аа даа. Child гэдэг үгийг нь эхлээд хэлэх ёстой гэдэг. Disabled гэсэн үгийг хэрвээ эхэнд нь тавьсан бол хүүхдийн эмгэг согогийг нэгдүгээрт тавиад байна аа гэдэг үүднээс гомдол зарга үүсэх тохиолдол ч бий. Хууль нь их нарийн хөгжчихсөн улс оронд бол нэр томъёог буруу хэрэглэлээ, оюун ухааны хомсдолтой гэж хэллээ, оюуны бэрхшээлтэй гэсэн нэр томъёог ашиглаагүй гэх зэргээр асуудал үүсдэг. Ер нь барууны улсуудад тусгай хэрэгцээт боловсролын асуудлаар маш их хэрэг гардаг. Нэг талаар оношлогоо хийнэ гэдэг нь ялгаварлаад байгаа юм шиг хэрнээ тэгж байж тэр хүүхдэд тохирсон үйлчилгээ явуулж, боловсролд тэгш хамруулан, эрхийг нь хамгаална гэсэн санаа. Хуулийн зохицуулалт их чухал байдаг. IDEA, мөн 504 дүгээр хууль гэж бий. Энэ хоёр хууль нь тусгай хэрэгцээнд тохирсон сургалт явуулах тухай хууль. 504 дүгээр хуульд ямар нэг байдлаар ялгаварлан гадуурхахгүй гэсэн концепц агуулагддаг.

Тэгш хамруулан сургах боловсролын хөтөлбөр гэж бодлогоо тодорхойлсон гол хөтөлбөрийг Боловсролын яамнаас гаргана л гэдэг, хараахан гараагүй л байна. Хамгийн нэгдүгээрт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тус бүр хэн бэ гэдгийг нь олон улсын стандарчилсан шалгуураар зөв тогтоох хэрэгтэй байна. Түүндээ суурилаад, боловсролын ямар үйлчилгээ үзүүлэх вэ, боловсролын үйлчилгээ нь нийгмийн халамж, эрүүл мэндийн бусад үйлчилгээтэй уялдаатай гарч ирнэ. Тэргэнцэртэй хүүхэд халамжаасаа тэргэнцэр, памперс зэргийг аваад явна, тэдэнд тусгай хэрэгцээт боловсрол шаардлагагүй байж болно. Тэгвэл сэтгэцийн, зан төлөвийн өөрчлөлттэй хүүхдэд тусгай хэрэгцээт боловсролын үйлчилгээ маш чухал.

Төрөөс гаргасан бодлого, баримт бичиг, хөтөлбөрт аутизм, даун аль аль нь одоогоор нэр зааж дурдагдаагүй л явж байна.

Чухал сэдвээр илэн далангүй ярилцсанд баярлалаа.