Ойн захын байшинд

2012

Өвөл ил гал түлээд, чад падхийх чимээн дунд бодолхийлэн сууна. Галын үнэр газар дэлхийд намайг ойртуулаг. Түмэн үйл явдал толгойд эргэлдээд, би зөвхөн ойн захын байшинд өөрийгөө мартаж чадна.

Дафна дю Морегийн адал явдалт өгүүллийн ертөнцөд хэзээнээс автсан юм бол. Дафна дю Море… Түүнийг унших аймаар, хурц, ялдам… Яаж ингэж зохицолдож болдгийг бүү мэд. Санаандгүй өрнөл, хачирхам төгсгөл, тэгсэн хэрнээ төгс чамин өгүүлэмжүүд нь дэврүүн хөг ба аймшгийг нэгэн зэрэг төрүүлдэг. Ургуулан бодох хообийтойгоо хамт ойн захын байшинд мартагдах юмсан. Цэнхэр тэнгисийн тухай сайхан зохиолоо өвлийн шөнө, тэгэхдээ бүр тэсгим хүйтэн тэр үдэш л бичмээр. Гацуурын үнэр ханхийж, хундага дарс харших мөчийг халуун зунаар аанай л нөгөө бяцхан байшиндаа, цонхоор сэм шургаж хацар шүргэх салхины үнэр дунд тэрлэх юмсаан.

Ойн захын бяцхан байшин миний мөрөөдөл. Яаран үсчих завгүй хэмнэлээсээ зугтаан нуугдах орон зай. Түүнийгээ би босгоно оо. Өөрийнхөө дурласан загвараар, ил галынхаа тухай бодон байж, алсыг харах зуурт цонхон дор минь цэцэг саваагүй хийсэх яг тэр орчныг босгоно. Давирхай үнэртээд, зөгий залхуутай дүнгэнэхэд нь хөл нүцгэн шал палгээд, толинд өөрийгөө харах ч үгүй, утас салгаатай, зурагтыг мэдэхгүй, ойн захын жижигхэн байшиндаа сэгсийчээд сууж байвал сайхан аа…