Тухай

THE MONGOLIAN MINING JOURNAL, ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ЕРӨНХИЙ ЭРХЛЭГЧ

Лунтангийн Болормаа нь шинэ цагийн сэтгүүлзүйн салбарын шилдэг төлөөлөгч байлаа. Тэрээр нийгэм, улс төр, эдийн засаг, бизнес, уул уурхайн сэдвээр дагнан бичиж ирсэн бөгөөд “Монголын 2003 оны сонины салбарын шилдэг сэтгүүлч”, “Монголын 2015 оны сэтгүүлийн шилдэг сэтгүүлч”, “Transparency International Award 2015”, “Үнэний төлөө” 2015 оны хэвлэлийн эрх чөлөөний шагналтай.

Л.Болормаа нь МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг төгссөн, Германы Олон улсын сэтгүүл зүйн (IIJ) хүрээлэн, АНУ-ын Олон улсын сэтгүүлчдийн институтэд эдийн засаг, бизнесийн сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлж, Washington Post болон Grand Forks Herald сонины редакциудад туршлага судалжээ.

1998 онд “Өнөөдөр” сониноос ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 2001-2008 онд “Өнөөдөр” сонины Орлогч эрхлэгч, Нэгдүгээр орлогч эрхлэгчийн албыг хашихдаа өдөр тутмын сонины сонгодог загварыг Монголд төлөвшүүлэх, барууны сэтгүүл зүйн бичлэгийн хэв маягийг Монголын сэтгүүл зүйд анх нутагшуулахад жинтэй хувь нэмэр оруулсан юм.

Л.Болормаа нь эдийн засаг, уул уурхайн сэдвээр англи ба монгол хос хэл дээр хэвлэгддэг The Mongolian Mining Journal сэтгүүлийг 2008 онд үүсгэн байгуулсан юм. Тус сэтгүүл нь мэдээллийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан, аливаа байгууллага, хувь хүнээс хараат бус, бие даасан мэргэжлийн редакц болжээ. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс түүний үүсгэн байгуулж, эрхэлж байсан энэ сэтгүүлийг 2008, 2012, 2013 оны “Үндэсний шилдэг сэтгүүл”-ээр шалгаруулж байв.

Мөн эдийн засаг, уул уурхайн мэдээллийн хөтөлбөр бэлтгэдэг “Хөгжил” телевизийн студийг 2011 онд байгуулсан. Eagle, С1, 25 дугаар суваг телевизүүдээр “Хөгжил” хөтөлбөр тогтмол цацагдаж, олны танил нэвтрүүлэг болжээ.
Тэрээр сэтгүүлчдийг давтан сургах, эдийн засаг, уул уурхайн сэдвээр мэргэшин бичихэд нь дэмжлэг үзүүлдэг “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллагыг 2010 онд санаачлан байгуулсан юм. Түүнчлэн эдийн засаг, уул уурхайн мэдээллийн зөвлөгөө өгөх, мониторинг хийх ажлыг “Завгүй” компаниараа дамжуулан эрхэлдэг байв.

Л.Болормаа нь 2007 онд шинэ сэтгүүл зүйн эхний өдрүүдэд тохиолдож байсан сорилт, туршлагынхаа талаар өгүүлсэн “Даашинзтай сурвалжлагууд”, 2013 онд шинэ сэтгүүлзүйн хэвлэлийн менежментийн талаар өгүүлсэн “Завгүй” номоо хэвлүүлсэн юм. Эдгээр ном сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнууд, залуу сэтгүүлчдэд мэргэжлийн ур чадварын томоохон гарын авлага болдог. Түүний дуусгаж амжаагүй “Чимээгүй лугших бүтээлч судас” хэмээх Монгол улсын ардчилсан нийгэмд шилжсэнээс хойшхи шилжилтийн үеийн тухай өгүүлсэн ном нь 2015 онд бүрэн эхээрээ хэвлэгдсэн.