ЛХАГВА ГАРИГ БҮРИЙН 16.00 ЦАГТ…

2014.6.17.

download 22

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ зургадугаар сард багтаан УИХ-д өргөн барина. Одоогоор Засгийн газрын саналыг авч байгаа бөгөөд иргэн Танд ч саналаа хэлэх эрх нээлттэй бий. Иргэн Таны үнэн бодит мэдээлэл авах эрхийг уг хуулиар баталгаажуулна.

Хэвлэлийн эрх чөлөөний хууль нь зөвхөн сэтгүүлчдэд хамаатай эрх зүйн зохицуулалт биш. Ардчиллын үнэт зүйл болох бодит үнэнийг мэдэх эрх буюу хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулна. Хэрхэн баталгаажуулах вэ?

Хэвлэлийн редакци хараат бус ажиллах нөхцөлийг хуульчлах гэж байна:

–  Улстөрчдөөс хараат бус ажиллах нөхцөлийг баталгаажуулна

–  Редакци Хөрөнгө оруулагчаасаа мэргэжлийн хувьд хараат бус ажиллах нөхцөлийг хангана

–  Реклам захиалагч, спонсоруудаасаа Редакци санхүүгийн хараат байдалд орохоос хамгаалах эрх зүйн зохицуулалтыг тусгаж өгчээ.

Мэргэжлийн сэтгүүлзүйг эрхэмлэж, уг хэм хэмжээг уландаа гишгэсэн шаардлагыг Редакци хүлээн авахгүй байх нөхцөлийг хуулийн хүрээнд баталгаажуулна гэсэн санаа юм, энгийнээр илэрхийлбэл.

Хэвлэлийн салбарынханд дээрх мэргэжлийн эрх чөлөөг олгохын зэрэгцээ дараах хариуцлагыг мөн тулгана.

-Мэргэжлийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөхийг шаардана

-Ёс зүйн дүрмээ сахиж буй эсэхийг нягтлах өөрийн зохицуулалтын

байгууллагатай байхыг шаардана. Хэвлэлийн зөвлөл байгуул гэсэн үг.

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл таван бүлэгтэй. 2013 онд УИХ-ын Намрын чуулганаар хэлэлцүүлсэн анхны төсөлтэй харьцуулахад амьдралд арай ойр, хэрэгжих бололцоотой. Багагүй хугацаанд маргаж, олон талын санал авсны эцэст ийнхүү дүн нуруутай төсөл бэлэн болсон байна. Эрхэм Та Парламентын цахим хуудаснаас төслийг татаж уншаарай. Хэвлэлийн эрх чөлөө нь Таны эрх чөлөө, Монголын ардчиллын гол баталгаа юм.

Ялангуяа Монгол орныг тойрсон ашиг сонирхол, их хөршүүдийн шахалт улам бүр мэдрэгдэх болсон өнөөдрийн нөхцөлд хараат бус хэвлэлийн үүрэг хамгаас чухал болсоор байна. Монголчуудыг Хятадын тал баримтлагч, Оросын үзэл сурталч хэмээн хоёр талд илт хуваан талцуулах болсныг жирийн уншигч, үзэгчид сүүлийн үед илэрхий мэдэрч байгаа. Байгаль орчныг хамгаалагч ба сүйтгэгч гэж ялган ангилах ухуулга газар авлаа. Олигарх ба шударга хүн хэмээх хоёр талд нийт монголчуудыг зориуд хувааж эхэлсэн. Шар нунтаг экспортлох, усан цахилгаан станц байгуулах, газрын тос, төмөр зам, үйлдвэржилтийн асуудлаар үе үе мэдээллийн дайн зориуд дэгдээж байна. Асуудлыг ажил хэрэгч хэлэлцүүлгээр бус, харин хагалан бутаргах арга барилаар дэгдээж буйг Та анзаардаг уу? Монголчуудыг талцуулах санаархал хэнд хамгийн их байж болох вэ? Хэн ийм санаархлын гар хөлийн үзүүрт зарагдаж яваа билээ? Саяхан болтол сэтгүүлчид санамсаргүй алдаанаасаа болж шүүхэд дуудагдах, мөнгөн торгуульд унах, хоригдох цөөн тохиолдол гарч байсан. Харин өнөөгийн гадаад орчин, явуулга дунд үнэнийг хэлсэн сэтгүүлч заналхийлэл, дарамт шахалтад орох илэрхий аюултай нөхцөл бий болсоор байна.

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль ийм утгаараа онцгой цаг үед мэндэлж буй юм.

Үзэг барьсан болгон сэлэм эргүүлээд явдаггүй юм гэдгийг уг хуульд тусгасан хариуцлагын заалтууд сануулж байна. Монголын сэтгүүлчид ёс зүйн дүрэмдээ захирагдан ажиллана. Ёс зүйн хэм хэмжээг давж гишгэсэн эсэхийг нягтлах өөрийн зохицуулалтын байгууллагатай байна хэмээн тусгажээ. Хуулийн төсөлд тусгах амархан. Харин түүнийг ажил болгох урт аян, амаргүй даваа өмнө ирээд байна. Магадгүй сэтгүүлчдийн өөрийн зохицуулалтын байгууллага бий болгох үйл явц дахиад хэдэн жилээр хэл ам ихтэй үргэлжлэх байх. Ямар ч байсан сэтгүүлч, эрхлэгч нар том, жижиг алдааныхаа төлөө шүүхийн хаалга шууд татаж явахаасаа наана Хэвлэлийн зөвлөлөөр ёс зүйн асуудал хэлэлцүүлж, уучлалт хүсэх, залруулга гаргах зэрэг нөхцөлтэй болох нь чухал юм.

Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийг сэтгүүлчид маань хэр сонирхож байгаа вэ? Ялангуяа санамсаргүй алдаанаасаа болж шүүхэд дуудагдах эрсдэлийг багасгах өөрийн зохицуулалтын байгууллага-Хэвлэлийн зөвлөлийн талаар хэр ойлголттой яваа бол? Хэвлэлийн зөвлөл бол цензурын байгууллага биш, харин жирийн сэтгүүлчдэд хальтрах үед нь түшиг гэдгийг ойлгож байгаа болов уу? Media Council маягийн байгууллага дэлхийн түгээмэл хандлага. Хүлээн зөвшөөрөгдөж, төлөвших хүртлээ урт, бартаат замыг туулсан түүхүүд бий. Ямар алдаа гарч, ямар тохиолдолд Медиа консул амжилтгүй болсон талаар юуны түрүүнд сэтгүүлч, эрхлэгч нар сонсож мэдэх ёстой. Тайлбарлах, ойлгуулах танин мэдэхүйн их ажил хэрэгтэй гэсэн үг. Ийм нүсэр ажлыг өмнө нь хэн нэг нь зориглож барьж авсан түүх үгүй. Харин 2014 оны эхнээс Хэвлэлийн хүрээлэн дээр сайн дурын бүлэг байгуулагджээ. Хэвлэлийн зөвлөлийн санаачлагчдын клуб хэмээн нэрлэсэн юм байна. Гишүүнчлэл нээлттэй. Аль болох олон сэтгүүлч, эрхлэгч, Редакцийг хамарч гэмээнэ ойлголцолд хүрэхэд амар болно гэсэн үйл ажиллагааны зарчимтай.

Уг клубээс зохион байгуулсан сүүлийн хэдэн уулзалтад оролцож, Хэвлэлийн зөвлөл байгуулах бэлтгэл ажилд сүрхий дэм оролцоо үгүй ч, түшиг болох юмсан гэж хичээж ирлээ. Гол нь залуу сэтгүүлчид, шинэ үеийнхэн Монголын Хэвлэлийн зөвлөл байгуулах ажилд тун санаачлагатай оролцож байгаад олзуурхав. Шинэ үеийнхэн биднээс өндөр боловсролтой, холыг харах чадвартай байгаа нь давуу тал юм. Бас хувийн амбицад автаагүй. Монголын сэтгүүлзүйг цэвэрлэж ариутгах гол хүч тэдгээр залуусын нуруун дээр байгаа. Түшиг болж дэмжих нь сэтгүүлзүйн дунд болоод ахмад үеийнхний үүрэг биз ээ. Ялангуяа өөрийгөө том хэмээн тодорхойлдог сэтгүүлчид маань сайн дурын ийм санаачлагыг ойрхноос харж, хар бор ажилд нь ханцуй шамлахад ер илүүдэхгүй санагдана. Том сэтгүүлч том хашгирах бус, том манлайлдаг шүү дээ.

Монголын сэтгүүлзүй шинэчлэлийнхээ чухал үед ирээд байгааг дахин тэмдэглэе. Энэ оны арванхоёрдугаар сард Монголын сэтгүүлчдийн ээлжит XVIИх хурал болно. Болж өгвөл уг хурлаар сэтгүүлчдийн Ёс зүйн дүрмийн төслийг хэлэлцүүлээд авбал дараа нь Хэвлэлийн зөвлөл байгуулах ажилд суурь нь болох юм. Сэтгүүлзүйн салбарын өөрийнх нь санаачлагаар Хэвлэлийн зөвлөл байгуулаагүй тохиолдолд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд тусгаснаар Хэвлэлийн зөвлөлийг “албан журмаар” байгуулах шаардлагатай болно. Ингэхдээ Хэвлэлийн зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, санхүүжилтийн механизмд төр оролцоод эхэлж болзошгүй юм. Өөрийгөө зохицуулах учиртай байгууллагад төр оролцоод эхэлбэл өнөөгийн Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн адил улс төрийн тоглоомын байгууллага болж хувирна гэсэн үг. Чухам ийм шалтгааны улмаас Медиа консулыг сэтгүүлчдийн санаачлагаар байгуулах үйл явц Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн хэлэлцүүлэгтэй зэрэгцээ эхлэх нь чухал байгаа билээ.

Өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэд байгуулагдсан Санаачлагчдын клубыг хардах, үл ойшоох хандлага хэвлэлийн салбарын дарга нарын түвшинд байгаа. Клубын гишүүд нь та бүхний нэг адил цаг наргүй ажлынхаа хажуугаар сайн дураар уулзаж, хэр хэмжээгээрээ судалгаа хийж, гадаадын туршлага кэйсүүдийг ярилцдаг. Ёс зүйн өмнөх дүрмийг хэрхэн шинэчлэн сайжруулах талаар идэвхтэй ажилладаг. 2014 оны нэгдүгээр сараас эхлэн хагас жилийн хугацаанд долоо хоног тутам уулзаж, тодорхой хэмжээний ажил хийж үр дүнд хүрсэн аж. Долоо хоног тутмын Лхагва гаригт болдог тус Клубын уулзалтад сэтгүүлч та, эрхлэгч та ч бас оролцоод үзээрэй. Тэнд цугласан хүмүүсийг “Хэвлэлийн зөвлөлийг хэдэн хүн дураараа байгуулчихлаа” хэмээн хардахаасаа өмнө медиа консулыг нүд ирмэх төдийд босгочихдог ажил биш, ойлголцолд хүртлээ том даваа, урт зам бийг олж харна гэдэгт тань итгэж байна.

Хэвлэлийн зөвлөл ба Ёс зүйн шинэ дүрэм боловсруулах бэлтгэл үе шаттай зэрэгцээд Монголын сэтгүүлчдийн XVI Их хурлын төлөөлөгчдийг жигд оролцоотой зохион байгуулах, үр өгөөжтэй болгохын тулд хэвлэл мэдээллийн салбарынхан нийтээрээ одооноос хөдлөөсэй. Өмнөх жилүүдийнх шиг хэдэн хүн албан тушаалын хор найруулдаг хурал биш, залуу сэтгүүлчдийг түлхүү оролцуулсан шинэчлэлийн ажил болгох юмсан.

Шинэ ажлуудын давлагаан дунд Хэвлэлийн эзэд холбоогоо тусад нь байгуулан зарлаж, Сэтгүүлчдийн байгууллага нь шинэ бүтцээ бүрдүүлээд авбал сэтгүүлзүйн салбар дэлхийн жишигт ойртоход түлхэц болно.

Бүх талын тохироо бүрдсэн үед Хэвлэлийн зөвлөл үр дүнтэй байгуулагддаг гэж Германы Хэвлэлийн консулын гишүүнээр хорь гаруй жил ажилласан Манфред Протце ярьсан юм. Сэтгүүлчдийн үйл ажиллагаатай холбоотой 12.000 кейс дээр ажилласан энэ туршлагатай эрхмийг Хэвлэлийн хүрээлэнгийнхэн сүүлийн уулзалт дээрээ урьсан байлаа. Ноён Манфредийн хэлсэн “Тохироо бүрдэх үе” Монголын сэтгүүлзүйд ирээд байна:

-Эзэд ба сэтгүүлчдийн харилцаанд “шударга байдал”-ыг шаардах хандлага нэмэгдсэн

-Хэвлэл мэдээллийн салбар ёс зүйгүй, шантаажны арга барилд орсныг нийгмээрээ хүчтэй шүүмжилж байгаа

Ийм нөхцөлд Сэтгүүлчдийн ба Эздийн байгууллагыг зааглах, бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн Ёс зүйн дүрэмтэй болох, Өөрийн зохицуулалтын байгууллагаараа ёс зүйн гомдол шийдэх эрх зүйн баталгаатай болох, эх сурвалжаа нууцлах эрх зүйн зохицуулалт батлуулах, гэрчээр дуудагдахгүй байх эрх зүйн хамгаалалттай болох зэрэг өөрчлөлтийг хийх боломж нээгдэж байна.

Та ийм өөрчлөлтөд оролцохгүй юм бол Төр таныг дөрлөөд хөтлөөд явчих нь лав.

Хэвлэлийн эрх чөлөө бол хэдхэн хүний амбийц биш, нийтийн эрх ашиг, ардчиллын суурь юм.