“Б” ТӨЛӨВЛӨГӨӨ…

2014.7.2.

Долдугаар сарын 1-нд Mastercard, Visa Inc. Оросоос гарахаа мэдэгдсэн юм. ОХУ-ын хүн амын 80-90 хувь нь Visa, Mastercard ашигладаг. 175 сая ширхэг ийм карт Оросын зах зээлд бий. Одоо эдгээрийн нэлээд хэсгийг ашиглах боломжгүй болсон. Үлдэх картууд ч хэрхэхийг хараахан шийдээгүй байна.

Оросын эсрэг Америкийн эдийн засгийн хориг арга хэмжээний эхний цохилтод Visa, Mastercard эзэмшигчид өртсөн юм. Энэ оны гуравдугаар сарын 21-ний баасан гаригт ОХУ-ын Засаг захиргааны төлөөлөгч болон удирдагчидтай ойрын хүрээний бизнесийн цөөн хүн, нийт 20 эрхмийг АНУ ба Европын холбоо “хар дансанд” оруулсан билээ. Тэд АНУ, Европын хил давах эрхгүй болсон. Ю. Ковальчукийн Россия банк, ах дүү Аркадий, Борис Роттенберг нарын СМП банкинд бүртгэлтэй Visa, Mastercard-уудыг ч сануулгагүйгээр шууд хаасан.

download 23

Оросын компаниуд, ялангуяа иргэд төлбөр тооцооны нэн тохиромжгүй орчинд хагас жил амьдарч байна. Тэд зөвхөн “эх оронч” сэтгэлээрээ энэ бүх таагүй нөхцөлийн талаар таг дуугүй явахыг хичээж буй юм. Мэдээж удирдагч В. Путин ямар нэг хариу арга хэмжээ авна хэмээн Оросын иргэд итгэж байгаа. Нөхөр Путин зургадугаар сарын 30-нд Оросын Төв банкны тэргүүн Эльвира Набиуллинаг хүлээн авч уулзсаныг гадаадын мэдээллийн агентлагууд нэг их анхаараагүй байх. Харин Оросын иргэдийн хувьд энэ нь тун чухал уулзалт байлаа. Тэд “Б” төлөвлөгөөнийхөө талаар ярилцсан юм.

Visa, Mastercard-уудыг Оросоос хөөгөөд явуулна гэж В. Путин эхэндээ зоригтой үзсэн. Зөвхөн ОХУ-ын нутаг дэвсгэрт үйлчлэх нэг системээр, төлбөрийн ганц карттай болох бэлтгэл ажил ид хийгдэж байна. Уг ажлыг Төв банк, хатагтай Набиуллина хар толгойгоороо хариуцаж байгаа юм. “Жил хагасын дараа төлбөрийн нэгдсэн систем, үндэсний карттай болно” хэмээн өчигдөр Э. Набиуллина нөхөр Ерөнхийлөгчид амлав.

Тэгвэл жил хагасын хугацаанд Оросын иргэд ямар төлбөрийн хэрэгсэл ашиглах болж байна аа? Ийм асуулт тулгарсан учир В. Путин Visa, Mastercard-уудыг бүрмөсөн хөөж явуулахаа түр түдгэлзээд байна. Хөөх гэдэг нь хуулийн шахалтад оруулна гэсэн санаагаар хэлж байгаа юм. ИнгэхдээVisa, Mastercard-уудыг Төв банкинд хураамж төлөх нөхцөл тавьсан. Хэрвээ Оросын зах зээлд ажиллахыг хүсч буй бол хоёр өдрийн нийт орлоготойгоо тэнцэх хэмжээний буюу 2.9 тэрбум ам. долларын хураамжийг урьдчилан байршуул хэмээн тавдугаар сард шаардсан юм. Эсвэл Visa, Mastercard-ийн гүйлгээний мэдээллийн Төвийг ОХУ-ын нутаг дэвсгэрт өөрсдийн зардлаар байгуул гэсэн хоёр дахь хувилбарыг зааж өгсөн. Мэдээж Америкийн санхүүгийн үйлчилгээний эдгээр аваргууд гүйлгээний мэдээллийн төвөө ОХУ-д байгуулахыг хүсээгүй. Дэлхий даяар хийж буй Visa, Mastercard-ийн гүйлгээний бүх мэдээлэл Америкаар дамжин боловсруулагдаж, тэнд бүх гүйлгээ хянагдаж байхыг тэд эрмэлзэж таарна. Visa Mastercard-ууд түүнчлэн В. Путины тулгасан хураамжийг хэт өндөр шаардлага хэмээгээд ОХУ-ын зах зээлээс долдугаар сарын 1-ээр тасалбар болгон бүрмөсөн гарлаа хэмээн хариу айлгав.

Нэгдсэн төлбөрийн систем хараахан үгүй Оросын хувьд энэ нь хүнд цохилт болох тул Путин буулт хийж хураамжийн хэмжээг Засгийн газар дахин авч үзэж, кабинетийнхээ хүрээнд Төв банктай хамтран шийдвэрлэхээр болоод байна. Ийм нөхцөлд Төлбөрийн нэгдсэн систем буюу ОХУ-ын нутаг дэвсгэрт хийгдэж буй бүх төлбөр тооцооны мэдээллийг боловсруулан, хянах Төвийг яаралтай байгуулж авах ёстой.

Оросын жирийн иргэд, бизнесийн хүрээнийхэн юуны өмнө Visa, Mastercard-ны хэрэглээнд дассан. Зөвхөн Оросын нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрөгдсөн карт иргэдийн, ялангуяа бизнесийнхний хувьд тохиромжгүй, хязгаарлагдмал хэрэгсэл юм. Гадаадад зорчихдоо тухайн улсад түр данс нээлгэх, үгүй бол бэлэн мөнгө цүнхэндээ чихэж очоод дэлгүүр хэсэх болох нь ээ. Оросын дундаж иргэдийн орлого нэмэгдэж, аялал жуулчлалын гадагшаа урсгал өсч буй үед төлбөр тооцооны тохь тухгүй орчинтой болж байна гэсэн үг.

Visa картыг монголчууд өргөнөөр ашигладаг. Худалдаа хөгжлийн банк 2000 оноос анхны бэлэн мөнгөний АТМ-уудыг Улаанбаатарт суурилуулах ажил хийсэн бөгөөд хэрэглэгч Таны Visa картаараа хийсэн төлбөр тооцоо болгон Америк дахь Мэдээлэл боловсруулах төвд очиж, тэнд хянагддаг гэсэн үг. Том орнуудын хувьд нутаг дэвсгэртээ хийгдэж буй гүйлгээг хянах үүднээс өөрийн нэгдсэн систем ба нэг карттай байхыг, бүх төрлийн чипийг дотооддоо үйлдвэрлэхийг хүсч таарна. Хятадын UnionPay яг ийм зорилгоор 2002 онд анх байгуулагдсан юм. Хэрэглэгч олонтой том зах зээлийг хэлэх үү, ямар ч байсан China UnionPay (CUР) нь богино хугацаанд дэлхийн томоохон төлбөрийн хэрэгслэлүүдийн нэгд тооцогдож чаджээ. Япон улс бүр 1961 ондJCP төлбөрийн системээ анх нэвтрүүлсэн. Харьцангуй жижиг зах зээлд түүнийг ашигладаг. Одоо JCP –г Оросын нутаг дэвсгэрт нэвтрүүлэх яриа хэлэлцээр ид хийгдэж байгаа.

Оросын шинэ төлбөрийн системийн хувьд Хятадын UnionPay, Японы JCP–тэй харьцуулахад “сонирхолгүй “жижиг карт байх нь ойлгомжтой биз. Хамгийн гол үр дүн нь Америк, Европын улс төрийн шахалтаар хэрэглэгчдээ хохироодогVisa, Mastercard-наас хамааралгүй амьдрахыг оросууд чухалчилжээ.

Энэ бүх өөрчлөлт ганц зүйлийг өгүүлнэ. Америкаас хамааралгүй амьдрах гэсэн эрмэлзэл. Одоо Бриксийн бүлгийн орнууд- Энэтхэг, Бразил, мөн барууны орнуудын санкцад өртөх зовлонг хангалттай үзсэн Ираны хувьд ам. долларын наймаа хийхгүй байхыг эрмэлзэх болжээ.

Америкгүйгээр амьдрах гэсэн оросуудын хүсэл дээр их гүрний амбийц нэмэгдээд юм юм л болж байна. Дотоодын нэгдсэн карттай болохыг мөрөөдөхийн сацуу рублийг төлбөр тооцооны олон улсын хэрэгсэл болгохсон гэж В. Путин хүсдэг. Түүний “Б” төлөвлөгөөний бас нэг хэсэг нь. Гэхдээ ийм мөрөөдлөө юаны дэргэд хамаагүй чанга ярьдаггүй. Хятадын юаны хувьд худалдааны эргэлтээ дагаад эрэлттэй валютын түвшинд нэгэнт хүрчихээд байна. Ам. доллар, еврогийн араас хурдтай чангарч буй валют болж юань чаджээ.

ОХУ-ын Газпром ба БНХАУ-ын CNРС компаниуд тавдугаар сард 400 тэрбум ам. долларын Гэрээ үзэглэснийг “зууны гэрээ” хэмээн хөршүүд маань магтан бичдэг. Гэхдээ зууны гэрээний дүн америк доллараар илэрхийлэгдэж байгаад томчууд дургүй байгаа аж. Орос-Хятадын байгалийн хийн наймаа доллараар бус, юаниар хийгдэнэ. Хятадад таатай боломж гарч байгаа биз? Ерөөс рубль одоогоор бүс нутгийн түвшний төлбөрийн хэрэгсэл болох цаг хол байгаа бөгөөд Америкийн “ногоонд” өгөх гэсэн Путины цохилт эцсийн дүндээ улаан юаныг бүр онгироож, олон улсын түвшний ноёнтон болгочихоод байна. Америкийг дарах гэсэн биш, өөрөө Хятадын хэт хараанд орж байгаагаа ноён Путин юу гэж боддог бол?

Петербургийн эдийн засгийн чуулган дээр тавдугаар сард яригдсан нэг сонирхолтой асуудал нь “Газпром нефть” компанийн тэргүүн А. Дюков хий, нефтийн төлбөрийг рублиэр хийх тухай саналаа ил тод ярьсан юм. Нефть бүтээгдэхүүний худалдааг рублиэр хийх яриа хөөрөө юуны түрүүнд Монголд хамаатай асуудал болж ирж байна. ОХУ-ын Засгийн газрын Тэргүүний орлогч И. Шувалов экспортын бүтээгдэхүүний шинээр байгуулагдах гэрээнүүд дээр рублийн тариф мөрдөх, аажмаар хуучин гэрээнүүдэд ч мөн рублийн системийг нэвтрүүлэх тухай дөрөвдүгээр ам нээсэн билээ. Харин тавдугаар сард уг саналыг нь ОХУ-ын Сангийн яам дэмжив. Оросууд тоглоогүй байх нь ээ…

Төдөлгүй Оросын хэвлэлүүд дээр “…А прочие мелкие страны потом тоже подтянутся, ибо деться им будет некуда” гэсэн тоомжиргүй үгс ч үзэгдэх болов.

Ингэхэд яагаад болохгүй гэж. Монгол улс сар тутам нефть бүтээгдэхүүний импортын төлбөрт 100 сая ам. доллар төлдөг. Монголбанкын валютын нөөцөөс сар бүр 100 саяыг иддэг шатахууны төлбөрийг рублиэр хийчихвэл дажгүй наймаа болж хувирна. Харин рублийн нөөц Монголд алга. Учир нь ОХУ-тай манай улс хангалттай хэмжээнд худалдаа хийж, нөөц бүрдүүлж чаддаггүй. Монголтой хийх худалдааны таатай орчныг ОХУ манай талд хэзээ ч нээж өгч байгаагүй юм. Энүүхэн Монголоос татчих малын махыг Аргентинаас экспортолдог байсан нь саяхан. Тиймээс ОХУ-ын төр, засгийн томчууд байн байн Улаанбаатарт бууж мордох болсон энэ цаг үед худалдааны таатай нөхцөлийн талаарх саналаа шаргуу тавих нь чухал билээ. Мартсанаас гуравдугаар сарын 21-ний санкцаар Америк, Европт зорчих эрхээ хасуулж хар дансанд орсон 20 хүний нэг нь РЖД-ын Ерөнхийлөгч В. Якунин байсан ба мөдхөн тэрбээр Монголд морилон саатах нь лавтай. Баруун тийш аялах газар нутаг хаагдсан түүний хувьд Азийн маршаа амжилттай хийх даалгавар аваад дахин Монголд ирэх нь дамжиггүй.

Монгол орны эргэн тойронд улс төр, худалдааны шинэ орчин үүсч өдөр хоногоор тэр нь бэхжсээр байгааг төвөггүй харж болно.

Манай Төв банк Хятадын Ардын банктай юаны своп хэлэлцээрээ сунгасан байдаг. Улмаар арилжааны банкуудтайгаа юаны своп Гэрээ байгуулсан. БНХАУ-ын Ардын банк юаны арилжааг ялангуяа хөрш зэргэлдээ орнуудтайгаа идэвхжүүлэх бодлого барьдаг. Тухайлбал, Орос, Казахстан, Киргиз, Беларус, Вьетнам, Монгол, Непал, БНАСАУ-тай юаны худалдаанд аажмаар шилжих бодлогыг 2009 оноос хэрэгжүүлж байна. Хятад нь бүс нутгийн хэмжээнээс хэдийнэ хальж дэлхийн худалдааны тэргүүлэгч гүрэн болсны хувьд юаны арилжааг тэлэхийг эрмэлздэг. Одоо Хятадын 20 мужид бүртгэлтэй компаниуд гадаадын харилцагчидтайгаа төлбөр тооцоог юаниар чөлөөтэй хийж байна. Ялангуяа импортын бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниуддаа Хятадын Ардын банк юаны боломжийг 100 хувь олгожээ. Харин экспортод бүтээгдэхүүн гаргадаг компаниуд нь тухайн орон нутгийн Засаг захиргаанаас зохих зөвшөөрөл авсны дагуу гадагшаа юаниар худалдаа хийх эрхтэй болдог аж. Аж ахуйн нэгжүүдийн юаны гүйлгээний хэмжээнд ямар нэг хязгаарлалт үгүй. Харин Хятадын иргэдийн хувьд жилд ам. доллар шилжүүлж авах квотыг тавьсан байдаг. Жилдээ нэг хүн 50 сая ам. доллараас дээш хэмжээний валют шилжүүлгээр авахыг хориглодог.

Хятадын юань зах зээлээ ийнхүү түрж, дэлхийн хэмжээний төлбөрийн хэрэгсэл болохыг чармайж байна. Хойноос Оросын рубль мөн л чимээ өгч ийм тийм тооцоогоо рублиэр хийгээрэй хэмээн час часхийх болжээ. Оросууд рублиэ санал болгосоор байх боловч юань, еврогийн худалдаа илүү магадлалтай байх биз ээ. Эцсийн дүндээ Оросын амбийц Хятадын эдийн засгийг илүү хүчирхэгжүүлэхэд л нэмж түлхэц өгөх болов уу.

“Байгалийн хий, нефть, металын экспортод рублийг төлбөрийн хэрэгсэл болговол ямар вэ” гэсэн асуултыг тавдугаар сард Оросын бизнесийнхэн, нефть хийн компаниуд, банкируудад Засгийн газар нь тавьжээ. Банкирууд толгой дохиж. Нефть, хийн магнатууд ч тэгэлгүй яахав хэмээн хариулж. Харин бизнесийн бусад салбарынхан юу гэж хариулсныг Оросын хэвлэлүүд дурдсангүй. Үнэндээ Орос оронд өдгөө бизнесийн ажил хэрэгч хэвийн хэмнэл үгүй болж байна. Тэнд улстөрчид, халуун эх орончид, нефть, хий, металын магнатууд ярьдаг үе ирсэн.

Оросын эдийн засгийн өсөлт 2014-2018 онд 1.7 хувьд буурна хэмээн Moody’sзургадугаар сарын 28-ны мэдээндээ зарласан юм. Америк, Европын банкууд ОХУ-д санхүүжилт хийх сонирхолгүй болсон үед үнэндээ бизнесийн ажил хэрэгч хэмнэл саарахаас ч аргагүй. Европын иргэн гэж өөрсдийгөө нэрлэх дуртай Оросын ард түмэнд элитийн мэдрэмж өндөр байдаг. Яг өнөөдөртөө бол эх оронч сэтгэл, дайн байлдааны халуун цус оргилсон янзаараа хагас жилийг үдлээ. Гэхдээ тэд дэлхийн ажил хэрэгч хэмнэлээс холдсоор байгаагаа, нефть- хий- улс төрийн захиргаадалт дунд амьдарч эхэлснээ нэг л өдөр мэдрэх болов уу. Хамгийн гол нь Хятадаас улам бүр хамаарч эхэлснээ ойлгох болов уу. Хятадын хамаарал гэснээс Путины “Б” төлөвлөгөө нь Made in China бүтээгдэхүүнийг 100 хувь дэмжинэ. Төлбөрийн нэгдсэн системтэй болохын тулд оросууд Япон, Хятадын технологиос сонголт хийж, өмнөд хөршийн UnionPay загварыг илүүд үзээд байна. ОХУ-ын Тооцооны мэдээллийн болон Клирингийн шинэ төвүүдийг Хятадын системээр байгуулна. Програм хангамж, компьютер тоног төхөөрөмж бүгдийг Хятадаас нийлүүлэх нь. Монголд маань Оросыг бодвол програм хангамж, компьютер үйлдвэрлэх потенциал хамаагүй дээр байгааг дашрамд дурдъя. Төлбөрийн нэгдсэн системийн програмыг байнга сайжруулан шинэчлэх, сэлбэг хэрэгслэлээр хангах ажлууд мөн л Хятадын бүтээгдэхүүнээр хийгдэх гэнэ. Нэг талдаа оросууд Америкийг нам цохиж буй мэт боловч нөгөө талдаа Хятадын нөлөөнд олон талаараа орох хандлагатай болжээ.

Худалдааны ийм шинэ орчин бидний өмнөд, хойдод бий болж байна. Удирдагчид нь энэ зуны халуунтай зэрэгцэн Монголд морилон саатах гэнэ. Болвол хоёуланг нь зэрэг “барьж аваад” гурван талт уулзалт хийх ёстой хэмээн манай Ерөнхийлөгч ам нээж байсан. Бусдын аманд бүтнээрээ орчихгүйн тулд өөрөө санаачлагатай байхаас аргагүй гэдэг Ц. Элбэгдоржийн зөв. Манай өөрийн “Б” төлөвлөгөө Ерөнхийлөгчийн цээжинд боловсорсон байгаасай гэж найдъя.

“Талын зам” шинэ төслүүд зөвхөн манай Засгийн газрын мөрөөдөл бус, урдах хойдох хөршүүдийн аль алины ашиг сонирхлыг шингээсэн, Монголын санал хэлэх эрхийг баталгаажуулсан чухал нүүдэл маань байгаасай. Монголыг Украин болгочихгүйн тулд хагаралд уриалдаг улстөрч биш, харин ухаантай бодлогоор нэгтгэх Удирдагч хамаагүй чухал өдрүүд ирээд байна.