МОНГОЛ “МАТРЁШКА”-Д ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ

2012.10.8.

“Эрдэнэс Тавантолгой”-д дэмжлэг хэрэгтэй. Тус компани Тавантолгой ордын Баруун Цанхийн хэсэгт өнгөрсөн долоо хоногоос хөрс хуулалтын ажил эхлүүлсэн нь Монголын эдийн засаг дахь 2012 оны онцлох үйл явдал мөн. УИХ-ын сонгуулиас өмнө хөрс хуулалтын ажлыг эхлүүлэхээр тус компани төлөвлөж байсан боловч улс төрийн шалтгаанаар энэхүү чухал шийдвэр түр түдгэлзжээ. Төдөлгүй, сонгуулийн дараахан “Эрдэнэс Тавантолгой” нь Баруун Цанхийн уурхайн ажлыг эхлүүлэхээр дахин шуурхайлсан хэдий ч мөн л шинээр эмхлэгдэх Засгийн газрын зам мөрийг хэсэг хүлээзнэхээс аргагүй болсон юм.

Хүйтний улирал эхлэхээс урьтаж уурхайн ам нээж буй энэхүү үйл явц нь Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гол зарчмыг тодорхой болгов. Зүүн, Баруун Цанхийг бүхлээр нь ашиглана. Ингэхдээ Монголын тал “матрёшка” загварын менежмент хийхээр төлөвлөж байна. Баруун Цанхийн олборлолтын ажилд “Эрдэнэс Тавантолгой” өөрөө идэвхтэй оролцох нь Монголын талд ашигтай бөгөөд энэхүү хувилбарыг хэрэгжүүлэхийн тулд охин компани төрүүлж, түүндээ 51-ээс доошгүй хувийг тасалж өгөх нь. Одоогоор нэр усыг нь “Баруун Цанхи” ХХК хэмээн урьдчилан тэмдэглэжээ. Охин хүүхэд төрүүлж, өмч тасалж өгдөг ийм арга хэрэгслийг монголчууд дэлхийн уул уурхайн томчуудаас суралцсан юм.

SouthGobi Sands-ийн тохиолдол бидэнд сургамж үлдээжээ. Монголын өмнөдөд, Хятад улсын хилээс дөчөөдхөн километрт орших энэхүү ордод SouthGobi Sands компани үйл ажиллагаа явуулдаг. Харин эх нь SGQ Coal Investment Pte. Ltd., Хөрөнгө санхүүжилт босгох зорилготой арай том матрёшка гэсэн үг, Азид үйл ажиллагаа нь төвлөрдөг. Түүний эцэг компанийг SouthGobi Resources Ltd., гэдэг. Эдгээрийн өвөг эцгийн нэрийг мэдэх байлгүй дээ, Ivanhoe Mines Limited байсан. Энэ мэтээр дээр дээрээ давхарласан сүлжээ нь эцэг компанидаа ирэх эрсдэлийг холдуулдаг.

“Тавантолгой” бол стратегийн хувьд эрсдэлтэй төсөл юм. Дамжин өнгөрөх тээврийн ба худалдан авагчийн хараат байдалд орох өндөр эрсдэлтэй төсөл учир “Эрдэнэс Тавантолгой” нь охин компанийнхаа тодорхой хувийг өмнөд, хойд хоёр хөршид, мөн АНУ-ын “Пибоди”-д, дээр нь Япон, БНСУ-ын сонирхлыг ч гомдоолгүй тус тус хувааж төсөлд оролцуулахаар төлөвлөжээ. Хэлэлцээрийн энэхүү шинэ загварыг “дундын хувилбар” хэмээн томъёолсон аж. “Баруун Цанхи” ХХК-ийн 49 хувь дээр стратегийн ийм хуваарилалт хийж, харин “Эрдэнэс Тавантолгой” өөрөө ордынхоо лицензийг 100 хувь эзэмшин, бодлогоо барина гэсэн үг.

Ингээд шинэ долоо хоногоос эхлэн шинэ нөхцөл байдлыг хэлэлцээрт оролцогчдод танилцуулах нь. Баруун Цанхид олборлолт хийх компанийг томилж, гэрээ байгуулна гэсэн үг. Уурхайн олборлогч-оператор компани нь Тавантолгой ордын нүүрсний үндсэн худалдан авагчтай шууд, нэгдмэл сонирхолтой биш байх нөхцөлийг гол болгоно хэмээн онцолж байна. Тэгэхээр Баруун Цанхийг хятад, оросууд “ухахгүй”, харин АНУ-ын “Пибоди Энержи” оператороор нь ажиллах нь гэсэн ойлголт төрж байна. Гэхдээ “Пибоди” нь Хятадын нүүрс тээвэрлэгч “Винсвэй”-тэй хамтарсан охин компанитай гэдгийг манай тал анхааралдаа давхар авах биз ээ. Өмнөд хилийн дагуух “Винсвэй” компанийн мэдлийн агуулахууд Монголын нүүрсээр дүүрсэн тухай мэдээлэл наймдугаар сарын турш цацагдсан билээ. “Винсвэй”-тэй зарим талаар хамтардгийг эс тооцвол бусад үзүүлэлтээрээ “Пибоди” яах аргагүй дэлхийд тэргүүлэгч оператор компани.

ОХУ-ын РЖД тэргүүтэй оролцогчдын хувьд нүүрс ухах бодол эхнээсээ байгаагүй. Гагцхүү Тавантолгойгоос Сайншанд хүртэлх төмөр замын стратегийн чухал хэсэг дээр 50 хувийн оролцоотой байх гэж тэмүүлсээр ирсэн. Тээвэрлэлтийн гэрээ энд яригдана гэсэн үг. Харин Хятадын талтай нүүрсний борлуулалтын гэрээ байгуулах боломж бий. Дээрх 3 гэрээний хүрээнд стратегийн хөрөнгө оруулагчидтай шинээр хийх хэлэлцээр нь өмнөхөөс харьцангуй хялбар нөхцөлд болно.

“Эрдэнэс Тавантолгой” Зүүн Цанхид олборлолт хийн, нүүрсээ борлуулж буй шигээ өөрөө Баруун Цанхийн уурхайд бие даан ажиллаж болохгүй гэж үү гэсэн асуулт гарч ирнэ. Мэдээж, ингэж чадах байсан. Хоёр Цанхиа нэгтгээд ажиллахад “Эрдэнэс Тавантолгой” компанийн үнэлгээ ч эрс өснө хэмээн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш өгүүлсэн байна. Гагцхүү “Тавантолгой” төсөлд учирч болзошгүй тээврийн болоод борлуулалтын эрсдэлээс урт хугацаанд урьдчилан сэргийлэх үүднээс ийнхүү охин компаниараа дамжуулан удирдах “дундын” гэх хувилбараа дэвшүүлжээ.

Үндэсний компани “Эрдэнэс Тавантолгой” энэ удаа шийдэмгий ажиллаж эхэлсэнд талархаж байна. Байгуулагдсан цагаасаа хойш улс төрийн элдэв нөхцөл, хөрөнгө оруулагчдын ааш аягийг харан хоёр жил хүлээсэн “Эрдэнэс Тавантолгой”-д яг одоо Засгийн газрын дэмжлэг юу юунаас чухал байгааг тэмдэглэе. Баруун Цанхийн уурхай хөл дээрээ босох хүртэл Хүний хөгжил санд мөнгө хуримтлуулах үүрэг даалгавраар “Эрдэнэс Тавантолгой”-г дарамтлахгүй байх нь оновчтой юм. Хүний хөгжил сангийн тухай хуульд УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын дэмжлэгээр өөрчлөлт оруулах бололцоо өнөөгийн Парламентад мэдээж бий. Өдийг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” компани Хүний хөгжил санд 410 тэрбум төгрөг хуримтлуулсан бөгөөд тэр нь эх орны хувь хишиг нэрээр сонгуулийн амлалтад цацагдаад дуусчээ.

Монгол улсын 2013 оны төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж буй энэ үед стратегийн чухал ордынхоо ирээдүйг харж, дэмжсэн чиглэл гараасай гэсэн хүлээлт байна. Хүүхдийн мөнгөнд зориулж ирэх оны төсөвт 58 тэрбум төгрөг суулгахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ мөнгийг төсвийн хэмнэлтээс ч гаргах боломжтой хэмээн УИХ-ын дарга өгүүлжээ. Дэлхийн эрдсийн зах зээлд үнэ ханш сүүлийн хагас жилийн турш тасралтгүй унаж буй ийм үед үндэсний уул уурхайн компаниудаа дэмжих бодлого 2013 оны төсөвт тусгалаа олон гарах учиртай. Ерөөс 2013 он бол Монголын уул уурхайн салбарыг мэргэжлийн түвшинд аваачих эрх зүйн цогц шинэтгэлийн жил юм. Ашигт малтмалын хууль болон түүнийг дагалдан өөрчлөгдөх бусад хуулийн хэлэлцүүлэг оны сүүлээр өрнөнө. Зарчмын маш олон шинэчлэл уул уурхайн салбарт бий болох гэж байна. Эдгээр өөрчлөлтийн хандлага нь уул уурхайн мэргэжлийн үйл ажиллагааг Монголд төлөвшүүлэх, хариуцлагатай ажиллаж чаддаг компаниудаа төр нь дэмжих явдал юм. Үндэсний компаниудаа илүү дэмжиж, гадаадын хөрөнгө оруулагчдад тодорхой нөхцөл тавьдаг шинэ орчинд дэвшин орох гэж байна.