ШИНЭ ЗАСГИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР

2012.8.16.

Уул уурхайн тусгай зөвшөөрлийг Засгийн газар олгодог болно. Ашигт малтмалын газрын чиг үүрэгт үндсэн өөрчлөлт орно гэсэн үг. Байгуулагдсан цагаасаа хойш лиценз олгох эрх мэдэл эдэлж ирсэн тус агентлаг эдүгээ судалгаа, хяналт үнэлгээний чиглэлээр илүү ажиллаж, өмнө нь олгогдсон олон зөвшөөрлийг цэгцлэх ажлуудаа үргэлжлүүлнэ. Яамнаасаа том толгойтой агентлаг байхаа болино гэсэн үг.

Шинэ Засгийн газрын өөр нэг чухал эрх мэдэл нь гадаадын хөрөнгө оруулалтыг хянаж эхэлнэ. Уул уурхай, банк, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарт хөрөнгө оруулах хүсэлтэй гадаадын компаниуд өргөдлөө эхлээд Гадаадын хөрөнгө оруулалтын газарт өгч дүгнэлт гаргуулаад, улмаар Засгийн газрын эцсийн шийдвэрийг хүлээнэ гэсэн үг. Монгол улсын стратегийн салбар хэмээн тодотгоод байгаа дээрх төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн 5-аас дээш хувийг худалдан авч, хөрөнгөө оруулах гэж буй гадаадын компаниуд Засгийн газрын зөвшөөрлийг авна. Харин 49-өөс дээш хувьд хөрөнгө оруулах бол Их хурал хэлэлцэж байж шийднэ. Эдгээр нь шинээр байгуулагдаж буй Засгийн газрын эдлэх чухал эрх төдийгүй онцгой хариуцлага юм. Тиймээс 19 хүний бүрэлдэхүүнтэй шинэ Танхим аливаа гадны нөлөөлөл, авлигад автах эсэхийг байнга хянах сөрөг хүчин УИХ-д зайлшгүй хэрэгтэй.

Эдүгээ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн тодорч байгаа бол ирэх долоо хоногоос дөрвөн жил хийх ажлын Мөрийн хөтөлбөрөө Засаг Парламентад танилцуулна. Мөрийн хөтөлбөр нь эвслийн Засгийн бүрэлдэхүүнд багтаж буй улс төрийн хүчнүүдийн сонгогчдод танилцуулсан амлалтын нэгдсэн илэрхийлэл болох учиртай. Ирэх дөрвөн жил нь Монгол улсад том бүтээн байгуулалтууд цааснаасаа ажил хэрэг болон барьж босгох цаг үе. Алдаж эндвэл дараагийн арван жилүүд маань эрсдэлд орж мэдэх онцгой хариуцлагатай үе юм.
2012 оны УИХ-ын сонгуульд оролцсон Ардчилсан нам, ИЗНН, “Шударга ёс” эвслийн Мөрийн хөтөлбөрт ойролцоо утга санаа бүхий бодлогын шинэчлэлүүд багтсан. Улс төрийн дээрх гурван хүчин Монголын төрд нэгдүгээрт Тогтолцооны шинэчлэл, хоёрт, Тоглоомын дүрмийн өөрчлөлт хийх концепцийг барьж сонгуульд орсон билээ. Реформын ийм санааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулган дээр хэлсэн үгэндээ давхар нотолжээ. Реформыг “Шударга ёс” эвсэл таван хувьсгалаар хийнэ гэж эрс мэдэгдэж байсан бол ИЗНН нь өөрчлөлтийн санаагаа Мөрийн хөтөлбөртөө “Хөгжлийн төөрөгдөлд орсон” Монгол улсад хийх амьдралын таван түвшний шинэчлэлийн бодлого хэмээн томъёолсон байдаг.

Дээрх таван шинэчлэлийн санаануудыг илүү тодорхой задалж тусгасан амлалт Ардчилсан намын Мөрийн хөтөлбөрт туссан ба тус намын лидерүүд тэрхүү амлалтаа хэрэгжүүлэхээр шаргуу, шуналтайяа шамдаж байна. Олон жил төрийн эрх мэдлээс гадна байж, хөндлөнгөөс улс төрийн бүхий л үйл явцыг ажиглаж, алдаа эндэгдлийг соргогоор харж байсан хүчний хувьд Ардчилсан намд энэхүү “шуналтайяа” ажиллах эрч хүч хуримтлагдсан юм. Одоо шинэ Засгийн газрын хийх ажлын хөтөлбөр туйлаас сонирхол татаж буй бөгөөд Засагт төвлөрч буй их эрх мэдлийг хянах нь түүнээс ч чухлаар тавигдаж байна. Парламент юуны түрүүнд ийм хяналтыг хийнэ. Шинэ Парламентын нэг давуу тал нь хүний, өөрийн гэж ялгах юмгүй, нийтээрээ Засгийн газартаа шахалт үзүүлж чадахуйц олон “хувьсгалчидтай”. Бурууд нүд хурц хүмүүс нийт Парламентын олонх байгаа нь давуу тал юм. Ялангуяа албан ёсны сөрөг хүчин болох Монгол ардын нам ийм нойрмог, мөлгөр удирдагчидтай байгаа цаг үед өчигдөр гудамжинд тэмцэж явсан хүмүүс Парламентад дуу хоолойгоо сонсгож эхэлсэн нь тун чухал. Ард түмэн тэднийг УИХ-д оруулж ирсэн нь “таван хувьсгал”-д бодитой хөрс байгаагийн илэрхийлэл. Мэдээж бас Засаг эрсдэлтэй ажиллахын дохио. Тиймээс шинэ Засгийн газрын Мөрийн хөтөлбөрт “хувьсгалуудыг” шийдэх арга замтай нь цаасан дээр соёлтой буулгах ур ухаан шаардагдана.

Алтанхуягийн танхимын ажлын ширээн дээр одоо ч бичиг цаас хуримтлагдаж эхэлсэн. Тэдгээрээс хамгийн халуун нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаас ирж буй мэдүүлэг. Тавдугаар сарын 17-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай”хуулийн хүрээнд Монгол улсын банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, уул уурхайн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт нэгэнт хийчихсэн компаниуд шинэчилсэн бүртгэл хяналтад орох учиртай. Энэ оны аравдугаар сарын 17 хүртэл буюу хуульд заасан 180 хоногийн хугацаанд тэд бүртгүүлэх ёстой бөгөөд энэ тал дээр Гадаадын хөрөнгө оруулалтын газар чармайлттай ажиллаж буй эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан Монгол улсад маш чухал хууль хэрэгжиж эхэлсэн, түүнд хүссэн хүсээгүй бүгд захирагдах учиртай.

Дээрх хуулийн чанга эсэхийг шалгахаар нэг эрхэм ирэх долоо хоногт Монголд морилох бөгөөд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн айлчлах тухай тус улсын ЭСЯ хэвлэлийн хурал хийж зарласныг санаж буй биз ээ. Хятадын Элчин сайдын яам тэр бүр Хэвлэлийн хурал хийж, айлчлалын тов дуулгадагүй уламжлалтайг хэлэх үү. Юутай ч ноён Дай Бингүо “SouthGobi Resources”-ийн 60 хувийг “Чалко” худалдан авах хэлцлийг Монголын Засгийн газраар зөвшөөрүүлэх улс төрийн хамгаалалт хийх нь тодорхой. Азаар ийм үед УИХ-ын шинэ дарга З.Энхболд түүнийг угтана. Азаар гэсний учир нь Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хуулийг санаачлагчдын нэг З.Энхболд нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүнтэй хатуу боловч соёлтой ярилцаж, хуулиа тайлбарлах ур ухаан гаргах биз ээ. Эс бөгөөс Тавантолгойн Баруун цанхийн тендер болоод Монголын нүүрсний бусад худалдан авалтуудтай Саутгоби-ийн асуудлыг холбочих ухаанаа Төрийн зөвлөлийн гишүүн сүлбэх нь мэдээж. Тэрбээр Монголд ирэхээсээ өмнө ОХУ-д айлчилж, стратегийн хамтын ажиллагааны сэдвээр ярилцах учир хоёр хөршийн тактикийн тохиролцоонд хавчуулагдчихалгүй мултрах дипломат арга зам манайд хэрэгтэй.

Дээрх хуульд яг “Чалко”-д зориулсан заалт бий. “6.1. Энэ хуулийн дагуу зөвшөөрөл авах шаардлагатай хэлцэлд дор дурдсан хэлцэл хамаарна….Олон улсын болон Монгол улсын уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүний зах зээлийн арилжаанд худалдан авагчийн болон борлуулагчийн монополь тогтоож болзошгүй хэлцэл…Монгол улсын уул уурхайн экспортын бүтээгдэхүүний зах зээл, үнийн түвшинд шууд ба шууд бусаар нөлөөлж болзошгүй хэлцэл” Энэхүү заалт нь өнөөдрийн Чалко, маргаашийн түүний ах дүү нар, бусад орны төрийн мэдлийн компаниудад өгөх нэгдсэн тест байх юм. Ийм эгзэгтэй цаг үед шинэ Танхим маань бүрдэж байна. Төрөө түргэн төвхнүүлэх, түүндээ нийтээр хяналт тавих үе бидэнд иржээ. Үүнд Парламентын дотоод хяналтаас дутуугүй, хэвлэл мэдээлэл, олон нийтийн хараа чухал байгаа.

Засгийн газрын Мөрийн хөтөлбөрт тусах өөр санаануудыг мөн багцалъя.

1.    Бизнесийг дэмжих бодлогоо Ардчилсан нам ба ИЗНН мөрийн хөтөлбөртөө ерөнхийдөө агуулга ойролцоо тусгасан юм. Тэр дундаа АН-ын санаачлага бий. Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүдэд орлогын албан татварыг нь буцааж олгоно гэсэн. Маш ерөнхий заалт, гэхдээ энэхүү амлалт жижиг, дунд компаниудад хүлээлт бий болгоод байна. ИЗНН-ын хувьд жижиг, дунд хэмжээний аж ахуйд ахиу хөнгөлөлт, сайн нөхцөл олгох санаанууд туссан. Харин АН-ын хувьд нефть импортлогчид ба архи спирт үйлдвэрлэгчдэд хатуу хандах бодлого барина. Тэдэнд татварын хөнгөлөлт эдлүүлэхтэй, архи үйлдвэрлэгчдийг бүр өндөр татвараар шахах амлалттай гарч ирсэн. Түүнчлэн татварын хөнгөлөлтөд үүрэн холбооны операторууд, тамхины бизнесийнхэн, уул уурхайн салбарын компаниуд огт хамрагдахгүй байхаар амлалтын хөтөлбөртэй, түүнийгээ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгах бололтой. Стратегийн ач холбогдолтой ордод уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс нөхөн төлбөр авна гэсэн заалтыг Монгол ардын нам Мөрийн хөтөлбөртөө тусгасан байсан. Харин Ардчилсан намын хувьд “Стратегийн ордод Монголын төр ба компаниудын оролцоо 51 хувиас доошгүй байна” гэсэн Ашигт малтмалын хуулийн шинэ төслийн заалтаар чиг барин сонгуульд орсон. Ерөнхийдөө бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хяналтаа харин чангатгана. Нөгөө талд нь үндэсний бизнесийнхнээ дэмжинэ гэсэн зарчмыг шинэ Засгийн газар үйл ажиллагаандаа мөрдлөг болгох биз ээ. Үүний зэрэгцээ нөхцөл байдал энэ Засгийн эхний жилүүдэд эрсдэл авчирна. Тухайлбал, Монголбанк нь бодлогын хүүгээ дөрөвдүгээр сард нэмж 13.25 болгосон. Одоо уг нэмэгдлийн үр дагаврыг бизнесийнхэн төдийгүй иргэд амсч эхлээд байгаа. Арилжааны банкууд бэлэн мөнгөний хомсдолд орж болзошгүй эрсдэлээ тооцож зээлээ хумьж эхэлсэн. Жишээ нь ХАС банк орон сууцны зээлийн урьдчилгааг 30 хувь байсныг нэмэгдүүлэн, 40 болгож өндөрсгөсөн нь зээлээ хянах нэг зохицуулалт юм. Гадаад худалдааны болоод төсвийн алдагдал хоёр зэрэгцээд өсч байна. Доллар улам үнэд орох хандлага оны сүүлээр илэрхий мэдрэгдэх биз ээ. Гадаадын хөрөнгө оруулалтын эрчим саарч буй нь мөн бодитой мэдрэгдэх болжээ. Ийм нөхцөлд хөрөнгө оруулагчдад “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хуулийнхаа агуулгыг зөв тайлбарлах, хэрэгжүүлэх журмуудыг яаралтай гаргах, Засгийн газар бодлогоо нээлттэй ойлгуулах алхмыг цаг алдалгүй хийх ёстой.

2.    Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг Нийгмийн хамгааллын шинэ сайд гардан хийнэ. Тэрбээр нийгмийн хамгааллын эзэндээ хүрсэн арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй. Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангуудыг бие даалгана. Ийм шаардлагыг Эвслийн засагт орсон бүх нам хөтөлбөртөө тусгасан байсан. Бие даагч гишүүд ч бас мөрийн хөтөлбөртөө ингэж амласан юм. Тэтгэврийн нэрийн дансандаа хэдэн төгрөг байгааг иргэн мэддэг, түүнээ эргэлтэд оруулдаг механизмтай болно. Баялгийн сан байгуулж, ирээдүйн тэтгэврийн сангийн хуримтлал бий болгох санаачлага Засгийн Мөрийн хөтөлбөрт тусах бололтой.

3.    Төсвийн жилийг өөрчилнө. Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхлүүлдэг шинэ тогтолцоонд шилжүүлэхээр Ардчилсан нам Мөрийн хөтөлбөрт санал оруулах бололтой. Ингэвэл ирэх жилийн төсвийг эртхэн баталж, улмаар оны эхнээс тендерүүд зарлагдан, бүтээн байгуулалтын ажил хавар цаг алдалгүй эхлэх боломжтой болно. Энэ зуны түгжрэл нийслэлд гамшгийн хэмжээнд нүүрлээд байгаагаас харахад төсвийн жилийн хуанлийг өөрчлөх зайлшгүй шаардлага бий.

4.    Орон нутгийн эрх мэдэл нэмэгдэнэ. Лиценз олголтод орон нутаг илүү саналын эрхтэй оролцоно. Ер нь Ашигт малтмалын хуулийн шинэ төслийн дагуу лиценз олголтыг сонгон шалгаруулалтаар явуулах зарчмыг баримталж эхлэх юм. Ийм тохиолдолд сонгон шалгаруулалтад орон нутаг саналын давуу эрхтэй оролцоно. Харин лиценз олгох талбайн зөвшөөрлийг Ерөнхий сайд нэгдсэн бодлогоор зангидаж, өөрийн хяналтад байлгах юм. Ингэснээр, лицензэт талбай болон малын бэлчээрийн давхцал үгүй болж, иргэд ба компаниудын хоорондох хэрүүл тэмцэл багасна. Тусгай хамгаалалттай газруудаа ч хуулийн хүрээнд зааглаж авна гэсэн үг. Нөөц ашигласны төлбөрийн дийлэнхийг, зарим намын амласнаар бол 40 хүртэл хувийг нь тухайн нутаг оронд нь үлдээх яриа бий. ИЗНН мөрийн хөтөлбөртөө дээрх санааг тодорхой тусгасан. (Дашрамд сануулахад тус нам сонгуулийн амлалтдаа Шадар ба Дэд сайдгүй Танхим байгуулна гэж тов тод бичсэн байсан. Одоо яагаад чимээгүй болчихов). Засаг дарга нарыг шууд сонгох зарчим улс төрийн шинэтгэлийн хүрээнд хийгдэх бололтой. Ийм утгаараа айсуй Орон нутгийн сонгууль “цус асгаруулсан тулаан” болох нь тодорхой.

5.    Төмөр замын нэгдүгээр ээлжийн шугам хаашаа тавигдах вэ гэсэн маргаан дахин дэгдэж болзошгүй. Ардчилсан нам Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод туссан дарааллаар зам барина гэж Мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тэр нь эхлээд хойд чигт сунасан урт замаа байгуулах дараалалтай. Харин Төмөр замын газрын хяналт дор өдгөө Тавантолгой Гашуунсухайтын өмнөд чиглэл ба Тавантолгойгоо Сайншандтай холбосон хөндлөн чиглэлийн замын ажил зэрэг эхэлсэн, хоёр жилийн дараа ашиглалтад орох товтой явагдаж байгаа. Юутай ч, Сайншандын цогцолборын бүтээн байгуулалтыг 2013 оноос эхлүүлэхийн тулд их хэмжээний импортын бүтээгдэхүүн татах төмөр замын шинэ даац хэрэгтэй байгааг Засгийн газар давхар тооцоолж, урагшаа чиглэлийн замын ажлыг хэвийн үргэлжлүүлэх магадлал бас бий. Харин Агентлагуудын ажил үүргийн давхцалын тухайд Төмөр замын газрыг татан буулгаж, “Монголын төмөр зам” төрийн өмчит компани нь суурь бүтэц ба хөдлөх бүрэлдэхүүнээ аль алиныг нь эхний ээлжинд хариуцан ажиллах чиглэл гарч болзошгүй.

6.    Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтийг энэ ондоо багтааж батална хэмээн УИХ-ын дарга хэлж байгаа. Ерөнхийлөгч мөн ийм байр суурьтай. Энэ хуулийн өөрчлөлт уул уурхайн салбарт цоо шинэ хандлага авчирч болзошгүй. Юуны өмнө стратегийн орд гэсэн ойлголт үгүй болж, стратегийн түүхий эд гэсэн томъёолол хуульд тусах бололтой.

7.    Шинэ Засгийн газарт олдож буй боломж нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн асуудалд санал нэгдэж, Засгийн санаачлагыг дэмжиж явах магадлалтай. Ялангуяа Оюутолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт орох нь бараг тодорхой болжээ. Хөрөнгө оруулалтын зардлаа нөхсөний дараа буюу ойрын таван жилд Монголын талын ордод эзэмших хэмжээ 51 хувь болох бололтой. Хөрөнгө оруулалтын гэрээнд аливаа өөрчлөлт оруулахыг Рио Тинто компани өнгөрсөн жил эрс эсэргүүцэж, том хөрөнгө оруулагчийн тэрхүү саналыг Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл дэмжсэн юм. Тэгвэл энэ удаа нөхцөл байдал өөрөөр эргэж байна. УИХ-ын 40 ба 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг шаарддаг Парламентын гишүүд энэ удаа олонх болох магадлалтай ба өмнөх УИХ-д 20 гишүүний ярьдаг байсан мэдэгдлийн агуулга эдүгээ Засгийн Мөрийн хөтөлбөрт тусгалаа олоод гараад ирэхээр байгаа юм. Тэр тусмаа УИХ-ын 40 ба 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг шаарддаг хорин гишүүний нэг З. Энхболд ҮАБЗ -д байгаа нь ийм ойлголт төрүүлж байна. Рио Тинтогийн хувьд хамгийн том төслөө Монголын талаас үүдэлтэй эрсдэлд оруулахыг мэдээж хүсэхгүй. Гэхдээ Оюутолгойн эргэн тойронд бусад чамгүй олон эрсдэл ирээд байна. Юуны трүүнд ОТ Хятадаас ойрын 5 орчим жил эрчим хүчээ авна. Гэтэл Хятадын төрийн мэдлийн “Чалко” “Саутгоби”-ийн асуудлаар Монголын төртэй асуудалд орооцолдож эхэлсэн. Рио Тинто Монголын улс төрийн нөхцөл байдал чангарч буйг мэдэрч бүр сонгуулийн өмнөөс хүдэр олборлолтоо эхлүүлжээ. Энэ сарын сүүлээр Баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулна. Энэ нь мэдээж сайн үйл явдал. ОТ-оос орж ирэх орлого ойртоно гэсэн үг. Нөгөө талаар хөрөнгө оруулагчийн яарч буй шалтгаан нь зэсийн үнийн уналтаас болгоомжилж байна. Ерөөс нийт эдийн засгийн гадаад орчин муудсаар байна.

8.    Тавантолгойн Баруун Цанхийн тендерийг гацаанаас гаргах арга зам нь Ашигт малтмалын шинэ хууль юм. Монголын төр ба үндэсний компаниуд уул уурхайн ордууддаа 51-ээс доошгүй хувийг эзэмших ерөнхий заалт нь (уг заалт зөвхөн стратегийн гэх орд төдийгүй, нийт уурхайд хамаарна) Тавантолгой орд дээр Америк, Орос, Хятадын сонирхлыг заавал хэлэлцээрээр зохицуулах гэлтгүй, автоматаар Монгол улсын хуулиар заагаад өгч байна. Түүнчлэн төмөр замын суурь бүтцийн 51 хувь төрийн мэдэлд байх тухай хуулийн хашилт нь өөрөө ОХУ-ын дэд бүтцийн давамгайллыг хааж өгнө. Эдүгээ оросууд Тавантолгойгоос Чойбалсан хүртэлх урт замыг тавих 7 тэрбум ам. долларыг гаргаад өгье гэсэн нээлттэй санал тавьсаар байгаа. Ингэхдээ, монголчууд төмөр замынхаа 50 хувийг эзэмш, гагцхүү тэр тал хувьдаа таарах мөнгө олдохгүй бол ОХУ-ын Внешэкономбанкнаасаа зээл авч өгье. Зээлийн баталгааг Тавантолгойн Баруун Цанхиас хувь авах замаар шийдье гэж байгаа. Төмөр замын суурь бүтцийг 50, 50 хувиар хувааж эзэмшье гэсэн хатуу тоглоомоо ОХУ үргэлжлүүлэн санал болгож буй бөгөөд монголчуудын суурь бүтцийнхээ хяналтын багцыг барьж байх гэсэн шийдвэрт нөлөөлөх улс төрийн айлчлалууд ч бас удахгүй хойд хөршөөс хийгдэх биз ээ.

Шинэ Засгийн газар дотроосоо, төдийгүй Парламентаас шаардагчид ихтэй нөхцөлд ажиллах нь. Гадаад шахалт бас их байх нь. Засаг гэлтгүй Парламент өөрөө буцалсан нөхцөлд ирэх дөрвөн жилийг өнгөрөөнө. Улс орны хувь заяатай холбоотой чухал шийдвэрүүдийг Байнгын хороогоор хэлэлцэх үед тэнд албан ёсны сөрөг хүчнээс ганц хоёрхон хүн суух нь эрсдэлтэй юм. Тиймээс албан ёсны сөрөг хүчин буюу МАН нойрноосоо сэрж, жижиг гомдлоо тайлаад том ажилдаа идэвхтэй оролцох нь чухал. Энэ удаагийн Засгийн газарт сайдын томилгооноос илүүтэй ажлын Хөтөлбөр нь анхаарал татаж байна. Ерөөс намын жагсаалтаар олон хүнийг гишүүн болгосны утга учир нь тэрхүү амлалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оршино.