БИЗНЕСИЙГ АЙЛГАХАА БОЛЬ

2008 08. 28

Перестань кошмарить бизнес хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Д. Медведев долдугаар сарын сүүлийн өдөр Гагарин хотноо хийсэн зөвлөгөөний үеэр хатуу сануулжээ. Энэ үгийг өдгөө Монголын төр, засгийн удирдагчдад давтан сануулахыг хүсч байна. Монгол Улсад эдийн засаг, бизнесийн харилцаа улс төрийн ашиг хонжооны нүхээр сэглэгдэх боллоо. Эрүүл саруул бус энэхүү хандлагын сүүлийн тод жишээ нь бензин шатахууны үнэ ханшаар УИХ-ын сонгуулийн өмнө болоод хойно наадсан тоглоом шоглоом юм.

Үнэ тогтворжуулах Засгийн газрын комиссын хуралдааны дөрөвдүгээр сарын тэмдэглэлийг сонирхох ахул тэнд нефть импортлогч үндэсний компаниудыг өөгшүүлэн магтсан үг өгүүлбэр цөөнгүй харагдана. Бүр өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын жижиглэнгийн үнэ ханшийг хөдөлгөлгүйгээр Мартын 8 хүртэл хямд бензин борлуулсан та нартаа гялайлаа хэмээн комиссын даргын зүгээс магтаал хайрлаагүй байх вий. “Шатахуун импортлогчид үнийг тогтворжуулах үүргээ 200 хувиар биелүүлж байна” хэмээн онгироосон тал бий. Тэгвэл Үнэ тогтворжуулах комиссын хамгийн сүүлийн хуралдааны протоколыг үзсэн хүн мэл гайхаж, цэл хөхөрч мэдэх юм. Комиссын дарга Ч. Улаан нефть импортлогч компаниудын алдагдлын тухай аргаа барсан тайланг сонсоод “Ер нь яах гэж үнээ барьсан юм” хэмээх үг унагасан гэвэл та үнэмших үү. Сонгуулийн өмнө болоод хойно хэлсэн хоёр өгүүлбэрийн мөн чанар хар, цагааны ялгаатай байна. Дөрөвдүгээр сард үнэ ханшийг тогтоон барих тоглоомыг Засгийн газар бизнесийнхэнд санал болгожээ. Харин наймдугаар сард үнийг яах гэж бариа вэ гэсэн шоглоом хийгээд байна.

2008 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс долдугаар сарын 27 хүртэл Монгол Улсын дотоодын зах зээлд дизелийн түлшний үнэ өөрчлөгдөөгүй юм. Бусад төрлийн шатахууны хувьд бүр наймдугаар сарын 7-ны өдөр хүртэл нэг ч төгрөгний хөдөлгөөн хийгдээгүй. Тэгвэл дээрх хугацаанд нефть бүтээгдэхүүн худалдан авах гадаад үнэ тонн тутамд 391-496 ам. доллараар буюу 53 хүртэл хувиар өссөнийг Ч. Улаан сайд маш сайн мэдэх учиртай. Зөвхөн сонгуульд зориулсан тогтмол үнийг хатуу мөрдсөний хэрэг учиг юунд чиглэв ээ? Ойролцоогоор таван сар орчмын хугацаанд монголчууд зах зээлийн жам ёсны үнэ ханшаас зайлан зугтаад, амар амгалан, элбэг хангалуун байж чадаа юу? Үгүй юм. Таван сарын турш үнийг хөдөлгөөнгүй барьсны асар их алдагдлыг зөвхөн мөнгөөр хэмжих учиргүй. Алдагдлын цооног гүнзгийрсээр эргэлтийн хөрөнгө дутагдахын эрхэнд импортлогч компаниуд бензиний үнийг огцом өсгөлөө. Тэгээд буруутан нь мөнөөх импортлогчид л болов. Өнөөх Үнэ тогтворжуулах комисс руугаа эргээд харвал нөгөөдүүл яах гэж үнэ барьсан юм бэ гэж ам асуудаг байгаа.

Зах зээлийн эдийн засгийг нам, засгийн жолоодлого дор түр аргацаасны үр дагаварт Монголын ядуу даржин нийгмийн уур хилэн гагцхүү нефть импортлогч компаниудын эсрэг чиглээд байна. Алхам тутамд амьдралын өртөг тэнгэрт хадахын хэрээр золиг барамд гаргах учиртай тэр хүмүүс нь бизнесийнхэн болон хувирчээ. Ийм моодыг Монголын төр, засаг дэлгэрүүлээд удаагүй байна. Зөвхөн нефтийнхэн төдийгүй эрчим хүч, нүүрсний салбарынхан, удаад нь нийтийн тээврийн бизнес эрхлэгчид дараалан хүнд цохилтод орж эхэллээ. Зах зээлийн жам ёсны үнэ ханшаас гажуу зөрүү хандлагыг Засгийн газар тулгахын хэрээр тухайн салбар бүрт асуудал бэрхшээл хуримтлагдсаар байгааг энгийн иргэд ч харж байна.

Дизелийн түлшний жилийн нийт хэрэглээний 80 хувийг дулааны улиралд зарцуулдгийг жишээлэн татъя. Гол төлөв уул уурхайн чиглэлийн компаниуд дизелийн түлшийг худалдан авдаг ба тэдний хайгуулын, боловсруулах, үйлдвэрлэлийн дамжлагын ид ачааллын үе нь чухамдаа урин дулаан цаг. Улстөрчдийн ухагдахуунаар бол сонгуулийн өмнөх, хойно гэх үнэ ханшийн мөчлөг үйлчлэх агаад тэдний хувьд бизнесийн улирал гэх ойлголтоос төсөөрсөн улс. Чухам энэ бизнесийн улиралдаа Монголын болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд хүйтний саруудын урт хугацааны бэлтгэлээ базааж, засвар бүтээн байгуулалтууд өрнөдөг. Эдүгээ эргэлтийн хөрөнгөгүй болтлоо борлуулалтын үнэ ханшийг царцааж барьсан бизнесийн байгууллагуудыг ер нь “ашгийн бус, төрийн бус байгууллага” гэхчлэн өөрчлөн нэрлэхэд буруудахгүй болсон байна. Гадаад төлбөр тооцоо саатах улмаар торгуульд унах, банкны өндөр хүүтэй зээл царайчлах, хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээний ажлууд таг зогсохын уршиг дагаврыг манай сайдууд үл ойшоож, тэнгэр ширтээд удаж байна биш үү. Ялангуяа “Роснефть” маягийн хатуу нөхцөл болзол тулгадаг харилцагчтай нефтийнхнийг асар их торгууль ороодгийг Үйлдвэр, худалдааны яамны мэргэжилтнүүд, Х. Наранхүү сайд хамгийн сайн мэдэх учиртай.

Эдүгээ шатахууны улсын нөөцийг хадгалах хамгаалах үүрэг импортлогч компаниудын өмнө тулгараад байгаа. Улс орны шатахууны хэрэглээний тодорхой хувийг агуулах савандаа хадгалж, нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр өндөр хадсан цагт интервенц хийх маягаар уг нөөцийг ашиглана. Тэгвэл тэдгээр шатахууны савны аюулгүй байдал, арчилгаа хамгаалалт гээд даруй түргэн амжуулах ёстой ажлууд нефтийн компаниудад гарах нь энгийн ухаанаар бодсон хэнд ч ойлгомжтой. Зөвхөн нефть импортлогчдын эрх ашгийг юунд хамгаалаа вэ хэмээн төр, засгийн түшмэлүүд эгдүүцэн байж мэдэх юм. Тэгвэл та бүхнээс энэ оныг дуустал зорчигч тээврийн тасалбарын үнийг 200 төгрөгт хатуу барь гэсэн даалгавар аваад цаашаа харж уйлаад явж байгаа нийтийн тээвэрт мөн л аюулгүй ажиллагаа, автобус паркаа шинэчлэх мянган мөрөөдөл, мөнгөгүйн зовлон нүүрлэх биш бүр үүрлээд удлаа. Есөн жилийн турш нийтийн тээврийн үйлчилгээний үнийг хатуу барьдаг хамуурсан зах зээлийг дэлхийн хаа нэгтээгээс одоо цагт олж найзархахад төвөгтэй болоод байна шүү.

Магадгүй бөмбөрцгийн баруунтаа Уго Чавес Cemex компанийг улсын мэдэлд авчихсан, одоо манай хүн цементийн үнийг барих гэж байгаа хэмээн мэдэмхийрэх түшмэл гарч магадгүй. Гадаадын хөрөнгө оруулалттай Cemex компанийг Уго Чавес л нийгэмчилж зориглох биз ээ. Мөдхөн тэрбээр Дэлхийн банкны арбитрын шүүхэд дуудагдах болоод байна. Засаг, төр бизнесийг багалзуурдсаар, сүүлдээ эрээ цээрээ алддагийн тод жишээг монголчууд бид өөрсдөө “арьсан дээрээ мэдрээд” удаагүй байна. Долдугаар сарын 10-ны өдөр Оросын тал “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааны өөрийн мэдлийн 49 хувийн эзэмшигчийн эрхийг шилжүүлэх ганцаарчилсан шийдвэр гаргажээ. Хамтарсан үйлдвэрийн 1992 оны гэрээний тов тодорхой заалтыг ноцтой зөрчсөн Владимир Путинд гомдол мэдүүлэх зоригтон Монголын удирдагч дунд алга. Үндэсний бизнесмэнүүдээ дарамталж чаддаг дарга нар улс орны эрх ашиг тулаад ирэхийн цагт эрвээхэй зангианы гол мэт инээдтэй арчаагүй харагдах ажээ. “Оросууд манайд мэдэгдэх л ёстой. Удахгүй бичиг ирэх байх аа. Одоохондоо интернэтээс л энэ тухай уншиж сууна” гэж ярьж байгаа төрийн албаны түшмэл, энгийн иргэн бид хоёрт хариуцлагын ялгаа харагдах юм уу?

Монгол Улсын хуулийн адил хүчин төгөлдөр үйлчилдэг Засгийн газар хоорондын хэлэлцээр байх агаад тэнд “Талууд хувьцаа эзэмшигчээ өөр төрийн захиргааны байгууллагаар сольж болно. Ингэсэн тохиолдолд нөгөө талдаа мэдэгдэнэ” гэсэн гэрээний заалт нойл заажээ. Магадгүй тэгж байгаад В. Путин Монголын талын хэн нэгэнд и-мэйл явуулж, “Долдугаар сарын 10-ны өдөр та хэдийг шатсан байшин, буудуулсан хүмүүсийн тухай яриа хөөрөөтэй бужигнаж байх үед Ерөнхийлөгчийн 1052 тоот зарлиг гарсан шүү. Нэтээс уншаарай” гэж сонин сонсгож магадгүй л юм.

Бизнест төр, засаг хэт хутгалдан, захиргаадан дарангуйлах явдлын үр дагаврыг монголчууд хол, ойрын хоёр улсын жишээнээс ийнхүү харж байна. Мөнөөх л Путин долдугаар сарын эцсээр Оросын хөрөнгийн зах зээлд ямархуу алдагдал авчирсныг сүүлийн жишээ болгон дурдъя. Коксжсон нүүрсний дотоодод зарагдаж буй үнэ экспортын ханшаас их байна хэмээн Ерөнхий сайд В. Путин мэдэгдээд, Мечел компанийн удирдлагыг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаар шалгуулна гэж загнасны дараа Оросын төрийн мэдлийн том компаниудын хувьцааны ханш дотоод, гадаадын биржүүд дээр унав. Ганцхан өдөрт Оросын Хөрөнгийн бирж 58 тэрбум ам. долларын алдагдал хүлээжээ. Бизнесийг зах зээлийн үнийн хөдөлгөөн, хэрэглэгчдийн хүсэл сонирхол л айлгадаг мөнхийн хууль төр, засаг нь дарамталдаг шинэ механизмаар баяжин төгөлдөршиж байгаа нь хүсүүштэй хандлага биш ээ. “Атар” талхны үнийг 60 төгрөгөөр буулгахыг яамны сайд шахан, хувийн компанийн тасалгаанд асуулга хийж суусан өдөр саяхан. Тодруулбал сонгуулийн өмнөхөн. Тэгэвч талхны үнэ сайдын хүслээр бус, хэрэглэгчийн таашаалаар тогтоогдох учиртай эд аж.

Өөр нэгэн бизнесийн байгууллага төр, засагтай гурвалсан гэрээ байгуулжээ. Мөн л сонгуулийн өмнө. Гуравдугаар сарын 15-аас долдугаар сарыг дуустал том оврын автобусны тасалбарын үнийг 200 төгрөгт тогтоон барьж, төрийн зүгээс зардлын нөхөн олговрыг төсвийн тодотголд оруулсугай гэх. Төсвөөс мөнгө өгөх амлалтын цаана парк шинэчлэх байтугай автобусаа олигтой цэвэрлэчих угаалгын газаргүй, техник аюулгүй байдалд анхаарах тэнхэлгүй ягтаа суусан нийтийн тээврийн салбар нүдэн дээр доройтон унаж байна. Сая илүү хүн амтай их хотын эмзэг бохир сэдэв болсон салбархай тэргүүдийг төсвийн тодотголоор додомдсоор XXI зууныг давна гэвэл зангууны үлгэр биз ээ. Зорчигч тээврийн аюулгүй байдал алдагдах үед нөгөө Ч. Улаан сайдын хэлдгээр “Хэн та нарыг үнээ барь гэсэн билээ” хэмээн ам асуух вий дээ.

Ерөөс нөхөн олговор гэдэг бизнесийн салбарт эргэлддэг уламжлалт мөнгөн урсгалыг тасалж, тогтвортой, найдвартай үйл ажиллагааг нь үлэмж алдагдуулдаг. Нефть импортлогч компаниудтай Засгийн газрын хийсэн гэрээ хэлэлцээрийн заалтыг хэрэгжилттэй нь харьцуулах юм бол бултсан, багасгасан, бүр сүүлдээ нөхөн олговор гээч өөрсдийн санаачлагаас зайлсхийсэн үр дүн харагддаг. Сонгуулийн өмнөх “эмзэг” өдрүүдэд амлаж байсан нөхөн олговор сонгуулийн дараа бүрэн бүтнээрээ олгогдоогүй луу унжсаны эцэст нефть импортлогчид санхүүгийн хүнд байдалд ороод байна. Наймдугаар сарын 7-ны өдрийн бензиний огцом нэмэгдэл чухам энэ луу унжсан зангаас үүдэлтэй. Төр, засаг компаниудаа алдагдал, дампууралд аажмаар түлхэж байгаа атлаа нефтийн компаниуд үгсэн хуйвалдаж үнээ нэмлээ хэмээн ард олонд сурталдах нь бас л нөгөө “улс төр хийх” гэдэг арга нь байх. Гадны ганцхан компаниас нэг л үнээр шатахуун авдаг импортлогчид үгсэн луйвардаж байгаад асар их орлого олж нуудаг гэвэл итгэхэд хэцүү гүжирдлэг юм. Ерөөс дэлхийн компаниуд үнэ ханшийн зөрүүгээр бие биетэйгээ өрсөлдөж ашиг орлого олдог зүй тогтолтой бол манай зах зээлд ганц нийлүүлэгчээсээ авсан үнийг бие биесээсээ сайндаа арав хорин төгрөгийн зөрүүтэй борлуулах өрсөлдөөн явагддаг.

Нефтийн компаниуд найм хүртэл хувийн ашигтай ажилладаг учир ашгийг нь гурван хувь болгосугай гэсэн шийдвэрийг Үйлдвэр, худалдааны яам үзэглэх шахаж байгаа билээ. Нэгмөсөн компаниудаа Уго Чавес шиг нийгэмчилчихвэл хялбар юм уу гэсэн санаа цаашид цухалзах вий дээ. Оросын нефтийн компаниудын ашиг 15-50 хувь байдаг ба Путин, Медведев нар үүнийг нь бууруулсугай, багасгасугай гэж хараахан харгислаагүй санагдах юм. Хамгийн сүүлд дэгдсэн дуулиан нь яах аргагүй НӨАТ-тай холбоотой мэдэн будилсан явдлууд. Бүр тавдугаар сард УИХ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, импортолсон болон үйлдвэрлэсэн автобензин, дизелийн түлшний НӨАТ-ыг 0-10 хувиар тогтоох эрхийг Засгийн газарт олгосон билээ. Гэтэл Засгийн газар хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх тогтоолдоо “дотоодын зах зээлд худалдан борлуулсан” гэдэг үгийг мартсан тул тогтоолд үг гээсэн алдаа ард түмний нуруун дээр наймдугаар сарын 7-ны нэмэгдэл нэрээр унаад ирлээ. Энэ бол ердөө л төрийн байгууллагуудын хариуцлагын асуудал. Хариуцлагыг одоохондоо хэрэглэгчид хэтэвчнээсээ төлөн үүрч байна.

Сайдын амласнаар удахгүй НӨАТ төлнө, төлөхгүй гэсэн маргааныг шийднэ, гэхдээ арай л болоогүй гэнэ. “Засгийн газрын тогтоол хуульд нийцэж байх зарчим алдагдахад хүрч хэрэгжүүлэх боломжгүй болсон байна. Сангийн яам Засгийн газрын тогтоолыг хуульд нийцүүлэх саналыг оруулж хэлэлцүүлэхээр бэлтгэж байна” хэмээн сайд тайлбар хийжээ. Үйлдвэр, худалдааны яам 282 дугаар тогтоолын саналыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд оруулсан бол яам хариуцлагаа хүлээх учиртай, түүнчлэн хуульд нийцэж байх зарчим алдагдсаныг анхаардаггүй хуулийн зөвлөхүүд ажлаа муу хийжээ л гэж ойлгохоос.

НӨАТ-ын 10 хувьд литр тутамд 160 төгрөг л нэмэгдэх ёстой шүү гэсэн хэрүүлийн алимыг яамны түшмэлүүд хэрэглэгчдэд мессежээр нисгээд байдаг. Зургаа, долоо, наймдугаар саруудын НӨАТ-ын 10 хувийг тэглээгүй, молиго үмхүүлснээ, учирсан зөрүүг компаниуд нөхөж тооцохоос өөр аргагүй болсныг, түүнчлэн үнэ барьсных нь нөхөн олговрыг хагас дутуу өгч 4,4 тэрбум төгрөгийн алдагдалд нэмж оруулснаа араас нь “мессеждэхээ” харин мартжээ.

Засгийн газар дэлхийн зах зээл дээр өсөн нэмэгдэж, дотоодын инфляцад шууд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг саармагжуулах гарц хайсан арга хэмжээ тасралтгүй авч ирснийг тэмдэглэе. Ингэхдээ алхам бүртээ шахам дотоодын бизнесийг хавчин шахах арга хэрэглэж, гарцыг өөр чиглэлээр хайх боломжуудыг үл хайхарч иржээ. Тухайлбал эмзэг ядуу хэсэгт нөхөн олговор олгох замаар үнийн цохилтоос нийгмийг хамгаалах, харин нийт зах зээлд жамаараа урагшлах, асуудал гарцаа өөрсдөө олох боломж нээх чиглэлээр огт ажиллаагүй юм. Хэмнэх гамнах талаар ажиллахаа ч умартсан. Магадгүй энэ өрөөсгөл хандлага нь сонгуулийн өмнөх хагас жилд нийт масст таалагдах бодлоготой сүлэлдсэнийх биз. Хэрвээ бүр өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас УИХ-ын зарим гишүүн хэмнэлтийн горимд шилжье хэмээн шаргуу шаардаж, тодорхой ажлууд эхлүүлээд байсныг тууштай дэмжсэн бол өдийд үнийн өсөлт багц багцаараа ард түмний нуруун дээр ингэтэл хүчтэй унахгүй байх байлаа.

Үнийн өсөлтийн асуудлаар бизнесийнхнийг дарамтлах бус, хамтарч ажиллах гарц хайсан бол өдийд ингэж чи бидээ тулж, бензин чинийх, мах тэрнийх, нүүрс танайхаас болсон хэмээн хоосон мэтгэлцэхгүй байлаа. Дэлхийн зах зээлийн харьцангуй холын хандлагыг ажвал, АНУ долларын ханшийг чангаруулах бодлогодоо ахиц олж, улмаар ам. долларын чансаа сайжрахын хэрээр нефть бүтээгдэхүүний үнэ баррель нь 100 орчим ам. долларт тогтворжих таамаг сонсогдож байна. Үнэ өсөхөд Засгийн газар л ганцаараа шооконд орж, унахад ялалт мэт сайрхаж амьдарна гэвэл энэ нийгэмд эрүүл харилцаа хэзээ ч төлөвшихгүй. Д. Медведевийн хэлсэнчлэн

“Бизнесийг бүү айлга. Бизнест таатай орчин бүрдүүлж өг”. Төр, засгийн үүрэг ердөө энэ. Эмзэг ядуусаа тэтгэх үр дүнтэй механизмтай бол. Нийтээр нь 200 төгрөгөөр автобусанд чихдэг халамжийн бодлого энэ янзаараа цаашид үргэлжилбэл хотын тээвэр нэг л өдөр гарцгүй мухардана. Сонгуулийн маргааш цахилгаан, дулааны үнэ нэмдэг өөдгүй бодлогоо үе үеийн Засгийн газрууд өөрчлөх цаг болсон. Бизнесийн хэвийн үйл ажиллагааг нөхөн олговор хэмээх худал амлалтаар бүү тасалдуул.

Төр, засгийн байгууллагууд ард иргэдийнхээ эсрэг нефть импортлогчдыг, талх, гурил үйлдвэрлэгчдийг, нүүрсний уурхайнуудыг муучлан тавьж, үнэ өссөний бурууг чихэж байхынхаа оронд өөрсдөө зардал чирэгдлээ эргэж харцгаа. Энэ удаагийн төсвийн тодотголд тусгах саналуудыг хэрэв анхааралтай ажиглавал иргэдийн амь амьжиргаанд хэрэгтэй гэхээсээ илүү төр, засгийн алдаатай бодлогын төлөөсөнд хийсэх зарлагууд дурайж байгаа. Хадгаламж банкнаас дутсан 13.5 тэрбум төгрөгийг энэ удаагийн төсвийн тодотголоор татвар төлөгч төлнө. Хадгаламж зээлийн хоршооны хохирлын үлдсэн хэсгийг татвар төлөгч халааснаасаа гаргана. Хямд бензин хэрэглэж, том машинаар хаваржин, зунжин давхисан хүмүүсийн шатахууны татварын зөрүүнд 110 тэрбум төгрөг мөн л татвар төлөгчдийн халааснаас гарна. Түүнчлэн, янз бүрийн салбарт 50 хувийн зээлийн хөнгөлөлт чөлөөлөлт сонгуулийн өмнө амласнаа төсвийн тодотголоор баталгаажуулна. Монгол Улсын төсвийн орлого урьд хожид байгаагүй нэмэгдэхийн хэрээр үрж зарах уралдаан өрнөж байна. Үр дүнд нь 2008 оны төсөв их хэмжээний алдагдалтай гарахаар болжээ. Айсуй жилүүдэд ч алдаатай бодлого даамжран, Эх орны хишиг, Эрдэнийн хувийг иргэн болгонд толгой дараалан дансаар шилжүүлэх амлалт үргэлжилнэ. Харин ийм амлалтын нөгөө талд Монгол Улсад бизнесийн ашиг найман хувьд хүрвэл тухай компанийн ашгийн таван хувийг нь төр нийгэмчилнэ гэсэн хуулийн заалт мөдхөн батлагдаж магадгүй болоод байна.