ДОЛЛАРЖСАН ЭДИЙН ЗАСАГ 2009 ОНД

2008.12.19

Өндөр халуурсны дараах сульдаа эхэлжээ. Тонн зэсийн бодит үнэ 3000-3500 ам. доллар гэж судлаачид тооцдог боловч сүүлийн жилүүдэд хэрэглээгээ дагасан үнийн хөөргөдөл дунд зэс гэгч нь алтнаас чухал эд болоод байлаа. Үнийн ийм хөөргөдөл дунд Монгол улсын эдийн засагт хэт халалт үүсэв. Жижиг улс том эдийн засагтай байхын зовлон буюу шинэ өвчний онош өнөөдөр тодроод байна.

Байгаа мөнгөнийхөө хэрээр том зарлагууд төлөвлөж явсаар бид өвчнөө ужиг архаг болгосон юм. Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүн, улаан буудайн үнэ рекорд түвшиндээ хүрсэн үеийн ханшаар гэрээлж аваад нөөцөлсөн бензин, гурилаа монголчууд одоо хэрэглэж байгаа. Өнгөрсөн зургаа, долдугаар сарын зах зээлийн хэмнэлээр бид өдгөө амьдарч байна гэсэн үг. Харин энэ хооронд дэлхийн зах зээл орвонгоороо өөрчлөгдөн, сууриараа ганхсан байх юм.

Ийм өөрчлөлтийн тухай мэдээллийг хором болгонд хүртэж яваа шинэ цагийн монгол хэрэглэгч л харин эх нутагт нь эдийн засгийн нөхцөл байдал өнгөрсөн зуныхаараа налайж байгаатай эвлэрч чадахгүй гайхшаа барж сууна. Бензиний үнэ дэлхийн зах зээл дээр долдугаар сарынхаасаа өдгөө бараг дөрөв дахин хямдарсан. За аа… удахгүй манайд бүх төрлийн шатахууны үнэ 200-300 төгрөгөөр литр тутамд хямдарна аа хэмээн АМГТХЭГ-ын Газрын тосны газрын дарга Ч. Чулуунбат удаан гэгч уянгалуулан ярив. Сүүлийн хоёр сарын турш тэрбээр ийм хямдралын хүлээлтийг нийгэмд бий болгож байгаа ба за аа… хэмээн Чулуунбат даргын үгээ эхлэх тоолонд телевиз үзэгчид юу гэх гээд байгааг нь түүнээс түрүүлээд хэлчихдэг болжээ. За аа… гэх зуур ам. долларын төгрөгтэй харьцах ханш 100-150 төгрөгөөр чангарсан билээ. Шатахуун худалдан авах гэрээг ам. доллараар хийдэг. За аа тэгвэл долларын ханшаас болоод бензиний үнэ эртүүдийн хэлсэн шиг их хямдрахгүй, гэхдээ л бууна аа. Ингэж ярьж дуусаагүй байтал нь эдийн засаг зогсонги байдалд ороотохжээ. Арилжаа наймаа, ажил үйлчилгээний өмнөх хэмнэл саарч эхлэв. Эдийн засаг мөнгөөр гачигдан, хүнээр зүйрлэвэл цусны эргэлтгүй болчих шахаж байна. Бензин шатахууны хэрэглээ хүйтний хоёр улиралд багасдаг. Үүн дээр энэ жилийн зогсонги царцанги байдал нөлөөлж эхэллээ. За аа… Төрийн албаныхан шатахууны бодит үнийн талаар дахин тооцоо хийж үзэх болов уу? Үгүй л байх. Яагаад гэвэл хямдралын хүлээлтийг тэд аль хэдийнэ нийгэмд бий болгочихсон юм. Өөрөөр хэлбэл, зохиомол мэдээллийн менежмент манай эдийн засагт хамгийн хурдацтай хөгжиж байна. Бодит ажил, арга хэмжээ бол бүтэн улирал, хагас жилээр хожимдон хэрэгжиж байна.

Бодит мэдээлэлд үндэслэн, зөв шийдвэр гаргахад нь иргэдэд туслах тухай мэдээлэл зүйн онолыг өнөөдөр өөрчлөн, зохиомол мэдээгээр хүндрэлийг халхлан зөөллөх, аливаа алдаа гажуудлыг будаж шунхдах замаар түр хаах арга чарга дэлгэрээд байна. Үр дүнд нь иргэд хохирч эхэллээ. Гадны эх үүсвэрээс мөнгө татаж, банк санхүүгээ цусны эргэлттэй болгоё хэмээн УИХ-ын гишүүн О. Чулуунбат ярьсны дараа Монголбанкны удирдлага мэдэгдэл гаргаж билээ.

“Ройтерс агентлаг УИХ-ын гишүүн, Монголбанкны ерөнхийлөгч асан О. Чулуунбатаас 2008 оны аравдугаар сарын 28-ны өдөр ярилцлага авч нийтэлжээ. Уг ярилцлагад тэрбээр Монголын банкны салбарт 500 сая ам. долларын аврах санхүүжилт хийгдэнэ хэмээн дурдсан байна. Ярилцлагад дурдсан шиг их хэмжээний мөнгийг банкны салбарт хийж аврах учир шалтгаан, шаардлага үгүй болно” хэмээн Монголбанк няцаалт хийсэн юм. О. Чулуунбатын Ройтерст өгсөн ярилцлагыг олж үзсэн монгол уншигч цөөн байсан бол Монголбанк цухалдуу няцаалт хийж, түмэн олондоо зарласны дараа банкны системд барууны орнуудынх шиг хүндрэл үүсэх юм биш биз гэсэн болгоомжлол нийгэмд гарч эхэлсэн юм.

2008 оны дөрөв, тавдугаар сараас эхлэн зээл олголт үндсэндээ зогссоныг иргэд сайн мэднэ. Тэр үеэс өнөөг хүртэл бизнес эдийн засгийн хурд саарсаар, өдгөө зогсонги байдалд оржээ. Хөрөнгө оруулалтын амь тариаг эдийн засагтаа цаг алдалгүй, олон нийтэд зарлаж шуугиулалгүй хийчих хугацаа байсан. 1.3 их наяд төгрөгийн хадгаламжтай атлаа 2.6 их наяд ын зээл олгосон арилжааны банкуудад эргэлтийн хөрөнгө хомсдох аюул бодитой нүүрлээд байлаа. Банкны цусны эргэлтийг нөхөн сэргээх хөрөнгийг Эрсдэлийн сангаас гаргах, эсвэл гаднаас санхүүжилт олох хоёр л арга зам бий. Монголын эдийн засаг бизнесийн амьдрал, улмаар иргэдийн амьжиргаа улирлын чанартай зээлийн урсгалаар тэжээгддэгийг Засгийн газар, Сангийн яам сайн мэднэ. Эдгээр арга замын нэгнийх нь тухай ярьсан О. Чулуунбатыг онилон дайрах кампанит ажил илүүц зүйл гэдгийг бүр аравдугаар сарын сүүлээр эдийн засагчид ойлгож л байлаа. Гэхдээ эдийн засагчид тэр үед дуугараагүй. Элдэв зүйл ярихыг хориглох, “ам барих эдийн засгийн бодлого” хэрэгжиж байв. Хэрэв үүнийг бодлого хэмээн нэрлэж болдогсон бол.

Монголбанкны валютийн нөөц богино хугацаанд дундарч байгааг бүү дурс хэмээн анхаарууллаа. 1.1 тэрбум ам. долларын нөөц 500 сая тийш уруудаж байгаа тухай дуугарвал чи эх оронч биш гэв. Сүүлийн сар хагаст төгрөгийн ам. доллартай харьцах ханш 100 илүү төгрөгөөр суларсныг хараагүй, мэдээгүй шүү гэлээ. Банкинд хадгалуулсан найман мянган ам. доллараа найз маань авч чадахгүй байгааг тас нуух ёстой боллоо. Гэхдээ энэ тухай хэнээс нуух ёстой вэ? Өөрөөсөө юү?

Зохиомол мэдээллүүд дунд төөрөлдсөн иргэд “Анод”-оос мөнгөө арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс авч эхэлжээ. “Анод”-ыг төр мэдэлдээ авсан ба хүсвэл хадгаламжаа татаж болно гэсэн зар түгэв. Харин уг арга хэмжээнийхээ араас давхар авах ёстой шийдвэрүүдийн талаар хэн ч дурссангүй. Эхний дөрвөн өдрийн дотор Монголын зах зээлд 48 тэрбум төгрөг гарчээ. Бусад банкнаас ч иргэд хадгаламжаа татсан дүнг нэгтэгвэл төгрөгийн ханшийг ганцхан долоо хоногт юу ч биш болгохуйц асар их хэмжээний бэлэн мөнгө зах зээлд урсан орж ирлээ. “Анод”-ын маанийг унших шийдвэртэйгээ зэрэгцээд Засгийн газар, Монголбанк төгрөгийн ханшийг хамгаалах арга хэмжээ аваагүй юм. Хөөрхий иргэд хэдэн төгрөгөө шуудайд хийж гараад, хаачихаа мэдэхгүй зогтусав. Цөөхөн нь хадгаламжаа буцаая гэж хэлсэн гэх. “Ийм иргэд хүүгээрээ хохирч байна л даа. Хугацаат хадгаламжийн гэрээг цуцлаад, мөнгөө аваад явсан болохоор одоо яая гэхэв, эрсдэлээ өмнө нь тооцох ёстой байсан” хэмээн “Анод”-ын эрх хүлээн авагч ярьжээ. “Анод”-ын хадгаламж эзэмшигчдийг тохуурхсан, бодит мэдээлэлгүй хүмүүсийг төр хохироосон үйлдэл юм, энэ нь.

Хөрш Орос улсад яг ийм үйл явдал болж байна. Эдийн засгийн хямралын тухай бичсэн хэвлэлүүдийг буруутгах кампанит ажил тэнд ч эхлээд байна.

Эрх баригч “Нэгдмэл Орос” намын ийм хатуу бодлогыг эсэргүүцэгчид байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Холбооны зөвлөлийн тэргүүн, “Шударга Орос” намын дарга С. Миронов “Манай засаг, төр ард түмнээ сонсохоо больжээ. Бүх зүйл хэвийн сайхан гэж сонинд бичээд байдаг. Гэвч Оросын жирийн иргэн дэлгүүрт ороод амьдрал хэвийн биш болсоор байгааг харж байгаа шүү дээ” гэжээ. Барууны хүчнүүдийн холбооны нөлөө бүхий лидер, РАО ЕЭС –ийн тэргүүн А. Чубайс “Өнгөрсөн жилүүдэд Орос улсын нефть бүтээгдэхүүний ашгаас олсон асар их орлого хаачив” хэмээн шүүмжилсэн байх юм.

Орос улс эдийн засгийн хямралд тэгтлээ нэрвэгдэхгүй ээ. Ирэх жил ажилгүйдлийн статистик нэг их өсөхгүй хэмээн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Т. Голикова мэдэгдэж байхтай зэрэгцээд телевизүүдээр “багууд” хэрхэн нутаг орон руугаа буцаж байгааг харуулсан мэдээ гарч байлаа. Амьдрал хайн Дундад АзиасМосквад ирсэн бага ястнууд өдгөө вокзал сахин, нутгийн зүг хүлгийн жолоо залахаар сэтгэл шулууджээ. Жижиглэн худалдаа, үйлчилгээний газруудын ашиг орлого багасч байгаа гэцгээх аж. 2008 оны аравдугаар сарын байдлаар тус улсад 4.5 сая ажилгүй хүн байгаа гэнэ.

Хямралыг даван туулах улсын Комиссыг арванхоёрдугаар сарын 17-нд ОХУ-ын Засгийн газар эмхлэн байгуулав. И. Чуваловын тэргүүлэх уг комисс иргэдийнхээ моргейжийн зээлийг хамгаалах ажлыг нэн түрүүнд авч хэрэгжүүлэх аж. Тус комиссын гаргасан мэдээгээр Орост 60 сая хүн аль нэг төрлийн зээлтэй байна. ОХУ-ын Засгийн газар хямралыг даван туулах, аварга том эдийн засгаа хохирол багатай аваад гаргах төлөвлөгөөгөө шуугиан дуулиан багатай үргэлжлүүлсээр байгаа боловч Барууны хүчнүүдийн холбооны зүгээс Сангийн сайд А.Кудриныг огцруулахыг шаардсан дуу хоолой хаа нэг сонсогдсоор байгаа юм. Эрх баригч намын зүтгэлтнүүд хямрал тэгтлээ гүнзгийрээгүй тухай өдөр бүр ярьж буй боловч тэрбумтан Олег Дерипаскагийн эзэмшлийн номын дэлгүүрүүд хүртэл үүдээ барьж байгаа тухай Оросын хэвлэлүүд бичжээ. Оросын ард түмэн ор тас мөнгөгүй болсондоо бус, хэмнэх гамнах ёстой гэсэн ойлголтдоо хөтлөгдөөд, шинэ жилийн том шоу арга хэмжээнүүдээс татгалзаж, нийгэмд нь ерөнхийдөө хямралын эсрэг хамтдаа тэмцэх сэтгэл зүй нэгэнт бэлтгэгдсэн байна.

Германы Канцлер Ангела Меркел “2009 он муу мэдээний жил болно. Гэвч хамтын чармайлтынхаа дүнд бид 2010 оноос дахин урагшилж чадна” хэмээн ярьжээ. Өдгөө үнэний өмнө нүүр буруулах аргагүй цаг үе ирээд байна. Тэр тусмаа Монгол улсын Эрсдэлийн сангийн хөрөнгийг зарцуулахаас аргагүй болсон нөхцөл байдлыг илэн далангүй тайлбарлах, Засгийн газраас хямралын эсрэг авах арга хэмжээнүүдээ нээлттэй зарлахыг иргэд хүлээж байна. Засгийн газар шийдвэртэй, зөв алхам хийх нь ээ гэдгийг иргэн бүр ухамсарлаж, итгэж байх явдал нь “Юу ч болоогүй, дэлхийн хямралд тэгтэл өртөхгүй” гэх зохиомол мэдээлэл, түүний араас үүсч байгаа “Анод”-ынх шиг цочир арга хэмжээнүүдээс хамаагүй чухал юм.

Эрсдэлийн сангийн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулах Засгийн газрын журам батлагдсаныг бүгд мэднэ. Энэ бол итгэлийн хүлээлт. Банкууд зээл олгох нь гэсэн найдвар. Гэвч яг одоо бодит байдлыг иргэддээ ойлгуулан тайлбарлах ёстой. 2009 оны улсын төсөв 390 тэрбум төгрөгийн алдагдалтай батлагдсан. Үүнээс 195 тэрбумын санхүүжилт нь нэн тэргүүнд шаардагдана. Экспортын орлого одоогийнхоосоо дорвитой нэмэгдэх хандлага харагдахгүй байгаа нөхцөлд уг эх үүсвэрийг мөнөөх Эрсдэлийн сангийн хөрөнгөнөөс гаргаж таарна. Өөрөөр хэлбэл, Эрсдэлийн сангийн мөнгөөрөө бид төсвийн цоорхойгоо нөхөхөөс өөр аргагүй болоод байгаа билээ. Ийм бодит байдлыг бүтээлгээр далдлах хэрэггүй бөгөөд ард иргэд Эрсдэлийн сангийн мөнгө банкинд ирэхээр зээл олж авна гэсэн хүлээлттэй суугаа. Үнэн зөв мэдээлэл өгөхгүйгээр хямралын давлагаан дунд сохор хүмүүсийг дагуулан завиндаа суух шаардлагагүй юм. Эрсдэлийн сангийн хөрөнгө нь арилжааны банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг сайжруулах, богино хугацаатай санхүүжилтэд зориулагдана. Төсвийн алдагдлыг нөхөөд, чөлөөт үлдэгдэл гарсан тохиолдолд шүү дээ.

Түүнчлэн арилжааны бүх банк амь тарианы арга хэмжээнд хамрагдахгүй ч байж болох. Байдал хүндэрсэн банкуудад сангийн мөнгөнөөс хуваарилах эсэх тухай ярьцгааж байна. Засгийн газрын энэхүү журам болон зургаан үндсэн заалт бүхий дагалдах гэрээний маягтуудын талаар ойлгомжтой тайлбар өгөхийг хадгаламж эзэмшигчид хүлээж байгаа билээ. Тухайлбал, журамд зааснаар зургаан сарын хугацаанд арилжааны банкинд төрийн мөнгө байршина. Шаардлагатай бол дахин гурван сар хугацааг сунгах боломж бий. Ирэх оны эхний хагас жил хүртэл Эрсдэлийн мөнгөөр хадгаламж эзэмшигчид ба харилцагчдынхаа эхний шаардлагуудыг банк биелүүлнэ. Төрийн мөнгийг эргүүлж төлөх баталгаа нь вексель. Гэхдээ хагас жилийн хугацаанд арилжааны банкуудыг тогтоон торгооход Эрсдэлийн сангийн мөнгө хүрэлцэх үү. Энэ зуур Монголын төр гадаадаас зээлийн эх үүсвэр олж чадах уу. Ямар улсаас бид их хэмжээний зээл авах гэж байна вэ. Зээлийн хожмын дарамт бий болох уу. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ямар зөвлөмж гаргаж байгаа бол. Асуултууд үргэлжилсээр байна.

Эдийн засагт амь тариа хийх гэж байна. Харин эрчимт эмчилгээ болох учиртай зээлийн эх үүсвэрийг хаанаас олох вэ. Нөгөө О.Чулуунбатын сар хагасын өмнө ярьж байсан 500 сая ам. долларын зээлийн эрэлт хэрэгцээ энэ нийгэмд дэндүү их байна. Ройтерс агентлагаар дамжуулан олон улсад хэрэгцээгээ зарласан тэрхүү ярилцлагыг няцаалтаар далдалж байхынхаа оронд санхүүжилтийн эх үүсвэр хайж эхэлсэн бол өдийд хугацаа хожих байлаа. Нэг тэрбум ам. долларын зээлийн эх үүсвэр гаднаас хайж байгаа гэсэн мэдээлэл тархсан боловч үүнийг нотолсон, үгүйсгэсэн ямар нэг тайлбар гарсангүй.

Монгол улсын эдийн засаг зогсонги байдалд орж, нэн яаралтай идэвхжүүлэх алхмыг үгүйлж байна. Тэр нь зээл. Арилжааны банкуудыг зээлийн эх үүсвэртэй болгох алхмыг Монголбанк, Засгийн газар яаралтай авахгүй бол ирэх жилийн эхний улиралд эдийн засаг сульдаанаасаа архаг хуучид автах аюул нүүрлэж байна. Сүүлийн хэдхэн жилд маш ихээр тэлсэн манай эдийн засаг, иргэдийн задгай хэрэглээ огцом хумигдан, уг шилжилтийн явцыг дагаад худалдаа, үйлчилгээний салбарт гинжин дампуурал хүрээгээ тэлж болзошгүй юм. “Анод” банкны амьсгаа давхцуулсан операцийг эхлүүлэхтэйгээ зэрэгцээд Монголбанк иргэдийн хадгаламж урсах учиртай шинэ гарц нээж өгөх ёстой байлаа. Үүний тулд л төр оршдог. Бодлого гэдэг ийм үед л зохицуулалтаар илэрдэг. Зах зээлд “Анод”-ын нийт хадгаламж болох 140 орчим тэрбум төгрөг ороод ирэх нь тэртээ тэргүй сульдаж суларсан төгрөгийг цаас болгоно. Ам. доллар, төгрөгийн жилийн хэлбэлзэл зургаан хувьтай гарсан. Уг үзүүлэлт ирэх жил нэлээд хэмжээгээр нэмэгдэж болзошгүй. Тэр савлагааны далайцаар төгрөгийн хадгаламжтай иргэд ханшийн зөрүүнээс асар их хохирол амсах билээ. Гараа хумхин суусан нэг өдөр болгон эдийн засагт асар их хохирол авчирч байна.

Эрсдэлийн сангийн мөнгийг арилжааны банкуудад байршуулахаасаа өмнө банк татвар төлөгчдийн өмнө ямар хариуцлага хүлээж байж энэ мөнгийг авахыг олон нийтэд ойлгуулах нь бас л чухал байна. Одоогийн байдлаар яригдаж буй хувилбар гэвэл тухайн банкинд үнэт цаас, хадгаламж хэлбэрээр Засгийн газар хөрөнгөө байршуулна. Үүнээс илүү дэлгэрэнгүй, ойлгомжтой тайлбар хараахан сонсогдсонгүй. Арилжааны банк болгоны онцлогт тохируулсан амь тарианы хувилбар байх нь оновчтой. Гэвч Засгийн газрын журмын дагуу зургаан үндсэн шаардлага бүхий ижилхэн маягтуудыг арилжааны банкууд хүлээн авчээ. Юутай ч өнөөдөр эх орны эдийн засаг хямраагүй, бэрхшээгээгүй гэх хоосон яриа сонсогдохоо болиод, ирэх жилийн эхний улиралд авах арга хэмжээнүүдийг төлөвлөж эхэлсэн нь сайн хэрэг.

Бензин хямдарна аа, бүх зүйл сайхан байна аа, хямрал холуур өнгөрнө өө гэх зохиомол мэдээнүүд хуучин ондоо үлдэг. Бодит мэдээллийн дүнд зөв сонголт хийх боломжийг иргэддээ олгоё. Үүнийг л эдээр засаглах ухаан гэдэг билээ. Юань, долларын ханш улам бүр чангарч байна. Хэт долларжсан манай эдийн засаг дэндүү богино хугацаанд мэдэгдэхүйц доргилт авчээ. Зэсийн өндөр үнэд маш хурдан дассан эдийн засаг хөрч эхэллээ. Их халалтын дараахь шилжилтийн энэ өдрүүд хэр удаан үргэлжлэх бол. Үрэлгэн инерц дахин нэг улирал өнхрөх үү. Хагас жил болох уу. 2.6 их наяд төгрөгний зээлдээ тушаатай эдийн засгийн чөдрийг мулталж, мөнгөний эргэлт бий болгох арга зам хаана байна. Ухаанаа уралдуулж, зөв сэтгэж, орчиндоо түргэн зохицож байж бид хямралыг давна. Орчноо зөв мэдрэхийн тулд иргэн бүр бодит мэдээлэл авах ёстой. Сохор нийгэмд хар нүдний шил захиалж суугаа хүмүүс давлагаа ирээгүй хэмээн хөлгүй далай тийш хөөрхийг чирч байна. Завиндаа бүгдээрээ суугтун, залуур жолоог нь ахмад зөв чиглүүлэх эсэхийг хянагтун. Таяг, хар шилийг нь тэнэгт өөрт нь үлдээ.