ДАРААГИЙН АЛХМУУД

2009.01.26

Дараагийн алхмууд нь өмнөх алдаагаа давтахгүй байхад чиглэх ёстой.

Замын ажил гүйцэтгэсэн компаниуд “Анод” банкнаас өндөр хүүтэй, урт хугацаатай их хэмжээний зээл авсан юм. Засгийн газраас зарласан тендерийн ажлыг гүйцэтгэж байсан учир тэдгээр компани ийнхүү зээлийг зоригтой авч, эргэн төлөх итгэлтэй байлаа. 21 тэрбум, найман тэрбум, хоёр тэрбум, дахиад найман тэрбум төгрөгийн зээлийг бизнесийнхэн “Анод” –оос авч, хөдөө орон нутагт зам харгуй тавьжээ. Засгийн газрын тендерт ялсан компаниуд өөрийн хөрөнгөөр ажил гүйцэтгээд, гэрээний дагуу төсвөөс тодорхой хугацааны дараа тэдэнд эргэн төлөлт хийдэг. Гэтэл амьдрал дээр гэрээний заалтыг Засгийн газар мөрдөхгүй байх нь олон. Тэр бүү хэл төсөвт уг хөрөнгийг огт суулгаагүй тохиолдол гарчээ. “Анод” банкнаас зээл авч, зам тавьсан компанид төлөх учиртай мөнгийг төсөвт суулгахаа “мартчихсан” байсан гэсэн үг. Төрийн түшээдийг мартагнаж байх зуур “Анод”-ын зээлдэгч зээлийн хүү торгуульд дарагдсан гэсэн үг. Яг хэдэн компанийн гүйцэтгэсэн тендер дээр Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлээгүй вэ гэсэн бодит мэдээллийг өдгөө нууцалж байна. “Энэ талаар ярих боломжгүй, нарийн ээдрээтэй асуудал байгаа юм” гэхчлэн төрийн албаны хүмүүс тайлбар өгөхөөс татгалзаж бултсаар байна. Тэгэхээр “Анод” банкны найдваргүй зээлдэгчдийн нэг нь Засгийн газар өөрөө юм. Тус банкны Гүйцэтгэх захирал Д.Энхтөр Монгол улсын Ерөнхий сайдад ийм утгатай захидал бичээд төдөлгүй Ганц худагт хоригдсон. Харин Ерөнхий сайдын зүрх өвдөж, Клиникийн II эмнэлгийг зорьсон билээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай Монгол улсын хуулийг Засгийн газар өөрөө зөрчсөн ийм тохиолдол дахин давтагдах ёсгүй. Зөвхөн зам, эрчим хүчний шугам тавих тендер төдийгүй, эм, бараа материал худалдан авах тендер дээр ч хууль зөрчсөн үйлдэл олон гардгийг бизнесийнхэн ярьж байна. Төрөөс зарласан тендерт ялсан компани эмнэлгүүдэд эм, бараа материал нийлүүлснээс хойш төлбөрөө олж авч чадалгүй сар, жилээр хойшлогдсоор байгаа тохиолдол цөөнгүй бий. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд 2007 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Уг өөрчлөлтийн дагуу эрчим хүчний шугам, зам тавих компаниудтай төр шууд гэрээ хийх болжээ. Тендерийн гүйцэтгэлийн явцад уг ажлын хэмжээ нэмэгдэх нь ердийн үзэгдэл. Хөдөөд зам, эрчмийн шугам тавихад газар орны нөхцөл байдлаас үүдээд ажлын зардал өсөх тохиолдол гардаг. Ийм үед нөгөө айхтар гэрээний хатуу заалтыг бариад төрийн байгууллагынхан гэдийж орхино. Хийсэн ажлыг газар дээр нь хянаж шалгаж байж төлбөрийг шийдэж өгнө гээд алга болчихно. Яамны түшмэл хэн гуайг дүгнэлтээ гаргах гэж ядсаар байх хооронд банкнаас зээл авсан гүйцэтгэгчийн өр шир талийгаад явчихна. Ингэлээ гээд Монголын төр иргэн, аж ахуйн нэгжээс уучлалт хүссэн ганц ч тохиолдол байхгүй. Бусад зээлдэгчийн адил Засгийн газар ч гэсэн өрөө төлөх учиртайг сануулбал харин тэр дор нь шоронд хийж сүрдүүлнэ. Энэ бол Монголын төрийн давтан үйлдэх ёсгүй гутамшигтай алдаа юм.

Дараагийн алхмууд нь өмнөх алдаагаа давтахгүй байхад чиглэх ёстой. Юуны түрүүнд 2009 оны улсын төсөвт хийх тодотголоор төрийн зардлыг эрс багасгах учиртай. Хэрвээ Монгол улс захиргааны зардлаа бууруулж чадахгүй бол Олон улсын валютын сан манайд хөтөлбөр хэрэгжүүлэхээс үргэлжлүүлэн татгалзана. Манай улсын зээлжих эрхийн зэрэглэл ч “сөрөг” ангилалд багтсаар байх юм. ОУВС зээл өгөхөөс татгалзвал бидэнд зөвхөн “хоёр талын хэлэлцээрийн зээл”-ийн боломж үлдэнэ. Энэ бол сонголтгүй хувилбар. Өөрөөр хэлбэл, Хятад, Орос, БНСУ, Японы аль нэгээс нь зээл авах хатуу хувилбар монголчуудад үлдэнэ. Нийт зургаан орны төр, засгаас мөнгө гуйснаа Сангийн сайд С. Баярцогт мэдээлээд, тэднээс Хятад улс нааштай хариу өгч байгааг онцлов. Хамгийн муу хувилбар нь энэ. УИХ-ын гишүүн Ч. Улаан энэ талаар “Нэг их хөршийнхөө өрнөөс дөнгөж салаад, дараагийн өрөнд унах юм биш биз” гэсэн болгоомжлолыг Сангийн сайдад сануулсан юм.

Стратегийн орд газрууд дээр байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээр ид өрнөж байгаа үед Монгол улс санхүүгийн бэрхшээлд ороод байна. Эдийн засагт энэ жил дутагдах мөнгийг орд газруудынхаа ирээдүйн хувь заяатай холбоод цаламдчих вий гэсэн болгоомжлол байна. Ингэж болгоомжилж байгаагаа УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн есөн гишүүн илэрхийлжээ. Стратегийн орд газруудыг ашиглах явцдаа Монгол улс эдийн засгийн гурав дахь хөрштэй болох учиртай гэж

Д. Ганхуяг тэргүүтэй гишүүд үзэж байна. Тухайлбал, Япон улс манайтай уран, зэс, нүүрсний, түүнчлэн газрын ховор элемент олборлох, боловсруулах салбарт хамтран ажиллахыг хүсч байгаа. Япончуудын энэ эрмэлзлийг дагуулаад бид өнөөгийн санхүүгийн бэрхшээлт үедээ мөнгө зээлж болох юм гэсэн санааг УИХ-ын гишүүд илэрхийлжээ. Нэгдүгээр сарын 9-ний өдөр гишүүд саналаа албан ёсоор Ерөнхий сайдад тавьсан юм. Ер нь шинэ оны эхнээс УИХ-ын гишүүд улс оронд нэн хэрэгцээтэй байгаа хөрөнгө санхүүжилтийг хэрхэн олох талаар толгой гашилгах болсон. Засгийн газрын тэргүүнийг тодорхой алхам хийхийг шахаж, Ерөнхий сайд уг шаардлагын дагуу урт гэгч нэртэй Ажлын хэсэг эмхлэн байгуулсан билээ. Уг Ажлын хэсэг нэгдүгээр сарын хоёрдугаар долоо хоногоос хуралдаж эхлэв. Дараагийн алхам юу байх вэ гэсэн асуултаас Ажлын хэсэг хурлаа эхэлжээ.

Ямар нэг алхам хийхийг Засгийн газраас зөвхөн УИХ шаардаагүй юм. Үндэсний шинэ намынхан нэгдүгээр сарын 11-ний өдөр мэдэгдэл гаргаж, түүнээ МАХН-ын Удирдах зөвлөлд хэмээн хаягласан байв. Асуудал ужигран, төр-нийгмийн хямрал болохоос урьтаж анхааралдаа авахыг тэд шаарджээ. Шаардлагын хариуд МАХН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд өнгөрсөн долоо хоногт зөвлөлгөөн зохион байгуулав. Монголын нийгмийн тэргүүлэх хэсгийнхэн санаа бодлоо солилцож, бидний дараагийн алхам юу байх ёстой талаар хэлэлцэв. Төрийн ордонд хуран цугласан эрдэмтэн, бизнесийнхэн, төрийн байгууллагын албан хаагчид, банкирууд нэг зүйл дээр санал нэгдэж байсныг онцгойлон тэмдэглэе. Төр, засаг бодлогын алдаагаа засах нь дараагийн хамгийн чухал алхам юм гэсэн санаанд тэд нэгдэж байлаа. Бодлогын алдааг өнөөдөр засахгүй бол маргааш төр-нийгмийн хямрал болоход ойрхон гэж тэд үзэж байна. Нийтээрээ хэмнэлтийн аянд нэгдэхийг мөн уриалав.

Дараагийн алхмууд нь өмнөх алдаагаа давтахгүй байхад чиглэл ёстой.

Монголбанк өдгөө ам. долларын ханшийг чөлөөтэй тавьжээ. Нэг долларыг 1330 төгрөг, түүнээс илүү үнээр худалдан авч болох гэнэ. Монголбанк албан ханшаа ингэж задгай чөлөөтэй тавьж өгдөг болоод байна. Өмнөх алдааг давтахгүй гэж. 2008 оны ес, арав, арваннэгдүгээр сарын турш Төв банк ам. долларын нийт нөөцийнхөө бараг талаар нь интервенц хийгээд зах зээлд гаргачихсан билээ. Төгрөгийн ам. доллартай харьцах албан ханшийг 1220 төгрөгөөс илүү гаргахгүй гэж хоёрын тоотой тун чиг их зууралдаж билээ. Тэгвэл Монголын Төв банк хамаг нөөцөөрөө интервенц хийж ахуйд БНСУ-д байдал ямар болсныг эрхэм уншигч санаж буй биз ээ. БНСУ-ын Засгийн газар воны ханшийг хамгаалах гэж оролдоогүй, сул тавьчихсан. Валютын нөөцөө хадгалж үлдэх гэж. Экспортын орлого нь багасаад эхэлмэгц, долларын ханшийн ачааллыг ард иргэдтэйгээ хамт үүрэх гэж ийм арга хэмжээ авчээ. Валютын нөөцөө гадагш нь урсгалгүй хамгаалж үлдэх гэсэн энэ аргыг ОХУ-ын Засгийн газар ч мөн үргэлжлүүлсээр байна. Оросын удирдагчид шинэ жилийн өмнөхөн үеэс эхлэн хөөрхий рублийг золигт гаргаж, одоо ганц ам. доллар 40 рубльтэй тэнцэх байх гэсэн хүлээлт нийгэмд нь бий болжээ. Өнгөрсөн жилийн өдийд нэг доллар 26 рубльтэй тэнцэж байлаа. Нефтийн үнэ буурах тусам Оросын валютын нөөц санаанд оромгүй хурдаар дундарч эхэлсэн. Одоо рублийн нэр төрийг бодохтой манатай. В. Путин санхүүгийн бэрхшээлийг ард иргэдтэйгээ хамт үүрэхээр ийнхүү рублийг зөнд нь орхисон байх юм.

Манай Төв банк ч хэсэгтээ ам. долларт эрх чөлөө олгох бололтой. Нөөцөд байгаа 600 сая ам. доллараараа дахин интервенц хийлтэй биш. Одоо Монголбанк мөнгөний бодлогын дараагийн ямар нэг алхам хийх чадамжгүй байгаа бөгөөд гагцхүү Засгийн газар хаа нэгтээгээс хөрөнгө санхүүжилт гуйгаад ирээсэй гэсэн хүлээлттэй суугаа. Эрсдэлийн сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкуудад байршуулах журмын тухай яриад бараг хоёр сар болсон. Энэ хооронд Эрсдэлийн санд үлдэгдэл гэх юмгүй болж, байгаа хэдээр нь төсвийн цоорхойг нөхөж чадвал барав болжээ. Санд мөнгө үлдлээ гэхэд Монголбанк, Засгийн газар хоёрын хамтран боловсруулсан амьдралаас арай л тасархай журмын дагуу мөнгө авч банкиндаа өр нэмэх нь эрсдэлтэй алхам юм. Хагас жилийн богино хугацаатай зээл төрөөс авч, толгойгоо өөрөө дүүжлүүрийн гогцоонд хийх арилжааны банкны удирдлага одоогоор гараагүй байна. Банкирууд нэрэлхэхдээ “Зээл авах журам нь их төвөгтэй, цаг шаардсан, хүнд суртлын ажил байна лээ” гэсэн тайлбар хэлжээ. Арилжааны банкны удирдлагууд дараагийн алхмаа Эрсдэлийн сангийн жаахан мөнгөнөөс огт хараагүй бөгөөд тэдэнд урт хугацаатай санхүүжилтийн дэмжлэг маш чухал байгаа.

Дараагийн алхам маань 2009 оны улсын төсөвт тодотгол хийхээс эхэлнэ. “Төсөв, мөнгөний бодлого тодорхойлогчдын үгийг шийдвэр гаргагчид сонсохгүй байна. Сангийн яамны санал Засгийн газарт хүлээн зөвшөөрөгдөхгүй болсоор удаж байна” гэж Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б. Батжаргал ярьжээ. Монгол улсад төсөв, мөнгөний бодлого тодорхойлох ямар ч боломжгүй болоод цөөнгүй жил өнгөрчээ. Монголбанк 2007 оны долдугаар сараас төсвийн хумих бодлого хэрэгжүүлж эхэлснийг бид мэднэ. Тэр нь Монгол төрийн мөнгөний бодлого гэхээсээ илүүтэй М. Энхболдын Засгийн газрын улирал тутам нэмэгдүүлж ирсэн цалин, тэтгэврийн өсөлтийн инфляцийг саармагжуулах гэсэн оролдлого байлаа. Араас нь залгуулаад С. Баярын сонгуулийн бие халаалтад улсын төсөв урссан юм. Инфляц 2008 оны есдүгээр сард 34 хувьд хүрсэн нь дээрх Засгийн газруудын бодлогын алдаа байв. Төсвийн зарлагыг танахыг Монголбанк Засгийн газраас байнга хүсч байсан. Уг нь шаардах учиртай байжээ. Нефть бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ долдугаар сард рекорд түвшинд буюу баррель нь 147 ам. доллар болсон. Зах зээлийн ханш яг нэг сарын дараа Оросын экспортын үнэ болон Монголын хилээр орж ирдгийг мэдэхгүй хүн алга. Тэрхүү наймдугаар сарын үнийн галзуурсан мөчлөгийг “тохиолдуулан” Засгийн газар нөөцийн шатахуун базааж билээ. Монгол улсыг Хөгжүүлэх сангийн 44 тэрбум төгрөгийг ийнхүү алдагдал болгон хадгалж байна. Засгийн газарт зах зээлийн мэдрэмж дутаж байвч Сангийн яам, Монголбанкны мэргэжлийн хүмүүсийн үгийг хэзээ ч хүлээн зөвшөөрч байсангүй ээ. Шатахууны үнийг 2008 оны УИХ-ын сонгуульд зориулан таван сар хөдөлгөөнгүй барив. Нефть импортлогчдын энэ хугацаанд хүлээсэн алдагдлыг нөхөхийн тулд НӨАТ-ыг тэглэсэн шийдвэр гаргана гэж амлав. Сонгууль өнгөрсний дараа тэрхүү амлалтаа Засгийн газар биелүүлсэнгүй. Импортлогчид бензиний үнээ наймдугаар сард арга буюу огцом нэмэгдүүллээ. Үр дүнд нь инфляц 34 хувьд хүрэв. Буруутан нь Монголбанк болж, алдааг нь энгийн иргэд үүрчээ. Бизнесийнхэн айгаад юм дуугарах биш. Төрөөс эмээдэг, алдаан дор нь бөхөлзөж явдаг бизнесийнхэн, хөөрхий.

2009 он бас л сонгуулийн жил. Энэ оны төсвийн тодотголын өнгийг ажихул сонгуулийн марафонд цацчихмаар илүүдээ гарсан хөрөнгө үгүй байгаа нь бараг яамай даа гэмээр. Дараагийн алхмуудаа хийхдээ улс төрийг хэсэг огоорч, улс орны эдийн засгийг бодож үзээрэй хэмээн Засгийн тэргүүнээс хүсье.

“Алтыг банкинд тушаадаг болгомоор байна. Заавал Төв банк гэхгүй бүх банкны системд тушаадаг байх ёстой” Энэ бол Монголбанкны шинэ Ерөнхийлөгчийн ажлаа аваад хэлсэн анхны шахуу ишлэл. Унц алтны үнэ дэлхийн зах зээл дээр энэ онд 800 ам. доллараас доош буухгүй таамаглал гарч буй үед эрхэм Ерөнхийлөгч ингэж мэдэгдэж байна. Алтны экспортыг нэмэгдүүлж, валютын нөөцийг зузаалах нь түүний зорилго. Гэхдээ дараагийн алхмаа зөв хийгээсэй гэсэндээ шинэ Ерөнхийлөгчид өмнөх алдааг нь сануулахыг хүслээ. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга байхдаа Л. Пүрэвдоржийн гар бие оролцон амьдралд хэрэгжүүлсэн, алтнаас гэнэтийн ашгийн татвар авах тухай “мэргэн” санаа өдгөө Монгол дахь алтны бизнесийг нинжагийн зэрэглэлд ортол нь дарамталж сөнөөснийг тэмдэглэе. Зэснээс гэнэтийн ашгийн татвар авах тухай хуулийн төсөл 2006 оны хавар яригдаж байх үед УИХ дахь МАХН-ын бүлэг шуурхай хуралдаж, “Эрдэнэт”-ийн оросуудыг гомдоохгүйн тулд алтнаас бас гэнэтийн ашгийн татвар авчихъя хэмээн тэр өдөрт нь цахилгаан шийдвэр гаргаж билээ. Дизелийн түлшний үнийн өсөлттэй зэргэцээд, Л. Пүрэвдорж тэргүүтний харалган шийдвэр нэмэрлээд, өдгөө Монголын алтны үйлдвэрлэл далд байдалд шилжээд байна. Бодлогын алдааны төлөөс нь 565 сая ам. доллар. Алтны нөөц ашигласны болон орлогын албан татвараар 2006-2008 онд улсын төсөвт оруулах байсан мөнгөний дүн. Ийм хэмжээний хөрөнгө улсын төсвөөс оргүй алга болсон нь эдүгээгийн Ерөнхийлөгч таны алдаа. Дараагийн алхмууд тань алдаа багатай байгаасай.

Монгол улс дараагийн алхмаа зөв хийхийн тулд бодлого үгүйлэгдэж байна. Өнөөгийн бодлогогүйн хямрал бидэнд ямар үнэ цэнтэй тусахыг хэлж мэдэхгүй нь. Төрийн бодлогын жишээнээс нийтлэлийнхээ төгсгөл хавьд нь ганцыг татаадахъя. Монгол улсын стратегийн орд газруудад, тэр дундаа Тавантолгойд хөрөнгө оруулах хүсэл БНСУ-д бий. Тэд энэхүү сонирхлоо эртнээс илэрхийлсэн бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сард Ерөнхий сайдыг Сөүлд айлчлах үед албан ёсоор мэдэгдсэн билээ. Солонгосын хойгоос Европ руу татах төмөр замын олон улсын төсөлд Монголыг оролцуулж болно гэсэн үгс чулуудаж, ОХУ-тай хамтран манай улсын зүүн бүсэд төмөр зам тавих төслөө танилцуулав. БНСУ эдүгээ Дорнод аймгийг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлж байна. Койка байгууллагаараа дамжуулан энэ чиглэлээр идэвхтэй ажиллах болов. Арав, арваннэг, арванхоёрдугаар сарын турш БНСУ-ын талаас Эрдэс баялгийн сайд, Эрчим хүчний хорооны төлөөлөгч гэхчлэн дарга нар цуварчээ. Тэд төрийн бодлогоо монголчуудад ямх ямхаар ойлгуулахаар ойрхон ойрхон айлчлал бараалхалт хийсээр. Ирэх болгондоо бизнесийнхнээ дагуулна. Хамгийн сүүлд, байгаль орчны нөхөн сэргээлтийн сэдвээр ярьсан хэсэг солонгосчууд Улаанбаатарт саатлаа. Монгол улсын иргэд 90 хүртэл хоногийн виз аваад БНСУ-д зорчиж болох гэнэ. Мөдхөн хоёр тал ноот бичиг солилцсоноор, цагаан сарын үеэр энэ асуудал их л бэлгэ дэмбэрэлтэйгээр шийдэгдэнэ. Төдөлгүй бас нэг таатай мэдээ ирлээ гэв. БНСУ Монгол улсын Засгийн газрын бондыг худалдан авах боломжтой гэжээ. 40-100 тэрбум төгрөгийн үнэт цаасыг маань солонгосчууд авахад бэлэн гэж Сангийн сайд баяртайгаар мэдэгдэж байна. Монгол улсын төсвийн алдагдал 400 тэрбум төгрөгт дөхөж байгаа үед БНСУ-ын тал мэдрэмжтэй санаачлага гаргажээ. Товчдоо, Солонгосын төрийн бодлого үе шаттайгаар ийнхүү үргэлжилж байна. Тэд дараагийн алхмаа хэдийнэ төлөвлөчихсөн.

Манай Засгийн газрын дараагийн алхам хоёрдугаар сарын 4-ний өдөр бэлэн болно гэсээн. Алдаж үл болох өдрүүд иржээ.