УУЛ УУРХАЙН УДИРТГАЛ ХӨГЖИМ

2008.09.29.

Оршил хэсэг дэндүү сунжирсан тухай олон үг хэлэх илүүц юм. Уул уурхайн симфонийн удирдаач нь нүдний шилтэй эрхэм байсан ба бүтэн есөн сарын турш удиртгал хөгжмөөсөө уг зохиол цааш хөдөлсөнгүй. Симфони оркестрийн бүрэлдэхүүнээс болоод жинхэнэ найрал аялгуу түгэж цуурайтахад төвөгтэй болжээ. Энэхүү нийтлэл хэвлэгдэх үест найрал хөгжмийн шинэхэн баг бүрдчихсэн, ноотоо уншаад, сургуулилалтдаа жигдэрсэн байх тул өмнөтгөл удиртгал нь ямар байсан талаар нэхэн сануулахад илүүдэхгүй биз ээ.

Өвөл цоохорлосон ноот

2008 оны топ сэдэв уул уурхай байсан юм. Ирэх жилүүдийн хамгийн сонирхолтой сэдэв ч байгалийн баялгийн ашиглалтыг тойрон өрнөнө. Монголын улс төрийг нэгтгэж, мэрж мэтгэлцүүлж байгаа өнцөг эндээс эхтэй. Нийгэм уул уурхайн шийдлийг хүлээж, амьдрал ахуйгаа нэг удаа өөд татаад авах бололцоог эндээс харж байна. Хавтгай дэлхийн хөгжилтэй холбогдох хөшүүрэг, гарааны зурхайг эдийн засагчид уурхайтай холбожээ. Ийм онцгой үед найрал хөгжмийн удирдаач нүдний шилтэй эрхэм симфони оркестрийн нэгдүгээр хийлчээр Х. Наранхүүг сонгосон билээ. Чухам Х. Наранхүүд Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг “хөдөлгөх” ерөнхий команд өгсөн. Команд өгсний зоргоор ажил урагшлахгүй нь тодорхой болсон тул 2008 оны нэгдүгээр сард УИХ, Засгийн газраас хамтарсан Ажлын хэсэг томилсон агаад МАХН, Ардчилсан намын гишүүд уг хэсэгт оржээ. Энэ оны өвлөөс эх зохиолыг ийнхүү ноотоллоо.

Улс орны хөгжлийг тодорхойлох аварга төслүүдийг хэн нэгэн итгэлт хүн “гоцолдог” туршлагыг Ерөнхий удирдаач маань хэрэгжүүлж байна. Хятадад бол ийм хүн нь Chinalco компанийн захирал Сияо Яацин. Дэлхийн зах зээл дэх уул уурхайн жижиг компаниудын хувьцааг худалдаж авах цуглуулгын ажилд ноён Яацин мэргэшээд байна. Ажилдаа дадлагажихын хэрээр тэрбээр дунд чинээний төдийгүй том компаниудын хувьцаанаас худалдаж авах арилжаанд анхаарлаа төвлөрүүлж эхэллээ. Рио Тинтогийн хувьцааны 12 хувийг авсан наймааных нь талаар 2008 оны хоёрдугаар сард дэлхийн хэвлэлүүд бичиж, шавилхан биетэй хятад эр Ху Жинтоагийн баруун гар болсныг анзаарсан юм. Тэгвэл Оросын Засгийн газрын тэргүүн В. Путины “нэгдүгээр хийлчээр” ноён С. Чемезов ажиллаж, дэлхийд тэргүүлэх уул уурхайн аварга консорциум байгуулах ажилдаа оржээ. Хятадын төрийн мэдлийн Chinalco компани лугаа Оросын төрийн мэдлийн “Ростехнологий” нь хувьцааны цуглуулгад гаршиж байна. Дотоодын жижиг компаниудыг залгих, гадаад зах зээлд ОХУ-ын ашиг сонирхлыг бий болгох үндсэн чиг үүрэгтэй гэнэ.

Хөршүүдийн жишгээр манай удирдаач найрал хөгжмийнхөө гол хүнээр Х. Наранхүүг түр зуур тохоон томилсон ба төдөлгүй “Эрдэнэс Монгол” нэртэй төрийн өмчит ХХК байгуулав. Тус компанид Тавантолгой, Шивээ-Овоогийн стратегийн ордуудын лицензийг авч өгсөн юм. “Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирлаар Д. Зоригтыг томилсон тухай мэдээ энэ оны өвөл хэвлэлүүдийн хуудаснаа булан тохой хавьцаа нь шоовдорхон нийтлэгдсэнийг санах хүн ховор биз. Тэгвэл Ерөнхий удирдаачийн өвөл цоохорлосон ноотонд цухас дурдагдсан “шоовдор” компани нь Монгол Улсын ирэх жилүүдийн хөгжлийг тодорхойлогч тулах цэг болох юм. Эрх барьж буй нам амыг нь атгах мөнгө хөрөнгөний шинэхэн шуудай ч гэж болно. Сонин хэвлэлийнхэн тоохгүй, танихгүй зөрөөд байсан Д. Зоригт “чухал хүн” байсан нь өдгөө Эрдэс баялаг, эрчим хүчний сайд болсноор илэрхийлэгдэнэ. Хятад судлаач мэргэжилтэй, орос, англиар чөлөөтэй хэл нэвтрэлцдэг энэ залууг 2000 оны есдүгээр сард нээгдсэн НҮБ-ын түүхт Мянганы чуулганы үеэр анх харсан санагдана. Ерөнхийлөгч Н. Багабандид чуулганы үйл ажиллагааг хэлмэрчилж явсан билээ. Мянганы сорилтын сангийн төслийн Монголын хэсэгт ч эрдэм оюунаа зориулж байсан нэгэн. Одоо сайд болсон түүний орыг залгах хүн хэрэгтэй. “Эрдэнэс МГЛ” хувьцаат компанийг тэргүүлэх их чухал эрхмийн томилгоо өмнө хүлээгдэж байна гэсэн үг. Шинэ симфони найралд нэгдүгээр хийлийн өнгө гаргах хүн тэр болно. Танхимын сайдуудыг томилохоос ч илүү сонирхолтой нэр дэвшүүлэлт юм. Ерөнхий удирдаачийн баруун гар, дэндүү итгэлт нэгэн хэн байх бол ?

Засгийн газрын шинэ танхимын бүтэц бүдүүн чигээрээ үлдсэний нэг шалтгаан нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам бие дааж ажиллах шаардлагаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс МГЛ” хэр сүйхээтэй ажиллаж, Эрдэс баялгийн яам хэр зөв бодлогоор чиглүүлж гэмээнэ нийгмийн хамгааллынхан хийх ажил ихтэй, тарааж хуваарилах мөнгө санга арвин байх нь. Тиймээс гар нийлж ажиллах, удирдаачийн дохисон хөг аялгууг мэдэрч уянгалуулах эрхмүүд бие биесээ тойрсхийн байраа эзэлжээ. Утсан хөгжмийн гурвал гэлтэй тэд Ерөнхий удирдаачийн дохиураар хөдөлж, торгон мэдрэмжтэй ажиллах учиртай.

Аль өвөл цоохорлосон ноотоо бүрэн бүтэн зохиол болгох их үйлсийн гараанд Ерөнхий удирдаач ийнхүү иржээ. Солгой зөрүү дуугардаг хөгжмүүд энэ удаа илт цөөрсөн байж мэднэ. Гэсэн ч Ашигт малтмалын хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт асуудалгүй батлагдана гэвэл мөрөөдөл. Гагцхүү өвөл, хаврынхыг бодвол гудамжнаас дуулдах эсэргүүцэл тэмцэл арай аядуу байх магадлалтай.

Хавар зөрсөн өнгө

Өнгө солгой хөгжмүүд эвцэж нийлэхгүй байсан тухай эргэн саная. Сонгуулийн синдром улс орныг нөмрөөд, Ерөнхий удирдаач ч өөрөө сонгууль зүүдэлж, дахин удирдаачаар үлдэхээр улайрсан үе. Стратегийн орд газруудын тодорхойлолт дээр санал нэгдээгүй, Ашигт малтмалын тухай хуульд оруулах өөрчлөлтүүдийг тохирч чадахгүй, Хөрөнгө оруулалтын гэрээний эргэн тойронд “зарчмын” саналуудаа захын хүн зүтгүүлж байсан цаг. Тохиролцоонд хүрэх эхний алхам нь хамтарсан Ажлын хэсэг байлаа. УИХ-ын гишүүн Ц. Дамиран, Н. Батбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг байн байн хуралдаж, “Бид нэгдсэн тохиролцоонд хүрвэл хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах үед эзэмшлийн хэмжээгээ томруулж чадна” хэмээн хэвлэл болгонд ярилцлага өгч байлаа. Парламентад суудалтай намын дарга нар Ерөнхийлөгчийн санаачлагаар уулзахаар болов. Хариугүй тохирлоо, хуулиа дөрөвдүгээр сард баталчихна гээд л ярьцгаасан сан. Гэтэл намын дарга нар уулзсан биш бүр хоорондоо маргаж, Бүгд найрамдах намын зүгээс 68 хувийн татварыг үгүй болго гэсэн шинэ санал дэвшүүлэв. Иргэний хөдөлгөөнүүдийн шахалт гудамжнаас дуулдаад горьгүй болсон тул Ажлын хэсгийн дэргэд Дэд хороо гэгчийг давхар байгуулж байж хэдэн хүнийг хэсэг чимээгүй болгож билээ. Удирдаач мэгдэж, ноотоо харвал тэнд ингэтэл талцсан эрс өнгө аялгуу тэмдэглээгүй байлаа. Уг нь дандаа легато бүхий алгуур зөөлөн урсгах аялгуут тэмдэглэгээ хийсэн гэнэ.

Намын дарга нарын уулзалт амжилтгүй болсны дараа МАХН, Ардчилсан намын удирдлагууд тусгайлан зөвлөлдлөө. Төдөлгүй Ашигт малтмалын хуульд оруулах өөрчлөлтийн зарчмын тохиролцоог хийж, телевизийнхнийг дуудан камерын өмнө гар барив. “Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээ 51-ээс доошгүй хувь байна” гэсэн үндсэн тохиролцоо хийж, араас нь 51 хувийн эзнийг Монголын иргэд, компаниуд хэмээн тодрууллаа. Гуравдугаар сарын 13-ны өдрийн энэхүү зөвшилцлийг хэвлэлүүд “зууны үйл явдлаар” тодруулав. Мөн тэрхэн мөчид хоёр намын дарга “Сонгуулийн амлалтдаа мөнгө тусгаж, инфляц хөөргөдөхгүй шүү” хэмээн хоорондоо аминчилсан гэдэг. Хожим мөнөөх аминч тохироо нь сая, сая таван зуу… гэхчлэн үнэ хаялцах өрсөлдөөн болж мартагдсаныг манай сонгогчид харсан шүү дээ.

Уул уурхайн удиртгал хөгжим одоо л нэг хөг хэмнэлдээ орох нь хэмээн удирдаач итгэж, түүний бодол дохиурынх нь аясаар дуурсан түгэв ээ. “Стратегийн орд газар дахь Монголын талын оролцоог нөлөө бүхий хоёр намын дарга тохирсон нь эдийн засгийн гэхээсээ илүүтэй улс төрийн ач холбогдолтой” хэмээн Ерөнхий удирдаач телевизээр ярилаа. Үйл явдал цаашаа урсан өрнөх нь үү гэтэл нэгдүгээр хийлийн утас тасхийгээд явчихав. 51 хувийн анхны автор манай нам байсан хэмээн Ард түмний намын дарга Л.Гүндалай мэдэгдэв. Монголчууд эзэмшинэ гэдгийг хэдэн янзаар тайлбарлаж болох аюултай гэж Үндэсний шинэ намын лидер М. Энхсайхан хатуу шүүмжилж байна. Бүгд найрамдах намын зүтгэлтэн Ц. Даваадорж “Хөрөнгө оруулагчид хэнийг тооцох вэ. Торонтогийн бирж дээр хувьцаагаа борлуулдаг компани гэж босгоо тодруулъя. “Айвенхоу Майнз Монголиа Инк” шиг жижиг компани хэзээ ч зугтаад алга болж магад” гэв. Соёмбо, Эрс шинэчлэл хөдөлгөөнийхөн 51 хувь дээр үндэсний компаниуд оролцохыг яасан чиг зөвшөөрөхгүй гэлээ. Хэмнэл аялгуу гэнэт ийнхүү огцом өөрчлөгдөв. Дандаа стакато үргэлжлэх болж, үлээвэр хөгжмийн дөрвөл дэндүү чанга тоглосноос үүдээд өөр бусад санал санаачлага сонсогдохоо ч болив. Нэгдүгээр хийлч Наранхүү сандран, удирдаачийн зүг харвал түүний зузаан шилний цаанаас бодол санаа нь үл уншигдах агаад зүрх сэтгэлийнх нь хөдөлгөөн дохиур гарт нь ч илрэхгүй.

Ганц утастай хийлээр Наранхүү сайд урьдын адил урамтай тоглохоо болихыг улс амьтан сонсож байлаа. “Монголчууд 51 хувийн эзэмшилдээ шат дараалалтай хүрч болно. Эхний 10-15 жилд төр заавал 51 хувийг эзэмших албагүй. Тодорхой хугацааны дараа ийм хэмжээнд хүргэх уян хатан механизм бий” хэмээн дуу нь сулраад ирсэн юм.

Өнгөрсөн хаврын турш монголчууд хуульд оруулах өөрчлөлтийн талаар санаагаа уралдуулж, байр сууриа илэрхийлсэн. Ашигт малтмалын тухай хуульд оруулах 7-8 өөрчлөлт болгон эсэргүүцэлтэй тулгараагүй. Стратегийн ач холбогдолтой орд дээр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хугацааг гэрээний өмнөх төсөлд зааснаас хоёр дахин богиносгоно гэснийг нийтээрээ дэмжсэн. 30-70 жилийн хугацаатай гэрээ байгуулах тухай заалт 15 жил болж өөрчлөгджээ. М. Энхболдын Засгийн газрын боловсруулж, УИХ-д 2007 онд оруулж хэлэлцүүлсэн гэрээний төслийн сул талыг ч шүүмжлэн ярьцгааж байв. Оюутолгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээний өмнөх төсөлд эхний таван жилдээ 68 хувийн татвар авахгүй гэж заасныг буруу гэсэн байр суурь сонсогдов. Түүнчлэн хөрөнгө оруулагч компанийн санхүүгийн тайлан эерэг гарсан тохиолдолд Монгол Улс ашгаа авна гэснийг эрс шүүмжилсэн яриа гарсан билээ. Өнгөрсөн хавар дуулдаж байсан янз бүрийн байр сууриуд өдгөө намрын чуулганы хэлэлцүүлгийн явцад ч, дараа нь Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээрийн үед ч нийгмийн зүгээс гарсаар байх учир энд давтан сануулахыг хүслээ.

2008-2012 оны парламентын намрын чуулган эхлэхэд тоотой өдөр үлджээ. Энэ чуулганаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтад Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай үг өгүүлбэр харагдахгүй байна. “Бусад” гэсэн хэсэгт бүдэг бүрхгээр хавчуулж орхисон байх. Юутай ч хуулийн төсөл батлахын наана парламентад суудалтай намуудад тохиролцох зарчмын асуудал байгаа учраас хэлэлцэх төслүүдийн түрүүчид нэрлээгүй бололтой. Дээр өгүүлсэн 51 хувийг хэн эзэмших вэ гэсэн маргаан нэлээд цаг авч, хэлэлцүүлэг сунжирч мэднэ. УИХ-д суудалтай намуудын тоо толгой цөөрсөн, тохиролцоход хялбар нөхцөлтэй боллоо гэх аргагүй. Хэдийгээр нийгмийн дийлэнх хэсэг Ашигт малтмалын хуулийн шинэчлэлтийг даруй баталъя гэсэн хүсэл сонирхол дээр нэгдэж байгаа боловч Төрийн ордны гадна оройлон дуугарах хөдөлгөөнүүд цөөнгүй. Тэдний дэвшүүлж мэдэх авангард санаануудаас дахин таамаглая.

Өнгөрсөн хавар сонсогдсон солгой хөгжмүүдийн нэг бол “Парламентаас парламент дамжуулан хуулийн төсөл хэлэлцэхийг “эрс эсэргүүцсэн яриа хөөрөө. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намынхан ийм байр суурьтай байна. Түүнчлэн Уламжлалын нэгдсэн намын төлөөлөгч зургадугаар сард илэрхийлсэн байр суурьтаа “Хөрөнгө оруулагчтай Тогтвортой байдлын гэрээ байгуулах ямар ч шаардлагагүй” гэсэн бол Эх орон намынхан “Оюутолгойн баялгийг 100 хүртэл жил аажмаар ашиглах нөхцөлтэй гэрээ байгуулах хэрэгтэй” гэжээ. Хэдийгээр сонгуулийн өмнө популист санаа илэрхийлэх нам олон байсан, одоо тэд чимээ сураггүй болсон мэт санагдавч хэлэлцүүлгийн үеэр элдэв эсэргүүцэл гарах магадлалтай юм.

Олон ургальч үзлийн үүднээс анхааралгүй орхиж боломгүй бусад саналыг мөн уламжилъя. Ерөнхий удирдаачийн найрал хаваржин бүтэл муутай орлилдсоны дунд алтан хувьцааны тухай үг яриа чих дэлссэн билээ. Монголын төр, засаг алтан хувьцаа эзэмших байдлаар төсөлд оролцох нь зүйтэй, харин 51 хувийг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрээр үндэсний аж ахуйнууд хамтран эзэмших нь зөв гэж Худалдаа, аж үйлдвэрийн танхим үзэж байгаа. Тэгвэл ийм саналын эсрэг талд Монголын ардчилсан хөдөлгөөний намынхан “Олигархиуд тэр 51 хувь дотор чинь орно гэсэн үг” хэмээн тас зөрсөн санагдана. Алтан хувьцааны талаар Ерөнхийлөгч Н. Энхбаяр дэмжсэн үг хэлж байсныг тэмдэглэе. Товчдоо, 51 хувиа томъёолох гэж монголчууд хоорондоо мэтгэлцэх магадгүй нь.

Сонгуулийн синдром дунд аль хавар хоорондоо тохиролцсон 51 хувийн эзэмшлээ санхүүгийн хувьд хэрхэн баталгаажуулах нь бүр ч бүрхэг байна. Стратегийн орд газраасаа томоохныг тавгандаа үлдээ хэмээн торт зүсч буй аятай шаардахын цаана хувь хэмжээндээ таарсан хөрөнгө гаргах, эрсдэл хүлээх зэрэг хариуцлага оршсоор байгаа билээ. Ерөнхий удирдаачийн хэлсэнчлэн хувь эзэмшлийн тохиролцоо нь улс төрийн ач холбогдолтой шийдвэр байсан бол өдгөө, сонгууль өндөрлөсний хойно эдийн засгийн утгаар нь баяжуулж харахаас аргагүй том хэрчим юм.

Шинэ аялгуу

Шинэ аялгуу хэмээн нэрлэхээс аргагүй нь. Тоон дээрээ тохиролцоод, хуулийн төслийг хариугүй батлах гэж байтал Э. Бат-Үүл нарын гурван гишүүн бөмбөр нүдэж, хэмнэл саатуулав. Дөрөвдүгээр сарын шороон шуурган дундуур Ерөнхий удирдаачийг хамгийн их уурлуулсан шинэ аялгуу ингэж эхэллээ. Дураараа удаан барих фермато тэмдэглэгээ үгүй атал оркестор дотор өөр өнгө дуугараад салдаггүй ээ. Ээлжит бус чуулган зарлаж, хоёр хоногт хуулиа дор нь батлаад, Орос руу айлчлалаар явна, Путинд хэлэх үгтэй очно гэсэн удирдаачийн цахилгаан төлөвлөгөөг Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэгч ойлгомжгүй нэр томъёо гарч ирэн тасалдуулсан юм. Ашигт малтмалын хуулийн төсөлд оруулах зарчмын гурван саналыг гишүүд шинээр томъёолж, ийм санал гаргаж буй шалтгаанаа дорх байдлаар тайлбарлажээ.

“Тавантолгой, Оюутолгой, Шивээ-Овоо гэх мэт стратегийн ордуудад хөрөнгө оруулах эрхийг олж авахын төлөө Хятад, Оросын компаниудын өрсөлдөж байгаа байдлыг анхааралтай шинжин харвал эдийн засгийн үр ашгийг тооцох нь бүү хэл учрах эрсдэлийг нь ойшоохгүй байна. Эдийн засгийн үнэлэмж байхгүй хөрөнгө оруулалтын ард ямагт геополитикийн сонирхол нуугдаж байдаг… Ашигт малтмалын бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа тал ямар нэгэн шалтаг шалтгаанаар дарамт учруулахад Монголын төр менежментийг нь хариуцаж байгаа үед ийм эрсдэлийг сөрөх хүч мөхөсдөнө, түүгээр барахгүй борлуулалтын явц нь улс төрийн хэрэгсэл болно. Худалдан авагчийн зүгээс учруулах эрсдэлийг хөрөнгө оруулагч, тодруулбал чадалтай хөрөнгө оруулагч хариуцах нь зүйтэй юм” гэж гишүүн Э. Бат-Үүл байр сууриа илэрхийлсэн билээ.

Бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчмаар ашиг хуваарилах, нөхөн сэргээлтийн төлбөрийг урьдчилан авах, хөрөнгө оруулагч авлигын асуудалтай холбогдвол орд газрын лицензийг Монголын төр хураан авах үндсэн санааг хуульчлахыг шаардсан юм. Ийм аялгуу хоёр хөршид маань хачин этгээд сонсогдсон байх аа. Ерөнхий удирдаач нүдний шилээ авч, санаа алдлаа. “Бухимдаад ч яах билээ, ажил урагшлах биш. Хүлээцтэй, тэвчээртэй байх хэрэгтэй биз ээ” хэмээн тэрбээр зөөлхөн хэлснийг санаж байна. Алтан Москвад Владимир Путинтэй уулзав. Хуулиа хурдан баталбал зүгээр байна шүү гэсэн ерөнхий үгээ Оросын Засгийн газрын тэргүүн Монголын төлөөлөгчдөд дайгаад явууллаа. Хүйтэндүү уур амьсгалтай уулзалт болсныг тэмдэглэе. Оросын хэвлэлүүдэд “Монгол манай хөрөнгө оруулагчдад хатуу хандаж байна “гэсэн утга санаатай нийтлэлүүд гарч байсан юм.

Шинэ нөхцөл байдал нь Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хоёр зарчим хамт орчих асуудал дэгдээв. Төр, иргэн стратегийн орддоо 51-ээс доошгүй хувь эзэмших, бүтээгдэхүүн хуваах зарчмаар ашгаа авах гэсэн хоёр санааг нэг хуульд шингээж болох уу?

Шинэ УИХ Ашигт малтмалын тухай хуулийн төсөл хэлэлцэх үед өнгөрсөн хавар үлдээсэн эл асуултын тэмдэг дахин гарч ирэх юм. Төслийн хамгийн сүүлийн хувилбарт орсон томъёолол дараах байдалтай байгаа.

“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг Монгол Улсын төр гадаад, дотоод хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглах бол ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 51 ба түүнээс дээш хувийг төр, Монгол Улсын иргэн эзэмших, эсвэл тухайн хөрөнгө оруулагчтай Хөрөнгө оруулалтын гэрээг бүтээгдэхүүн хуваах зарчимд тулгуурлан хийж болно. Төр, иргэний эзэмших хувийн хэмжээ болон бүтээгдэхүүн хуваах зарчмыг тусгай хуулиар зохицуулна”. Харлуулсан сүүлийн хэсэг нь шинээр оруулсан агуулга. Юутай ч саналуудыг ингэж хүчээр нийлүүлэн найруулаад байгаа. Одоо уг хувилбар дээр хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх, эсвэл өөр найруулгаар төсөл орж ирэх эсэх нь тодорхойгүй. Шинэ парламент дагалдах гурван ч хууль гаргахаас аргагүй гэж тухайн үед улстөрчид ярьж байсан юм.

Намрын чуулган эхэлмэгц Ашигт малтмалын тухай хуулиа ярсхийтэл гар өргөн батална гэсэн энгийн ойлголтын нөгөө талд иймэрхүү бэрхшээл байна.

Хүлээлтийн айзам

…Салхи ч үгүй нам гүм байтал шарласан навчис унаж байлаа.

Санаанд ч үгүй аж төрж явтал санчигны минь үс цайсан байлаа

хэмээн намрын төгөлд хамгийн ихээр бодлогоширч суугаа хүн бол ноён Фридлэнд. Ашигт малтмалын хуулийн төсөл батлагдахыг “эцсийн мөч” хүртэл хүлээсэн түүний сэтгэлийн үгийг зургадугаар сарын 3-ны өдөр Лондонд нээгдсэн Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын төлөөлөгчид сонссон юм. “Монгол Улсын Ерөнхий сайд гэрээг тун удахгүй хийнэ гэж амласан бөгөөд парламент одоо хуралдаж байгаа тул энэ нь өнөө маргаашгүй байх. Энэ гэрээг бүтээгдэхүүн хуваах хэлбэрээр хийвэл хувь эзэмших, татвар ногдуулах стандарт хэлбэрээс орлогоо хуваах илүү хялбар, ил тод арга болох юм” хэмээн Роберт Фридлэнд сэтгэл цагаан, ам задгай ярьсан тухай сурвалжлагч Лоренс Уилямс тэмдэглэжээ. Гэтэл зургадугаар сарын 2-нд Монголд парламентын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн болохоор ордонд тогтож суугаад хууль хэлэлцдэг “тэнэг” гишүүн ховордож билээ. Фридлэндийн хүлээлтийг тоосон хүнгүй, харин ч ноолуурын үнэ унавал төрөөс нөхөн олговор өгөх хуулийн төслийг Ашигт малтмалын хуулийн төслийн өмнүүр арын хаалгаар оруулаад баталж орхив. Хөдөөд нэр дэвших гишүүдийн “хувь заяатай” холбоотой ноолуурын асуудлыг шийдэх нь илүү чухал байлаа. Авто тээврийн тухай хуулийг ч асуудалгүй баталж орхилоо. Фридлэнд хүлээж л байг… Ийнхүү Ашигт малтмалын хуулийг холимог хувилбараар батлах хэлэлцүүлэг сүүлийн шатандаа хаягдаж, Их хурлын эрхэм гишүүд сонгуулийн сурталчилгаандаа шуурхайлан одов оо. Фридлэнд Лондонд хамаагүй юм ярьсныхаа төлөө Монголд дахиад хэл аманд орж орхилоо. Австралийн сэтгүүлч Лоренсын сурвалжлагыг иргэний хөдөлгөөнийхөн болоод хэвлэлүүд давхар давхар давслаад цацаж орхисон юм. “Хуулийг энэ янзаар нь батлуулахаа Фридлэндэд амласан юм байна”, “Фридлэнд Оюутолгой минийх боллоо гэж мэдэгдлээ”, “Засгийн газар сонгуульд зарцуулах хөрөнгөө түүнээс гаргуулсан байх”, “Ашигт малтмалын хуулийг Фридлэндийн захиалгаар батлах гэж байна”. Сонгуулийн сурталчилгаа эхэлснийг хэлэх үү, Канадын бизнесмэний илүү үгтэйг яана, Оюутолгой тойрсон синдром Улаанбаатарт хэсэгтээ шуугиан тарив.

Өдгөө хуулийн төсөл хэлэлцэхийг намрын бороон дунд Фридлэнд ганцаараа хүлээж суугаа гэж санана уу. Өвөл, хаврын турш Ерөнхий удирдаачийг сандаргаад байсан өөр аялгууны нэг нь америкчуудын шахалт байсан юм. Нелсоны олон улсын харилцааны сургуулийн захирал Петер Памын Washington Times сонинд хэвлүүлсэн шүүмжлэлт өгүүллээс эхлээд Сенатын дөрвөн гишүүний К. Райс, Ж. Буш нарт илгээсэн захидал, Эрх чөлөөний хил хязгаар байгууллагаас гаргасан Мянганы сорилын сангаас Монголд өгөх тусламжийг зогсоох шаардлага гэхчлэн гаднаас ирсэн шахалт мундахгүй. Хуулийн төсөлд 51 хувийг нь Монголын тал авах заалт оруулахыг эсэргүүцсэн төдийгүй гэнэтийн ашгийн татварыг тэглэхийг шаардсан Америкийн бизнесийнхний дуу хоолой нэлээд хүчтэй сонсогдож байлаа. Америкчууд энэ зуур Монголд өөрийн PR агентлагаа ч нээж амжив.

“Дэлхийн өсөлт” байгууллага Ашигт малтмалын хуулийн төсөл боловсруулах явцад өнгөрсөн хавраас зөвлөгөө өгч эхэллээ. Хаанахын, ямар зорилготой байгууллага монголчуудад зөвлөгөө өгөөд байна хэмээн Азийн сангийнхан хардав. Дэлхийн худалдааны байгууллагыг тэргүүлж байсан Алан Оксли “Дэлхийн өсөлт” төслийг удирдаж байгаа гэсэн тайлбар удалгүй хэвлэлүүдэд гарсан юм. Ноён Оксли Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт болон Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах хэрэгтэй гэж үзсэн санаануудаа Монголын хэвлэлүүдэд хэдэнтээ нийтлүүлж, сонгуулийн дараа Ерөнхий удирдаачтай мөн уулзсан байна. Түүний дэвшүүлж буй саналууд гишүүн Э. Бат-Үүл нарын хавар танилцуулсан шинэ томъёололтой ерөнхийдөө утга ойролцоо байлаа. Байгаль орчны нөхөн сэргээлт, бүтээгдэхүүн хуваах гэрээгээр ашиг хуваахын ил тод тал зэргийг сайшаасан төдийгүй орд ашиглах явцад төр, бизнесийнхэн тус тусын үүрэгтэй оролцох ёстой хэмээн хэдэнтээ мэдэгджээ. Түүний ярьснаас иш татъя. “Монгол Улсын Засгийн газар сүүлийн үед захиргаадах, хатуу хянах бодлогыг сэргээх янз гаргаж байна. Хөрөнгийг төр өмчлөх бус, ашиг хуваах гэрээ байгуулах замаар хэрэгжүүлэх нь шилдэг арга” гэжээ. Энэ зуур “Дэлхийн өсөлт” байгууллагын Монголд эхлүүлсэн үйл ажиллагааг иргэний хөдөлгөөнийхөн тун их хардсан байдлаар хүлээн авсан юм. “Эрс шинэчлэл” хөдөлгөөний удирдлага “Дэлхийн өсөлт”-ийг үндэстэн дамнасан компаниудын лообийг Монголд хэрэгжүүлэхээр орж ирсэн гэж бухимдсан удаатай.

АНУ-ын санхүүжилттэй Азийн сангийн үйл ажиллагаа ч Улаанбаатарт улам бүр эрч хүчээ аваад байна. Хойд Америкийн бизнесийнхний уулзалт нийслэл хотноо саяхан болов. Есдүгээр сарын 15-нд “Чингис хаан” нисэх буудалд газардсан хатагтай Мишель О’Нил уг уулзалт дээр сонирхолтой илтгэл тавьсан билээ. АНУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдааны асуудал хариуцсан дэд сайдын орлогч бүсгүй Хөрөнгө оруулагчдын 11 дүгээр бага хурлын гол илтгэлийг тавьсан. Үнэнийг хэлэхэд монголчуудын олонх нь хэдий завандаа 11 удаагийн хурал болж орхисныг мэдсэн юмгүй, америкчууд нийслэл хотод юуны учир бөөн бөөнөөрөө хуралдах болсныг нэг их тоосон ч үгүй. Уг нь сүүлийн уулзалтад Америкийн 10 том компанийн төлөөлөл сууж байсан гэх. Хатагтай О’Нил “Бүтээн байгуулалтын ажилдаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Америкийн компаниудыг татан оролцуулбал Монгол Улс хөгжинө” хэмээн амьд сурталчилгаа хийв.

Намрын нийслэлд маань байсгээд л хөрөнгө оруулагчид чуулж байгаа. Европын хөрөнгө оруулагч эрхмүүд, банк санхүүгийн салбарынхан саяхан хуралдсан юм даг. Урин зуны шувтаргаар, цаг агаар тогтуун сайхан байх үест гадаадын төр, засгийн тэргүүн, шадар хүмүүс завсар чөлөөгүй айлчилсан. Ирсэн гийчин болгоны амнаас ашигт малтмалын тухай үг унаж, аятай таатай хамтран ажиллана шүү гэцгээн гар бариад салдаггүй. Улаанбаатарын намрын аяз урсан уусах аялгуу төгс байна аа. Ерөнхий удирдаач шинээр ийм такт бичив. “Манай ашигт малтмалын нөөц том гүрнүүдийн сонирхлыг үлэмж татаж эхэллээ. Сонирхогч гүрнүүд Монголын гадаад бодлогод нөлөөлөх, чиг баримжааг нь өөртөө ашигтайгаар эргүүлэх оролдлого хийж эхлэхийг үгүйсгэх аргагүй болоод байна” гэсэн түгшүүртэй ноотыг тэрбээр цоохорлов. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл стратегийн ордуудыг ашиглахдаа ямар зарчим баримтлах тухайд төрийн хар хайрцагны бодлогоо удахгүй томъёолох гэж байна. Үүний хамт Монгол Улсын эдийн засгийн гуравдагч хөршийн талаарх шинэ томъёолол манай улсын түүхэнд анх удаа гарах нь.

Хууль тойрсон түмэн янзын үйл явдал ийнхүү өрнөж, өнгө өнгийн ашиг сонирхол Монгол нутагт өрсөлдөн байна. Намрын сэрүүнд зутруу гундуу амьдарч байгаа монголчуудын хүлээлт л энэ бүхний дунд хамгийн тэвчээртэй нь аж. Ордоо ашиглаасай, мөнгө өгөөсэй… Флейт, фагот, кларнет, габое зөөлөн гунигтай эгшиглэнэ. Модон үлээврийнхний зүг Удирдаач харц шилжүүлэх нь улам цөөрчээ. Сонгуулийн өмнө бол ард түмэн гэж байнга ярьдаг байсан даа. Эх орны хишиг нэрээр нэг удаа мөнгө тараах уу, Эрдэнийн хувь тодотголтой хувьцаа гаргах уу, бүр арга ядвал сонгуулиар амласан мөнгөн дүнтэй дүйцэх боловсрол, эрүүл мэндийн арга хэмжээгээр ам хаах уу гэсэн шинэ мэтгэлцээн эхлэх гэж байна. Энэ мэтгэлцээнээс болж оркестрийн бүрэлдэхүүн хоорондоо зодолдож магадгүй юм. Мөнгө нэхсэн сонгогчдын харцанд Удирдаач багцаа хариу өгч чадахгүй байна.

“Айвенхоу Майнз Монголиа Инк” компанийн Гүйцэтгэх захирал А. Мөнхбатын товч тайлбараар баримжаа хийвэл, “Өөдрөгөөр бодоод 2009 оны эхний хагаст Засгийн газартай гэрээ байгуулах ажил дууслаа гэхэд эхний үр ашгийг 2012 онд өгөх болов уу” гэжээ.

Удиртгал хөгжмийн хөг нийлж, өрнөл хэсэг рүүгээ орохыг хүлээн ертөнцийн өвөл, хавар, зун нэг л мэдэхэд ээлжлэн солигджээ. Өмнө нь мартагдсан дөрвөн жилийн хүлээлтийг үл тооцон энэ оны элдэв явдлыг тоймлоход ийм байна. Ам задгай Фридлэнд хүртэл томоожин хэрсүүжсэн уртаас урт 2008 онд Монголын тал нутагт уул уурхай топ сэдэв байлаа.