КОКС ЭКСПОРТЛОХ УУ, КОКСЖИХ НҮҮРСЭЭ ГАРГАХ УУ?

2009.10.10

 

Монгол улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцлээ. Энэ бол монголчууд мориноосоо бууж, техник технологи, үйлдвэрлэл бүтээгдэхүүний тухай нухацтай ярилцах цаг ирсний нэг дохио юм.

Өөрөөр хэлбэл, Тавантолгой, Оюутолгой гэх нэр үгсийн цаана байгаа юуг, яаж хийх тухай ажил хэрэгч үгсийн сан бидний амьдралд шинээр орж ирэх гэж байна. Түүхий нүүрс экспортлох уу, коксжих нүүрсээ гаргах уу, кокс үйлдвэрлэх үү, коксын бодит зах зээл байгаа юу гэх зэрэг илүү технологийн нарийн сэдэвт анхаарал хандуулах өдрүүд иржээ. Уул уурхайн бүтээгдэхүүний технологийн процесс хэрхэн явагддагийг нухацтай судлахгүйгээр, сэтгэлийн хөөрлөөр цаасан дээр үйлдвэрлэлийн цогцолборууд босгоод эхлэх вий гэсэн болгоомжлолын үүднээс энэхүү санааг нэмэрлэв.

Монгол улс 10 тэрбум ам. долларын өртөгтэй Хүнд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах гэж байна. Үйлдвэрийн цогцолбор ба дэд бүтэц барьж байгуулах зардлыг нэгтгэсэн дүн байх. Түүхэндээ монголчуудын сонсоогүй том тоо. Эцсийн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх гэсэн олон жилийн хүсэл мөрөөдлийн эхлэл юм. Энэ цогцолбор юу юугүй цаасан дээр босоод иржээ. Цогцолбор одоогоор картонон макет байгаа дээр нь монгол хүн бүр санаа бодлоо нэмэрлэх ёстой. 10 тэрбум америк долларын бодлогын алдаа болж хувирах вий гэсэн эргэлзээг эхлээд хэлэлцэн тайлах учиртай буюу.

Технологийн анхны дамжлага руу оръё. Тавантолгойн коксжих нүүрсээр баяжна аа гээд бид цээжээ дэлдэж нэлээн суулаа. Түүхий нүүрсийг ухаж гаргаад, угаасны эцэст коксжих нүүрстэй боллоо хэмээн онгиртугай. Баяжуулалтын явцад коксжих нүүрснээс гадна дайвар бүтээгдэхүүн болон нүүрсний хаягдал гарна. Одоо коксжих нүүрсээ кокс болгох нүсэр үйлдвэрлэл хэрэгтэй гэсэн үг. Коксжуулах процессийн эцэст нүүрсний хий, давирхай, бензол, хүхэр, аммонийн сульфат дайвар бүтээгдэхүүн маягаар дагалдана. Чухам энэ бүх дайврыг ашиглах химийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах бөгөөд мөн кокс, гангийн, зэс хайлуулах үйлдвэрүүдийг Сайншандад төвлөрүүлнэ хэмээн Засгийн газар зураг макет хийчихээд байгаа билээ. Нэг үгээр үйлдвэржүүлэх хөтөлбөр бол Монгол улсын эдийн засагт хийх хувьсгал юм. Гэхдээ тугаа мандуулан хувьсгалт өөрчлөлт хийхийн өмнө технологийн асуудалд анхаарал хандуулахыг хүсье.

Австралиуд яагаад толгой сэгсрээд байгааг анзаарч байгаа хүн бий юү? Коксын үйлдвэрийнхээ дэргэд гангийн үйлдвэр байгуулна аа, үлдсэн коксоор нь “Эрдэнэт” Оюутолгой цаашлаад Цагаан суваргын зэсийг хайлуулсугай хэмээн тогтоол үйлдэх тун амархан боловч уул уурхайн үйлдвэрлэлийн өн эртний туршлагатай Австрали эрхэм яагаад толгой сэгсрээд байгааг тунгааж сонсъё л доо. Дэлхий даяараа өнгөрсөн жил нийт 264.5 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Үүний яг талыг Австралиуд зах зээлд нийлүүлсэн гэсэн мэдээг Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) гаргасан байна. Хэчнээн жилийн турш австраличууд ийм их хэмжээний экспорт хийсэн билээ. Өдий болтол яагаад томоохон хэмжээний гангийн үйлдвэртэй болоогүй хэрэг вэ? Коксжих нүүрс чигээр нь гадагш гаргаж зарах нь яагаад тэдэнд ашигтай байна вэ? Яг энэ асуултыг Монгол улсын Ерөнхий сайд Австралид морилон саатах үеэрээ тэндхийн үйлдвэрлэгчдээс асуугаасай гэж захимаар байна. Австралийн улстөрчдөөс биш, үйлдвэрлэгчид бизнесийнхнээс нь ажил хэрэгч хариулт аваасай билээ. Байгаль орчны идэвхтнүүдтэй нь ч уулзах ёстой байх. Ногоонтнууд коксын, гангийн үйлдвэрлэлийн эко уршгийг яагаад тэгж онцолж ярьдаг юм бэ? Хүхрийн хийн хор хөнөөл гэж ямар байдаг юм бэ? Энэ бүхэн бол монголчуудын мэдэхгүй сэдэв. Нэвтрэхэд амаргүй зах зээл юм.

Зуун жилээр уялдан тогтсон бүс нутгийн кокс, гангийн үйлдвэрлэлийн кластер бүтцэд монголчууд шинэ тоглогч. Австрали тэргүүтэй улсууд түүхий эд нийлүүлж, Япон, БНСУ, Энэтхэг, Хятад гол төлөв худалдан авдаг технологийн нягт уялдаа бүхий кластер бүтэц рүү Тавантолгойн нүүрстэй богоон зүгээр сигнаалдаад л чөлөөтэй нэвтэрнэ гэж бодож байна уу. Үгүй. Бүс нутгийн эрэлт, нийлүүлэлтийн торгон графикт уялдаж зангидагдах ёстой. Энэ талаар эрхэм Ерөнхий сайд хүртэл тодорхой ойлголт авах ёстой. Үйлдвэржилтийн төлөвлөгөөний үндэс суурь ингэж байж бөх бат болно. 10 тэрбум ам. доллар гэдэг картонон тоглоом биш, Монголын олон жилийн хөгжил дэвшлийн араа хүрд юм.

Дэлхийн уул уурхайн салбарынхан “дассан систем” гэсэн үгийг яагаад хэрэглэх дуртай вэ? Энэ бол технологийн дамжлага гэсэн монгол орчуулгатай хэлц үг. Эцсийн бүтээгдэхүүн болох кокс гаргаж авахын тулд мөнөөх дассан систем ажилладаг агаад гарал үүсэл, насжилт зэргээрээ ялгаатай олон газрын нүүрсийг хольж шатааж байж жинхэнэ сайн чанарын кокс гаргаж авдаг. Тиймээс нүүрсний зах зээлд коксын экспорт бус, коксжих нүүрсний экспорт давамгайлдаг. Иймээс Австрали улс нутагтаа кокс хийж, гангийн нүсэр үйлдвэрлэл явуулах сонирхолгүй байна. Байгаль орчноо давхар хамгаалж байна. Австрали дэлхийн технологийн энэхүү дамжлагад коксжих нүүрсээ нийлүүлэгч орон болохыг илүүд үзжээ. Эдүгээ Австралиас далайн тээврээр нүүрс авдаг Зүүн Хойд Азийн хэрэглэгчдийн нэгэнт тогтсон маршрут бий болсон. 20,30 жилийн турш аажмаар бүрэлдэн найдвартай тогтсон уг арилжааны үнийн хэлцлийг урт хугацаанд буюу жилдээ нэг удаа хоорондоо тохиролцдог уламжлалтай. Тэгвэл Европын”дассан схем” дотор Польш улс эцсийн бүтээгдэхүүн буюу кокс хийж, Герман, Франц, Австри улсууд худалдан авдаг. Кокс хүлээн авагчид нь дандаа хөгжингүй орнууд байгаа биз. Нутагтаа кокс хийдэг буюу хар ажил гүйцэтгэдэг гол орнууд нь Орос, Польш, Украин, Чехүүд. Энэ бол Европын схем.

Кокс-химийн үйлдвэрлэлийн цогцолбор хэдийд ашигтай ажиллах вэ? Эцсийн бүтээгдэхүүн кокс экспортлоод баяжна гэж үгүй, учир нь дайвар бүтээгдэхүүнээр нь химийн үйлдвэрлэл явуулж гэмээнэ тэрхүү бүтэц ашигтай ажиллана. Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн хийж байж ашигтай үйлдвэрлэл явуулна гэсэн ойлголт бол монголчууд бидний зүрхэнд хурсан шившлэг мөрөөдөл юм. Тэгвэл нэмүү өртөг нэвт шингэсэн коксыг маань хэн авах вэ? Цаасан дээр зураад, сэтгэлдээ ачиж явуулаад зарчих амархаан. Кокс гэж юу юм бэ? Хусны нүүрс шиг хэврэг эд. Ачиж буулгах тоолонд үрэгдэж элэгддэг, чанар мууддаг гээд мэргэжлийн хүмүүс “яльгүй” мэт зүйлс яагаад хэлээд байна вэ? Сайншандад шатааж гаргасан коксоо төмөр замаар зөөлөө гэж төсөөлье. Замын -Үүд дээр өргөн царигтай замаас нарийн царигтай төмөр замд шилжүүлж ачаад, Хятадын нутгаар довтолгон Тянжин боомтод дахин ачиж буулгах асуудал гарна. Тэртээ Тянжин хүртэл хусны нүүрс мэт хугарамтай үрэгдэмтгий кокс урт зам туулна. Эхлээд Замын-Үүд боомтын ачааны их урсгал дундаас яаж ийгээд хил нэвтрэх хэрэгтэй болно. Хэдэн өдөр энд гацахыг хэлж мэдэхгүй байна. Цаашаа Хятадын төмөр замын аалзны тор шиг завгүй сүлжээн дунд гарц олох, графикийн зөвшөөрөлд багтах шаардлагатай.

Энэ бүхэн бол урьдчилж харах ёстой бодит бэрхшээл. Уул уурхайн бүтээгдэхүүний технологийн асуудал. Одоогоор бидний сайн мэдэхгүй сэдэв. Дэлхийн уул уурхайн үйлдвэрлэлийн хандлага, загвартай уялдахгүйгээр хөдлөх боломжгүй процесс. Ухаж гаргасан 2 тонн нүүрс байлаа гэхэд угаахаар 1.4 орчим тонн болдог гэнэ. Угааснаа кокс болгохоор 1 тонн болж хоёр дахин хэмжээ нь хорогдож байна. Тэгэхээр коксын экспортоор бус, коксжих нүүрсний экспортоороо Монгол улс бүс нутгийн зах зээлд нэвтрэхэд илүү дөхөм байж болох юм.

Дорноговь аймгийн Сайншанд суманд хүнд аж үйлдвэрийн цогцолбор байгуулснаар дотоодын нийт бүтээгдэхүүн 12.4 тэрбум ам. доллараар нэмэгдэн, 396 мянган ажлын байр шинээр нэмэгдэнэ гэсэн тооцоог Засгийн газар гаргаад байна. Энэ бол Монгол улсын түүхэнд зууны хэмжээний бүтээн байгуулалт бөгөөд ул суурьтай хэлэлцэж гэмээнэ үр дүнтэй ажил болно. Юуны түрүүнд коксжих нүүрсийг баяжуулах үйлдвэрлэлийн технологийн горим, тэндээс гарах бүтээгдэхүүний зах зээл, үнэ ханш, тээвэрлэх гарц, хилийн боомтын боломж, транзит тээвэрлэлтэд учирч болох бэрхшээл зэргийг анхааран судлууштай.