2015.9.1.
Арваннэгэн мянган хүүхдийн 1900 нь тусгай сургуульд сурч байгаа гэж зарим нь хэлдэг юм. Үгүй дээ, хорин хоёр мянган хүүхдийн 1700 нь тусгай сургуульд байдаг хэмээн нөгөө нэг дарга залруулах нь бий.
Хөгжлийн бэрхшээлтэй хэмээх хүүхдийнхээ тоог Монгол улс яг таг мэддэггүй. Харин мал сүргийн тоо толгойг бол жил тутам гаргаад явдаг юм аа.
Цэцэг бөмбөлөг алагласан есдүгээр сарын нэгний өдөр зүрх сэтгэл болгонд баяр бялхдаг. “Хаунлийн хуудсанд улаанаар тэмдэглээгүй боловч өнөөдөр баярын өдөр” гэж хоёрдугаар ангид байхдаа ч билүү зохион бичлэгтээ бичээд багшдаа магтуулсан юмдаг…
Нар гэрэлд умбасан энэ сайхан өдөр гэрийн мухарт суугаа хэдэн хүүхэд байгааг хэн ч тоолоогүй ба тэднийг тоох сонирхол бидний аз жаргалт амьдрал дунд үгүй болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хөтлөөд сургууль цэцэрлэгийн багш захирлыг царайчилж яваа хэдэн мянган эцэг эхийн сэтгэл өнөөдөр ямар байгаа нь хэнд падлий байх билээ!
Монгол улс тусгай зургаан сургуультай. Аль социализм коммунизмд тэмүүлж явах амбасын цагт л ийм байсан. Одоо яг хэвээрээ. Ялгаатай нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо 22.000 хүрч нэмэгдэж. Энэ статистик баталгаатай биш, тооллого хийгээгүй удсан гэнэ. Яагаад хэмээн гайхшрахад өөдөөс “яг таг орчин үеийн арга маргаар нь оношилж чадахгүй байгаа юм аа” гэдэг.
Тусгай сургуулиудын барилга хуучнаараа, багш нар нь диван галавд заалгасан боловсролтой. Харин өөрчлөгдсөн зүйлс нь гадаадын улс орнуудын хандив тусламж ихээхэн хэрэгждэг болж. Тика, Койка, Жайка-аас тохижуулж тоноглов гэх хаягтай ангиуд цөөнгүй. Харин Монгол улсын боловсролын, эрүүл мэндийн, нийгмийн хамгааллын бодлого тогтолцооны гадуур орхигдсон, тэр хэрээрээ “төсөл хэрэгжүүлэгч вант улс” мэт болчихсон, тусдаа амьдралтай тусгай хэдэн сургууль байна аа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сэдвээр цөөнгүй жил бичихдээ тусгай гэх энэ зургаан сургуулиар орж гарч, багш, захирал, хүүхэд, эцэг эхтэй олон ч удаа уулзаж ярилцаж явлаа.
Манай улсын 1700-1900 хүүхдийг хамардаг энэ зургаан сургуулийг ваакум цонхтой болгох, модон шалыг хулдаасаар солих, зарим захирлыг гадаад дотоодод туршлага судлуулахаар аялуулдаг ажлууд бол “бодлого” биш юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах Конвенцийг УИХ 2008 онд соёрхон баталсны дараа дээрх хулдаас, ваакум цонхны ойлголтоос цаадахыг харж, 11.000 гэв үү, 22.000 гэсэн үү хүүхэд ба бас дээр нь хөгжлийн бэрхшээлтэй томчуудын амьдралын чанарт цоо шинэ эргэлт хийхийг бодлого гэнэ.
Есдүгээр сарын нэгний гэрэл баярт умбах хувь заяагүй хүүхдүүдийг нийгмийн цөөнх юм гэж, гэртээ тусгай боловсролоо аваарай хэмээн хувь зохиолыг нь заавардаад хаяж байгаа хүмүүсийн тархинд салхи оруулахаас энэ шинэчлэлийн ажил эхлэх ёстой юм.
Москва хотын цэцэрлэгт хүрээлэнд, тун саяхан наймдугаар сард болж өнгөрсөн үйл явдлын талаар Оросын хэвлэл, телевизүүд хэрхэн шуугисныг үзэгч олон анзаарсан буй за. Нэртэй модель Наталья Водяновагийн дүү Оксана Водянова нь аутизмын хүнд хэлбэрийн өвчтэй. Цэцэрлэгт хүрээлэнд асрагч эмэгтэйтэйгээ зугаалангаа цай уухаар жижиг кафед орж. Кафен ажилчдын өрөөг охин сониучлаад шагайхад эзэн нь уурлаж. Өрөөг түүнд үзүүлсэнгүй гээд хүнд хэлбэрийн аутизмтай охин зөрүүдлээд шалан дээр нь суучихсан аж. Ингээд суугаад байхаар нь эзэн эр хамгаалагч нарыг дуудаад охиныг асрагчтай нь гудамд нохой шиг гаргаад хаячихжээ. Гадуур болж л байдаг үл ойлголцол, хэрүүлийн нэг байж магадгүй. Харин ийм тохиолдолд хууль үйлчилдэг байхаар дэлхийн улс орнууд зохицуулалт хийдэг. Яагаад гэвэл тэр охин хөгжлийн бэрхшээлтэй. Өөрийгөө хамгаалах чадваргүй.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах олон улсын Конвенцэд ОХУ нэгдсэний хувьд 2016 оны нэгдүгээр сараас шинэчилсэн хуулиа мөрдөх гэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах тухай хуулийн өмнөх тунхаг төдий заалтуудыг тодорхой болгон, үүрэгжүүлжээ. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэнд боломжит үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан албан тушаалтныг 2-3 мянган рублиэр, хуулийн этгээдийг 20-30 мянга хүртэл рублиэр торгохоор хатуу хуульчилж байна.
Хуулийн ийм үүрэгжүүлэлтээр зогсохгүй В. Путин 2014 оны арванхоёрдугаар сард Думийн Холбооны зөвлөлийн өмнө үг хэлэхдээ Орос орон “Доступная среда” хэмээх бодлогыг 2020 он хүртэл хэрэгжүүлнэ хэмээн зарласан нь Холбооны зөвлөлөөс өргөн дэмжлэг хүлээсэн юм.
Доступная среда гэж юү гэсэн үг вэ? Зам хашлага, орц гарц налуу байж тэргэнцэртэй иргэн явахад асуудалгүй байхыг монголчууд бид одоо ойлгодог болж. Гадаад дотоодод их зорчдог болсон болохоор Солонгос ийм, Сингапурт тэгдэг, Канадад автуусандаа ингэж оруулдаг гээд монголчууд захаасаа мэднэ ээ. Гэхдээ мэдэхгүй зүйлс түүний цаана бас мянга бий. Тэдний нэг нь өнөөдөр есдүгээр сарын нэгэнд гэртээ түгжээтэй сууж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн гунигтай нүд.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 40 хувь цэцэрлэг сургуульд хамрагддаг, цаашдаа энэ хувь том ангид дэвших тусам буурдаг гэж Яамны нэг том дарга мэдэмхийрч билээ. Цэцэрлэг болоод бага ангид нь яаж ийгээд бэрхшээлтэй хүүхдээ энгийн хүүхдүүдийн дунд өгөөд байдаг. Харин томрох тусам нь нийгмийн ялгаварлал, хичээлийн хөтөлбөрийн ялгаа эрс нэмэгддэг гэдгийг харин тэр дарга шууд хэлж чадаагүй юм. Шууд шийдэж чадахгүй асуудал учраас яриад юүхэв гэж бодоо биз. Харин дэлхийн улс орнууд энэ том асуудлыг шийддэг. Асуудлыг шийдэхийн тулд төр байдаг учраас.
1970-аад оноос барууны өндөр хөгжилтэй орнуудад туршиж эхэлсэн, өдгөө ердийн хэрэг мэт нийгэм нь хүлээж авдаг болсон хандлага бол нийтийн орчинд (universal design) хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг оруулж, хэрэгцээнд нь тохирсон сургалт явуулдаг болсон явдал. Есдүгээр сарын нэгэн мэгэндээ тэр хүүхэд оролцох баярлах эрхтэй гэсэн үг. Ерөнхий боловсролын аль ч сургуульд дүүргийн харъяаллаараа хуваарилагдан элсэх эрхтэй гэсэн санаа. Харин тухайн хүүхдэд зориулсан ганцаарчилсан хөтөлбөрөөр ажиллах туслах багш, дэмжигч багш нар нь хамтдаа ажилладаг. Хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй ялангуяа хөнгөн хэлбэрийн аутизм оноштой хүүхдүүд дэлхийн олон оронд ийм л системээр боловсролд хамрагддаг. Нийтийн орчинд багаасаа амьдарч дассан, өөрийгөө тэдний нэг хэмээн ойлгосон хүүхэд насанд хүрээд тэрхүү нийгэмдээ төвөггүй зохицон амьдардаг.
Ийм сургалтын систем 1990-ээд оноос шилжилтийн үеийн буюу хуучин социалист орнуудад хэрэгжсэн. Сүүлийнх нь улс бараг ОХУ байх, энэ системд одоо дэвшин орж байна. ОХУ-д хөгжлийн бэрхшээлтэй 13 сая хүн байдаг гэсэн статистик бий. Сүүлийн жилүүдэд аутизмын оношлолт нэмэгдсэн гэсэн судалгаа гарчээ.
Монгол орны хувьд аль хэдийнэ шинэ нийгэм журамд дэвшин орж, барууны амьдралын хэв маягийг бүх л чиглэлээр идэвхтэй дуурайсан боловч хөгжлийн бэрхшээлтэй иргэнд, тэр дундаа бяцхан хүүхдэд хандах хандлага хуучин хэвээр, ихэмсэг сэхүүнээс цаашгүй янзандаа үлджээ. Непалийн газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүүхдүүдэд туслах аян, зүүн аймгуудын түймэрт нэрвэгдсэн сумдад туслах аян, асрамжийн сургууль цэцэрлэгт туслах хөдөлгөөн гэхчлэн сургуулиуд дээр хүмүүнлэгийн сайхан ажлууд цөөнгүй өрнөдөг. Хүүхдүүд ч цагаан сэтгэлээр чадах бүхнээ цуглууж идэвхтэй оролцдог. Захирал нь ч зурагтаар гарч хэвлэлийн хурал хийн тусламжаа зарлах хообийтой. Гэтэл нөгөө хүмүүнлэгийн том аян рекламдсан захирал маань тэр сургуулийн эрүүл саруул хүүхдүүдийн дунд яваа хөгжлийн хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй ганц хүүхдийг үл ойшоох, тусгай сургуульдаа очооч, гэртээ сурна шүү чи хэмээн хөмсөг зангидан явуут дундаа тушаах тохиолдол гардаг. Энэ бол хүмүүнлэгийн тухай томчуудын ойлголт хиймэл, сэтгэл зүрхэнд нь нэвтрэхэд хол байгааг илэрхийлсэн баримт юм.
Яагаад гадаадаас томилогдож ирсэн багш нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хурдан хэл амаа ололцоод хичээл сургалт нь үр дүнтэй болдог вэ?Тэгвэл хот, дүүрэг, аймгийн шилдэг тэргүүний багшийн элдэв гуншин хэргэмтэй багш бүтэн жил болоход нөгөө хүүхдэд ганц үсэг бичүүлэх нь битгий хэл ойртож ярьж чаддаггүй вэ? Энд боловсролын тухай ойлголтын маш том ялгаа харагддаг. Хүүхдийн сэтгэлзүйн сургалт манай багш бэлтгэх тогтолцоонд байхгүй. Харин онц сурлагатнууд төрүүлэх, элдэв зурагт самбараар ажлаа дүгнүүлэх, хэлбичиг, математикаар бөмбөгдөх ой санамж суулгуулсан автомат машин шиг багш нарын арми шингэрээгүй байна. Энэ бол зөвхөн боловсролын асуудал биш юм. Компанийн захирал, ерөнхийлөгч, онц сурлагатан, олимпиадын аварга, шилмэл онцгой байхын уралдаан нийгэмд амь бөх байна. Хувь хүн байх, бие даах, өөрийнхөөрөө бодох, худлаа хэлдэггүй болох, хажуудаа байгаадаа тусалчих сэтгэлтэй болгох нь боловсролын барууны тогтолцооны суурь байдаг. Үүнийг л өнөөдрийн гоё ганган багш нар ойлгодоггүй юм. Хүүхэд бүрийн онцлогт тохирсон сургалт явуулна хэмээн Боловсролын багц хуульд цоо шинэ бодлого шингэснийг цээжилснээс цаашгүй явна гэсэн үг.
Олон ч хүнтэй уулзаж, цөөнгүй ярилцлага хийн, нэвтрүүлэг бэлтгэх явцдаа албан тушаалтнуудын өмнө хана мөргөж, ээж аав нарын гомдолтой үгсийн дунд сэтгэл хямарч явлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах эрхийн талаар Боловсролын яамны дарга нар хүртэл өөрсдөө ойлголт муу байгааг, эсвэл зарим нь зүгээр л “ажил ихтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд манатай, ердийн хүүхдүүдээ яая гэж байна”гэсэн хандлагатай. Харин ганц албан тушаалтан өмнөөс минь early childhood intervention буюу хүүхэд болгонд багаас нь нийтийн орчинд хэрэгцээнд нь тохирсон боловсрол олгох тогтолцоо дэлхийн бусад оронд хэдийнэ хэрэгжээд явж байгааг хэлсэн юм. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л. Гантөмөр Монголын боловсролын тогтолцоонд анх удаа эрс шинэчлэл хийсэн 2013 оны багц хуулийнхаа ерөнхий концепцийг товч тайлбарлаад, хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийтийн орчинд сургахын ач холбогдлыг маш сайн ойлгож байсан. Ийм шинэ хандлагыг салбартаа хэрэгжүүлэхийн тулд нөгөө ихэмсэг хана хэрмийг аажим буулгах ёстойг, бэрхшээлийг нь ч тэрбээр сайтар мэдэрч байлаа.
Тусгай сургуулийн тусгай ханаар тусгаарлалгүй, нийтийн орчинд хүүхдийг оруулах туршилтын анги нээх талаар Л. Гантөмөр сайд анх удаа ярьж байна. Манай улсын боловсролын системд анх хөндөж буй туршилтын анги. Хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй олон мянган хүүхдийн нүдэнд гэрэл өгсөн ийм туршилтын хөтөлбөр боловсролын тогтолцоонд аажмаар дэлгэрвэл тусгай сургууль төгсөөд дахиад л гэрийнхээ дөрвөн хананы дунд үлддэг мянга мянган томчуудын амьдралд ч чанарын өөрчлөлт орно.
Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд дэлхийн олон оронд тусгай сургууль, сэргээн заслын төвүүд ажиллаж, гэхдээ мөн л боломжит сургалтыг нь тухайлбал усан сан, хөдөлгөөн заслын танхим, дуу хөгжмийн хичээлийг ердийн сургуульд цөөн цагаар хамруулахыг чухалчилдаг.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол манай төрд хамаагүй, гадаадын олон улсын байгууллагын ажил мэт 1990 оноос хойш ойлгосоор ирсэн, тэр хэрээр тусламжийн жаахан хөтөлбөр хэрэгжүүлдэг тусгай сургууль хэмээх вант улсууд бий болчихоод байгааг дээр өгүүлсэн. Яг үүнтэй ижил сэтгэхүйгээр нэгэн чухал Комиссийг ганц яамны мэдлийн газар болгочихоод байгааг сурвалжлагынхаа явцад харав
Г. Бурмаа бол Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын төв Комиссийн дарга. 2013 онд гурван Сайдын хамтарсан тушаалаар ийм Комисс байгуулж, хүүхдүүдэд оношлогоо, дараа нь үнэлгээ хийх арга зүйг боловсруулах үүрэг өгчээ. Түүний урт сунжирсан албархуу яриаг сонсч унтах шахаж суухдаа энэ хүн өөрийгөө нэг Яамны газрын дарга гэж үзээд, үүргээ дутуу ойлгосон юм биш байгаа хэмээн бодогдов.
Боловсрол, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн яамдын дунд салбар хооронд зохицуулалт хийж хөгжлийн бэрхшээлтэй олон мянган хүүхдийн оношлогооны арга зүйг боловсруулах ёстой энэ хүн түшмэл бус, сайн зохицуулагч байх ёстой. 2015 оны дөрөвдүгээр сард олон улсын аутизмын өдөр Г. Бурмаа гэдэг хүнтэй анх уулзсанаа “Анд хүүхдүүд” ТББ-ын Гүйцэтгэх захирал Л. Нямгэрэл надад ярьсан юм. Аль 2013 онд байгуулагдсан Комисс нь Аутизмын холбооныхон буюу асуудлын голомтод байгаа улсуудтайгаа 2 жилийн дараа нүүр тулж уулзсаныг сонсоод гайхаад л өнгөрсөн. Өнгөрсөн зун Бурмаа даргатай дахин холбогдон “Оношлогоо үнэлгээ хүлээсэн хэдэн мянган хүүхэд бий, танай арга зүй бэлэн болов уу, яагаад ийм удаашралтай ажиллаж байна вэ” гэвэл тэрбээр “Удлаа гэсний зоргоор түүхий гоомой зүйл хийхгүй, ажил явж байна” гэсэн хариу өгөв. Тэгвэл уг Комиссын ажлыг жигдрүүлэхээр 2013-2014 онд Нээлттэй Нийгэм Форумын шугамаар төсөл хэрэгжүүлсэн Америкийн мэргэжилтнүүд дараах Зөвлөгөөг өгсөн байдаг:
“Бага насны хүүхдийн хөгжил маш эрчимтэй явагддаг тул цаг хугацаа алдахад хөгжүүлэх үйлчилгээний үр нөлөө буурдаг. Ямар нэг ангилал тодорхойлох, онош тогтоох үйл ажиллагаанд цагаа зарцуулалгүй, энгийн бөгөөд баталгаатай үнэлгээний хэрэглэгдэхүүнээр хөгжлийн хоцрогдол байгаа эсэхийг тогтоож, байгаа бол үйлчилгээнд хамруулах эрх нээх байдлаар зохицуулахыг зөвлөж байна” гэжээ.
Есдүгээр сарын нэгнүүд улиран одож, энэ нийгэмд ижил амьдрах эрхтэй мөртлөө гэртээ суугаа хүүхдүүд өсөн том болсоор. 29 дүгээр тусгай сургуулийн сурагч, гоцлол дууны олон удаагийн уралдааны аварга, Ховдоос ирсэн, төрөлхийн хараагүй охин ба Монголын нууц товчоог цээжээр уншдаг гэх онц сурлагатан, “том даргын” ач хүүгийн хооронд ямар ялгаа байгааг би олж хараагүй. Тэд яг адилхан сурах, баярлах, өсч хөгжих тэгш эрхтэй хүүхдүүд.
Монгол улсын Үндсэн хуульд хүүхэд бүрийн сурах тэгш эрхийг баталгаажуулсан. Мөн Бага дунд боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулиудад ердийн цэцэрлэг, сургуульд сурах эрхийг баталгаажуулсан байдаг. Тунхаг, ерөнхий заалтууд хэдий ч тэгш эрхтэйг тэмдэглэжээ. Одоо энэхүү ерөнхий заалтуудыг илүү тодорхой зохицуулалт болгон үүрэгжүүлэх ёстойг УИХ-ын гишүүн С. Оюун онцолсон юм. Энэ намрын чуулганаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийг хэлэлцэх учиртай. Уг хуульд сургах үүргийг тодорхой тусгах ёстой гэж тэрбээр тэмдэглэсэн. Япон улсад хуулийн шууд үүрэгжүүлэх заалтаар хүүхдүүдийн сурах эрхийг хамгаалдаг аж. АНУ-д ч хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ялгаварласан, шаардлагатай үйлчилгээ үзүүлэхээс татгалзсаны улмаас хуулийн хариуцлага хүлээсэн олон тохиолдол гардаг. Хууль эрхзүйн тодорхой зохицуулалтын талаар та энэхүү нэвтрүүлгээс мөн тодорхой үзэж болох юм.
https://www.youtube.com/watch?v=EpL5JhW-Yc4
Эрхзүйн зохицуулалттай зэрэгцээд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургаж буй ердийн сургуулиудад дэмжлэг үзүүлэх, урамшууллын механизмыг тодорхой болгох, шинээр багш нар бэлтгэх ажил хийгдэх ёстой. Хэдэн сар жилээр сунжруулах шаардлагагүй, хялбар шийдэх боломж бий. Гарц үргэлж олддог. Сэтгэл байхад шүү. Нар бүгдийг ижилхэн ээдэг биз дээ, хонгор минь.