ШИНЭ ОРОСУУДЫН ШИРҮҮН ХАРЦНАА

2008.05.19

“Роснефть” компани Монголын нефть бүтээгдэхүүн импортлогчдод нийлүүлдэг шатахууныхаа хэмжээнд 30 хувийн босго тогтоож болзошгүй. Манай зах зээлд шатах тослох материалын хомсдол бодитой нүүрлэх аюул ойртож байна.

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналаа Ерөнхий сайд С. Баяр УИХ-ын чуулган дээр гаргаснаас хойш арваад өдөр өнгөрчээ. “Би танай намынхан руу мессеж хүртэл зөндөө бичсэн” хэмээн Ерөнхий сайд Бат-Үүлд гоморхож байсныг телевиз үзэгчид санаж буй биз ээ. Тэрбээр Ардчилсан намын зөвлөлийн гишүүдэд чухам дээрх аюулын тухай хэльюү хэмээн жаал охин лугаа “мессеждэхээс” аргагүй болж. Улс орон шатах тослох материалын хомсдолд орж болзошгүй талаарх мэдээллийг эрхэм Ерөнхий сайд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр, эсхүл УИХ-д суудалтай намын дарга нартай хаалттай хаалганы цаана урьдчилан ярилцах боломж байсан. Яагаад эхлээд УИХ-ын танхимд хуульд өөрчлөлт оруулах тухай цочир зарлаж, төдөлгүй “нууц зүйл хэлэх гэсэн юм аа” хэмээн мессеж илгээсэн нь хувь хүний араншинтай холбоотой жижиг асуудал. Харин “Роснефть”-ийн шатахуун түгээх 100 станц байгуулах саналын мөн чанар, уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд манай улсын гол импортлогч компани бидэнтэй ямар зарчмаар харилцаж эхлэх бол гэдэг нь анхаарал татах сэдэв мөн.

Юуны өмнө “Роснефть” харилцагч бусад улсад нийлүүлдэг үнээрээ Монголд шатахуун нийлүүлнэ. Энэ бол зах зээлийн харилцаа. Дээр нь нефть бүтээгдэхүүний нийлүүлэлтдээ квот тогтоож болзошгүй. Удаах нь харин сүрдүүлэг. Монголын импортлогчдод 30 хувийн босго тавих тухай яриа Улаанбаатарт хий сонссон айдас биш, улаан Москвагаас шахалт тавьсан сорил байлаа.

Шатахуун түгээх 100 станц бизнесийн сайн байршилтай, борлуулалтын дүн хэмжээ өндөр, зах зээлийн 10 хувиас эзлэхүүнээрээ энэ мэтээр илэрхий давж одохыг энгийн тооцоогоор иргэн хийж чадна. Илэрхий зүйлийг шахсаны учир нь шинэ оросуудын араншин. Ийм тулгалт Монгол Улсын Ерөнхий сайдыг ацан шалаанд оруулж байна. Угтаа нийт монголчуудыг хүнд асуудалд унагаж байгааг нарны эртэд санаж сэрэх цаг иржээ. Намаараа талцах биш, Монгол даяараа анзаарууштай үйл явдлын өрнөл дунд бид оржээ.

Ялалтын парад яагаад айдас дагуулав

Гурвалсан морьд уудам нутгаар нь салхи татуулан хурдалж, цагаан хусхан их түүхийг нь чимэглэсэн буурал Оросын тухай бид мөнхөд халуун дулаан дурсамж тээдэг. “Ээж ээ, энд их гоё байна шүү. Улаан, цагаан, хөх өнгийн салют хоёр талаас цацарч байсан…” Охин маань Москвагаас ярьж, ялалтын баярын өнгө гэрлийн тухай өөрийнхөө сэтгэлийг ингэж өгүүллээ. Телевизээр ээж нь харсан л даа. Улаан талбай, ялалтын парад, их дайны хүндийг үүрсэн аугаа ард түмний баяр, нулимсыг сэтгэл хөдлөхгүйгээр харах монгол хүн үгүй биз.

Харин их ялалтын 63 жилийн ойд зориулсан энэ удаагийн цэргийн парад хүйтэн дайн өндөрлөснөөс хойш анх удаа Орос болоод барууны улс орнуудын харилцаанд жавар орууллаа гэж дэлхийн гол хэвлэлүүд нэг дуугаар тэмдэглэсэн нь анхаарал татаж байна. 97 тонн жинтэй, 22 метр урт аварга “амьтан” Улаан талбайд гулсан орж ирлээ. Түүнийг Францын Le Figaro сонинд “монстр” хэмээн нэрлэжээ. Тополь-М нэртэй цөмийн цэнэгт хошуу хөөргөх төхөөрөмж Улаан талбайгаар гулсан явж өнгөрөхүйд “Тополь 11.000 километрийн тусгалтай” гэх тайлбар дагалдав. Америкийн аль ч мужид хүрнэ гэсэн үг. Төдөлгүй “Цагаан хун” нэртэй бөмбөгдөгч онгоц Оросын нийслэл дээгүүр цагт 500 километрийн хурдтай шуугиад одов оо. Сайхан нэртэй юм аа гэж л бодож амжив. МиГ-31, Ил-78, Ту-95МС, МиГ-29…тээр дээгүүр шунгинаж, Фаворит, Тор, Бук, Искандер, Спрут, Смерч…газраар нүүгэлтэн, В. Путин, Д. Медведев нар мөр түшин зогсоод, хөмсөг зангидасхийн энэ бүхнийг анхааралтай харж байлаа.

Их Орос эргэн ирснийг энэхүү парад дэлхий дахинаа нотолсон юм. Зөвхөн өнгөрсөн онд 7.5 тэрбум америк долларын зэвсгийн худалдаа хийсэн цэрэг зэвсгийн хүчирхэг улс ялалтын баяраа тэмдэглэж байна. Батлан хамгаалах зардлаа ганц жилд 20 хувиар нэмэгдүүлж чадсан арми Улаан талбай дээгүүр сүр хүчээ гайхуулан өнгөрөв.Гүрж, Оросын харилцаа хурцдаж, дайны байдалд ороход бэлэн болсон тухай ярьцгааж буй үед, НАТО Оросын зах хязгаарт дөтөлсөн цаг мөчид, Абхаз руу Оросын армийн нэмэлт хүч илгээх тушаал дөнгөж өгсний дараа уг сүрлэг парад болж байлаа.

“Ээж ээ, том том танк харсаан” … Охинд маань бүгдээрээ танк л гэж санагдсан байх. Москва хотын захиргаа байлдааны хүнд техник явж өнгөрөх замыг засахын тулд 1.4 тэрбум рубль зарцуулжээ. Ялалтын парад Орос улсыг өнгөрсөн жилүүдэд үл тоомсорлож ирсэн барууны ертөнцөд огт өөр ойлголт өгөв. Бас зэрэгцээд хүйтэн дайны үеийн жаврыг дэлхий дахинаа үлээлгэв.

В. Жириновский яагаад В. Путинийг дэмжсэн бэ

Орос улс бодлогоо өөрчилж байна. Улс төр, батлан хамгаалах салбарт төдийгүй эдийн засгийн чиглэл хандлага нь өмнөхөөс ялгарахуйц болсныг мэдрэхэд төвөггүй. В. Путинийг Ерөнхий сайдаар томилох саналыг ДУМ дэх Коммунист намаас бусад бүх хүчин дэмжжээ. Өөрөөр хэлбэл, Путин энэ удаа аж ахуйгаа либерал арга зарчмаар хөтлөх нь. Шинэ оросууд гүнзгий орооцолдсон ээдрээтэй эдийн засгийг тэр зохицуулна. Либерал ардчилсан нам түүнийг дэмжиж байна. Хүчтэй нь хүчгүйгээ гэх зэрлэг зарчмаас Путин ч татгалзахгүй биз.

Шинэ Ерөнхийлөгч Д. Медведевт авууштай ганц тал бий гэж Их Британийн Economist тэмдэглэжээ. “Оросын сүүлчийн хаанаас хойш тагнуулын тусгай албаар дамжаагүй, коммунист намд тархиа угаалгаагүй ганц удирдагч гарч ирсэн нь энэ Медведев “хэмээн түүний харьцангуй “цэвэр” намтрыг магтан сайшаажээ. Цааш нь “Шинэ Ерөнхийлөгч либерал бодлого хэрэгжүүлнэ гэсэн найдвар бий” гэсэн аж. Чухам тэрхүү найдвар буюу Оросын Ерөнхийлөгч болоод Ерөнхий сайд нарын либерал хандлага нь тэрбумтнуудаа төрийн бодлогоор тэтгэн дэмжих албан ёсны бодлого болох биз ээ.

Танилуудаасаа монголчууд яагаад жийрхэнэ вэ

Монголын хойд хил орчимд зэс молибдений үргэлжилсэн орд газар бий. Удоканы орд газар нь нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт буюу Оюутолгойн ордын дараа орно гэсэн мэдээлэл байна. Өдгөө асар ирээдүй амлаж буй Удоканы лицензийг худалдан авах гэсэн өрсөлдөөн Оросын олигархиудын дунд өрнөж байна. Тавдугаар сарын 14 хүртэл өрсөлдөгчид тендерийн материалаа ирүүлэх хугацаа заажээ. Улмаар наадмын дараа гэхэд уг ордын эзэн хэн болох нь тодрох юм.

Удоканы орд газрын лицензийг асар сонирхож байгаа нэгэн тун гайхамшигтай төлөвлөгөө боловсруулаад В. Путинд яг сарын өмнө захидлын хамт илгээснийг монголчууд зах зухаас нь дуулсан. “Ростехнологий” төрийн мэдлийн корпорацийн тэргүүн С. Чемезевийн авангард төлөвлөгөө монголчуудтай шууд холбоотой. “Эрдэнэт” үйлдвэр болоод “Монголросцветмет” нэгдлийн Оросын талын тус бүр 49 хувийг “Ростехнологий” корпорацид өгч орхивол мань Чемезев Удоканы ордын тендерт орж ялаад, улмаар зэс, молибдений цогц үйлдвэр байгуулна гэжээ. Дэлхийн зэсийн зах зээл дэх нийлүүлэлтийн бараг 10 хувийг хангаж чадах аварга төсөл надад байна, гагцхүү Монголын талтай хамтарсан хөрөнгө оруулалттай хоёр үйлдвэрийг надад өгч орхи гэсэн хүсэлт бус, бараг тулгалт байх аж.

Этгээд сонсогдсон өөр нэг зүйл нь эрх тэгш хамтрагчаараа “Норильский никель” үйлдвэрийн эзэн, тэрбумтан В. Потанин, “Металлоинвест”-ийн тэргүүн А. Усманов нарыг нэрлэжээ. Уг гурвал консорциум байгуулах маягаар Удоканы ордын тендерт зүтгэнэ гэсэн үг. Хөршийн баячууд хилийн цаана хувийн асуудлаа ярьж буй мэт. Асуудлын учир нь төрийн оролцоо бүхий нээлттэй хувьцаат нийгэмлэг буюу ОАО гэх тодотголтой аж ахуйн эзэд улстөрчдийнхөө ил дэмжлэгтэйгээр хүссэн газраа хөл тавьдаг бизнес Орост хүчээ аваад байна. “Оросын төмөр зам” ОАО Монголын төмөр замтай, Роснефть ОАО Монголын Засгийн газартай, “Ростехнологий” “Эрдэнэт”-тэй хамтран ажиллах гэрэлт замыг сонгожээ. Хамтран ажиллах зарчим нь мөнөөх либерал бодлогоос улбаатай, “сайн хөршийн зах зээлийн” харилцаа байх юм. Зах зээлийн эрх тэгш харилцаа гэдгээ шинэ оросууд маань шатахууны байршил заасан 100 станц гэх маягаар ичиж эрээлхэлгүй тулгах чадвартай. Economist сэтгүүлийн олзуурхаж онцолсон “шинэлэг дүр төрх” гэх тодорхойлолтоос монголчууд бол эмээж байна.

Яагаад хамтран ажиллаж болохгүй гэж

Насан туршдаа “ах дүүгийн” харилцаа ярьж бид юм гуйлтай нь биш. Орос, монголчууд эрх тэгш хамтран ажиллах эрх зүйн үндэс нэгэнт тавигдсан. Харин “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэргүүн Якунин мөнөөх “Ростехнологий” корпорацийн ноёнтой муудалцчихсаныг, нөгөө Удоканы ордын лицензийн шалгаруулалтад орох гэж тэрбумтнууд төрийн мэдлийн компанийнхантайгаа талцаж хуваагдаад хоорондоо үзэлцээд эхэлснийг сонсохул эрхгүй болгоомжлол төрнө. Зах зээлийн харилцаа, хууль номын дагуу асуудал Орост шийдэгдэхгүй байна.

“Ростехнологий” корпорацийг Холбооны монополийн эсрэг алба шалгаж эхэлсэн тухай мэдээтэй зэргэцээд ноён Чемезевийг улангассан арга барилтай гэх дүгнэлт ч хэвлэлд нийтлэгджээ. Шинэ оросуудын этгээд саналын тухай мэдээлэл “Роснефть”-ийн 100 станцаар үл хязгаарлагдах биз ээ. В. Жириновский В. Путинийг дэмжиж, Д. Медведевийг Их Британийн хөрөнгөтнүүд либерал удирдагчаар зарлаад байна. Ах нь дүүдээ ханддаг зөөлөн харилцааны тухай түүхийн хуудсыг Оросын шинэчлэгчид аль хэдийнэ эргүүлжээ.

Хархан нүдтэй Жамилия бид хоёр метроны Войковская буудал дахь сургууль руугаа яаран гүйж явсан дурсамжаа хүчлэн санахыг хүслээ. Ахан дүүсийн харилцаатай Афганаас Жамилия ирж, найрамдалт Монголын мянга мянган оюутны нэг би байж, алтан Москвагийн намар, өвөл, хаврын сайханд дурсамж тэрлэжээ. Монгол хүн орос сэтгэлийг үргэлж хүндэтгэдэг. Гэсэн ч өдгөө тэр ах биш, би дүү нь байхаа хэдийнэ больсон.

Оросын эдийн засаг зогсолтгүй урагшилж буй хэдий ч энэ намраас байдал хүндэрч болзошгүй гэсэн таамаглал хэвлэлүүдэд мэр сэр үзэгдэх аж. Инфляц хурдацтай өсч, цалин нэмэхийг шаардсан ажил хаялтууд үргэлжлэх магадлалтай. Энэ сарын дундуур төмөр замын үйлдвэрчний эвлэл ажил хаялт зохион байгуулна хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалт багасч байгаа тухай статистик гарчээ. Оросын тэрбумтнууд бизнесээ тэлэх шинэ орон зайн эрэлд мордоод байна. Төр, засаг нь ч эдийн засгийн ирээдүйгээ бодоод тэднийг дэмжинэ. Хөрөнгө оруулах хүсэлт нь шахалт болон чангарч, оросууд улам бүр эрээгүй загнах болсныг “дүү нар” эхнээсээ сонслоо.