М.Ариунбаяр: Хоёр долларын тухай бус, 2.5 тэрбум ам. долларын тухай ярьж байна

2010 оны 3 сарын 16

Оюутолгой ордыг ашиглах Техник, эдийн засгийн үндэслэлийг Монгол улсын Эрдэс баялгийн мэргэжлийн Зөвлөлөөр хэлэлцээд буцаасан билээ. Буцаах үндэслэл болсон дөрвөн заалтын талаар Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн албаны дарга М. Ариунбаяраас тодруулга авлаа. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн зарим нэр томъёонд Монгол улсын Дээд шүүхээс тайлбар авахыг хүссэн тухай тэрбээр ярьж байна.

Ашигт малтмалын хууль дахь Mining right гэсэн үгийг янз бүрээр тайлбарласнаас болоод ойлголтын зөрүү гараад байх шиг санагддаг. Энэ нь манай хуульд туссан агуулгаараа үйл ажиллагаа явуулах эрх гэж ойлгож болох уу? Гадны хөрөнгө оруулагчид бол үүнийг орд газрыг эзэмших эрх гэж ойлгоод байна уу?

Манай Ашигт малтмалын тухай хуульд, Үндсэн хуульдаа ч тэр зааснаар бол орд газар нь төрийн өмч. Бүх ард түмний мэдлийн зүйл. Аливаа орд газар нь бүх ард түмний өмч гэдэг утгаараа түүнийг эзэмшүүлэх эрх олгохыг төрд хуулиараа зөвшөөрсөн гэсэн үг. Ордыг эзэмшүүлэх эрхийн тухай л манай хуульд тусгасан байна шүү дээ. Хамгийн гол нюанс нь энд л байгаа юм. Ордыг эзэмшинэ гэдэг нь гадныхны ойлголтоор бол тэр компанийн өөрийнх нь өмч гэдэг. Орд газраа худалдаж зарж борлуулж болно. Гадныхан бол ордыг эзэмшдэг. Хуульдаа mining right гэсэн үг хэллэг нь байдаг. Түүнийгээ манай хуулийн заалттай ижилхэн хараад өмчлүүлэх эрх гэж ойлгодог.

Харин манайхаар бол энэ чинь өөр утгатай заалт. Манай Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тэр ашиглах эрхийг нь хуулийн шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд өгч болж байгаа юм. Түүнээс биш аль нэг компанид ордыг өмчлүүлж буй асуудал байхгүй. Манай Ашигт малтмалын тухай хуульд зарчмынх нь хувьд ялгагдаж байгаа нэг гол зүйл энэ.
Ойлголтыг нэг мөр болгохын тулд хуулийн энэ заалт дээр тодруулсан тайлбар гарах ёстой юу?

Зайлшгүй тодруулах шаардлага яг үнэндээ бол байхгүй. Яагаад гэвэл хуульд маш тодорхой бичсэн байгаа шүү дээ. “Ашигт малтмал ашиглах эрхийг ашиглах эрхийн тусгай зөвшөөрлөөр өгнө” гэж тодорхой тусгасан байгаа биз дээ. Түүнээс биш орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ гэдэг шиг орд газрыг эзэмших эрхийг өгнө гэж заагаагүй. Ашигт малтмал ашиглах эрх буюу үйл ажиллагаанд нь тусгай зөвшөөрөл олгоод байна шүү дээ. Хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн, тэр нь стратегийн орд газар бол төр 34 хувийг нь авъя, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол тэр ордын 51 хувийг нь авъя гэх мэтээр тухайн орд газрыг ашиглах эрхийг нь хуулиараа зохицуулж байна. Энэ бүгд бол бид тухайн ордыг ашиглах эрхийг л өгч байгаа ойлголт юм.

Ашигт малтмалын тухай хуулийн албан ёсны англи орчуулга дээр нь тайлбар байх ёстой юу?

Монгол хэл дээр байгаа зүйлийг англи руу нь зөв тайлбарлаад өгөх ёстой л гэж би бодож байна. Гадаадын хөрөнгө оруулагч компанийнхан энэхүү заалтыг хэнээр ч хэлүүлэлтгүй маш сайн ойлгож байгаа шүү дээ.

Оюутолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэх явцад манай нийгэмд ч бас хуулийн энэ заалтаас болоод маргаан өрнөж байсан шүү дээ. Ер нь л дотоод, гадаад гэлтгүй ойлголтын зөрүү байна?

Улстөржөөд эхэлдэг асуудал байдаг шүү дээ. Тийм асуудал дээр магадгүй үгийн бүр илүү оновчтой сонголт хэрэгтэй байж болох юм. Уг нь маргалдаад байгаа тэр зүйл дээр ойлголт нэг, харин тайлбарлахдаа өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлээд байгаа нь ажиглагддаг.

Ер нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бодит шаардлага бий юү?

Зайлшгүй гэвэл бүр концепцоор нь өөрчилмөөр байгаа юм. Шинэчлэн найруулж байгаа мэтээр хоёрын хооронд засч тордолгүй бүрэн концепцоор нь өөрчлөх, эсвэл хуульдаа дахин дахин гар дүрэлгүй зарим нэг маргалдаад байгаа зүйлээ зөв оновчтой үг хэллэг сонгож тайлбарлаад явчих хэрэгтэй. Ийм хоёр зам бий.

Хуулийг хэрэгжүүлж байгаа байдлаас харахад, цаашдаа уул уурхайн салбарын үйл ажиллагаа улам өргөжинө, бүр олон асуудал хуримтлагдана гэсэн өнцгөөс харвал ер нь хуулийг концепцоор нь шинэчилчихмээр санагддаг. Ийм том хэмжээний шинэчлэлт хийсэн тохиолдолд одоогийн Ашигт малтмалын тухай хууль маань тэр шинэчлэгдсэн хууль дотроо орох нэг л бүлэг байгаа юм шүү дээ, яг үнэндээ.

Ашигт малтмалын газар хуулийн зарим зүйл заалтад Дээд шүүхийн тайлбар гаргуулахыг хүсчээ. Ийм тайлбар хийлгэх шаардлага байгаа юу?

Хэрэгжүүлэгч агентлагийн хувьд бидэнд хууль хэрэгжүүлэх явцад маргаантай ойлгогдохгүй зүйл цөөнгүй гардаг. Тийм учраас л Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалт дээр Дээд шүүхээс тайлбар авъя гэсэн юм. Манай агентлаг анх Дээд шүүхэд 2008 онд хандаж, тайлбар хийлгэх хүсэлт тавьсан. Тухайн үед Дээд шүүх бидэнд юу гэж хариулсан бэ гэхээр салбарын хууль ядахдаа 3-4 жил хэрэгжиж байж тайлбар гаргах тухай асуудал ярья гэсэн. Ашигт малтмалын тухай хууль шинэчлэгдээд жил гаруй л хугацаа өнгөрч байсан болохоор хуульд тайлбар өгмөөргүй байна гэсэн. Хууль хэрэгжүүлэх шатанд янз бүрийн шүүмжлэл манайд хандаж гардаг л даа. Үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэнгүй, биелүүлсэнгүй гэсэн шүүмжлэлүүдтэй холбогдоод бид хууль дахь нюанстай асуудлууд дээр тайлбар авъя гэсэн юм. Түүнээс биш хуулийг бүгдийг нь тайлбарлуулах гээд байгаа юм биш. Зарим нэг заалтыг Дээд шүүхээр тайлбарлуулах, ойлголтыг нэг мөр болгох хэрэгцээ бий.

Тухайлбал ямар заалт дээр тайлбар хүсч байна вэ?

Жишээ нь, орон нутгийн Засаг даргын санал гэдэг асуудал байдаг. Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлынх нь шийдвэрийг үндэслээд Засаг дарга зөвшөөрөл өгөхөөс татгалзаж болно гэсэн хуулийн заалттай. Гэтэл бусад хуульд байгаа заалтуудыг харахаар ер нь лиценз олгохоос татгалзах үндэслэл харьцангуй бага. Засаг дарга лиценз өгөхөөс үндэслэлгүйгээр татгалздаг, тэгээд би үгүй гээд байхад Ашигт малтмалын газар зөвшөөрөл олгочихлоо гэдэг. Эсвэл Засаг дарга нь ИТХ-тайгаа хамтраад тухайн орд газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргачихдаг, тэгснээ дараа нь тусгай хэрэгцээнээсээ өөрсдөө чөлөөлчихдөг. Энэ мэт Засаг даргын саналтай холбоотой тодорхой болгомоор зүйлүүд байна. Мөн Аж ахуйн нэгжийн тухай хуулиар тусгай зөвшөөрөл ч гэдэг юм уу, аливаа зөвшөөрөл бичиг баримтын дуусах хугацаа гэсэн ойлголт бий. Тэр ойлголт нь манай Ашигт малтмалын тухай хуультай зөрчилддөг. Тухайлбал хугацааг сунгах асуудал дээр хуулиудын заалт зөрчилддөг. Хугацааг сунгана гэдэг нь тэр тусгай зөвшөөрөл хэзээ дуусгавар болох вэ гэдэгтэй холбоотой ойлголт шүү дээ. Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд зааснаар нэг сарын өмнө эрхийг нь дуусгавар болгоод байгаа. Нэг сарын өмнө та өргөдөл өг, өгөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмших эрх тань дуусгавар болно гэдэг. Гэтэл Иргэний хуульд зөвшөөрөл олгосон яг тэр өдөр чинь бичиг баримтын хүчинтэй байх хугацаа дуусгавар болно гэж заасан. Тэгэхээр энэ хоёр ойлголтыг хооронд нь холбох л хэрэгтэй болж байгаа юм.

Аль нэг хуульд нь өөрчлөлт оруулж зохицуулах уу?

Хуульд өөрчлөлт оруулахгүйгээр, манайд тайлбар гаргаад өгчихвөл шийдэх боломж бий.

Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгочихлоо гэх мэт янз бүрийн гомдол аж ахуй эрхлэгчдээс их ирдэг үү. Ер нь Ашигт малтмалын хуулийг хэрэгжүүлэх явцад бодит байдал дээр бэрхшээл их гардаг уу?

Бэрхшээл бол их гарна шүү дээ. Хуулиудыг хооронд нь уялдуулаагүйгээс болоод хэрэгжүүлэх шатанд хамгийн том хүндрэл гардаг.

Лиценз давхардуулж олгосон асуудал яагаад гарч байна вэ? Ураны сав газарт нэг орд дээр 14 лиценз давхардуулж олгосон явдал яагаад гарсан бэ?

Давхардуулж олгоно гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Цөмийн энергийн тухай хууль өнгөрсөн онд батлагдахаас өмнө 1997 оны, 2006 оны Ашигт малтмалын хуулиудын дагуу манай Ашигт малтмалын газар лиценз олгож байсан. Цөмийн энергийн тухай хууль гарснаас хойш лиценз давхардуулж олгох үйл ажиллагаа бид ерөөсөө явуулаагүй. Мардайн орд, Гурванбулаг, Дорнодын район гэдэг чинь ураны хүдрийн дүүрэг. Энд байгаа талбай дээр 12 компанид нийт 14-15 лицензийг төсвийн хөрөнгөөр хайгуул судалгаа хийчихсэн байхад үнэгүй олгосон байна гэсэн асуудал яригдаж байгаа болохоос биш нэг компанид зөвшөөрөл олгочихоод л тэр газартаа дахиад өөр компанид лиценз олгосон тухай асуудал байхгүй.

Мардайд давхар лиценз олгосон асуудал Цөмийн энергийн газрын хариуцах ёстой зүйл болж байна уу?

Ашигт малтмалын газар нь ураны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой байсан, тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргаад Цөмийн энергийн газарт хүлээлгэж өгсөн. Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын тушаалаар гарсан Ажлын хэсэг энэ хүлээлгэж өгөх ажлаа хийсэн. Шаардлагатай бичиг баримтуудыг Ашигт малтмалын газар Цөмийн энергийн газарт хүлээлгэн өгсөн. Цаашид ч хоёр агентлагийн хооронд хийж дуусгах учиртай бусад ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа.

Ашигт малтмалын тухай хуультай холбоотой Дээд шүүхээр тайлбарлуулах шаардлагатай өөр ямар заалтууд байна вэ?

Жишээ нь, геолог хайгуулын ажлын үр дүнгийн тайланг өмнөх онд гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр хэзээ өгөх нь их тодорхойгүй туссан байдаг. Тайлангаа бичээд дууссанаас хойш 30 хоногийн дотор гэсэн заалт бий. Тайлангаа бичиж дуусна гэдэг ойлголт нь өөрөө цаг хугацаагүй. Тэгэхээр энд тодорхой хугацаа тогтоож өгөөч ээ гэсэн хүсэлт байгаа юм. Дараагийн нэг асуудал нь, тайлан төлөвлөгөөгөө огт ирүүлээгүй ажлууд их байдаг. Хугацаа зааж өгөөгүй учраас. Тайлангаа ирүүлээгүй тохиолдолд Ашигт малтмалын газар ямар арга хэмжээ авах ёстой юм бэ гэх мэт шийдэгдээгүй харилцаа бий. Аж ахуйн нэгж тайлангаа ирүүлээгүй учраас үйл ажиллагаандаа ямар хөрөнгө зарцуулсан бэ гэдгийг нь мэдэх боломжгүй. Тайлан өгөөгүй тохиолдолд торгоно гэж хуульд заасан. Гэтэл хэзээ торгох тэр хугацаа нь бас тодорхойгүй. Иймэрхүү цаг хугацаа нь бүрхэг, тодорхойгүй тусгасан заалтууд хуульд байгаа юм. Жишээ нь Ашигт малтмалын тухай хуульд нөхөн төлбөрийн асуудал бий. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол та нөхөн төлбөр өгнө гэж. Гэтэл 1997 оны хуулиар орд газрыг бүхэлд нь өгөхөөсөө илүүтэйгээр тусгай зөвшөөрөл гэдгээр хил хязгаарыг нь тогтоочихсон. Тэгэхээр нэг ордыг 4-5 хүн хуваагаад эзэмшчихсэн байдаг, нэг нь ажиллалаад үлдсэн хэд нь юм хийдэггүй. Ашиглалтын лиценз байна уу байна, орд газрыг ашиглахаар хураамжийг нь авъя гэхээр нөгөөх нь ажиллаж өгдөггүй гэх мэт асуудлуудыг илүү тодорхой болгох шаардлагатай учраас бид Дээд шүүхэд хандсан юм.

Хууль хэрэгжүүлэх явцад зайлшгүй гарах ёстой журам дүрмүүд гараагүй байдаг юм болов уу?

Гарах ёстой журам дүрэм үндсэндээ бүрдчихсэн. Гэтэл хуулиар зохицуулж болохгүй зүйл гэж бас байдаг. Бид одоо юу гэж хэлж байгаа вэ гэхээр хуульдаа мэргэжлийн талын онцлогийг нь харгалзаад, стандарт боловсруулаад заагаад өгчихөөч ээ гэж хүсч байгаа юм. Дээд шүүхээс тайлбар гаргаж өгөхдөө энэ том салбарын онцлогийг харгалзаж өгөх байх гэж бодож байна.

Хуульд тайлбар гаргуулах шаардлагатай зүйлүүд дээр аж ахуйн нэгжүүдээс санал авсан уу?

Дээд шүүхээс тайлбар авахдаа хэн нэгнээс санал авах шаардлагагүй. Манай агентлаг өөрөө хууль хэрэгжүүлэгчийн хувьд амьдрал дээр гараад байгаа асуудлыг маш сайн мэдэж байгаа. Аж ахуйн нэгжүүдтэй бид заримдаа шүүхдэлцдэг. Зарим тохиолдолд ойлголцдог. Тиймээс хууль хэрэгжүүлэх явцад хуримтлагдсан тодорхой асуудлуудаараа л тайлбар авъя гэж байгаа юм.

Дээд шүүхийн тайлбар хэдийд гарах вэ? Процедурын хувьд тайлбар гаргах хугацаа нь ямар байдаг вэ?

Дээд шүүх эхний ээлжинд ямар ч гэсэн хуульд тайлбар өгье гэсэн нь өөрөө том алхам юм. Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэх явцад хүндрэлтэй зүйл байгааг ойлгож байгаа нь өөрөө том алхам. Манай талаас албан ёсоор хүсэлтээ өгснөөс хойш 4-5 сарын хугацаанд тайлбар гарах болов уу гэж найдаж байна.

Ойн сан, усны сав бүхий газарт ашигт малтмал олборлохыг хориглох тухай хууль яагаад хэрэгжихгүй байна вэ?

Зарчмын хувьд хуулийг бид дэмжиж байгаа. Гэхдээ магадгүй бид салбараа зөв сурталчилж чадаагүйгээс болоод нийгэмд үүссэн буруу ойлголт дээр нэг хэсэг нь дөрөөлж тоглоод байна л даа. Бүхий л муу муухай юманд уул уурхай буруутай юм шиг ойлгуулдаг болсон байна. Бид бүгдээрээ монгол хүмүүс, байгаль орчноо сүйтгэхийн мөрөөдөл болчихсон хүн гэж хаана ч байхгүй. Ойн сан, усны сав бүхий газарт ашигт малтмал олборлохыг хориглох тухай хуулийн үндсэн үзэл санаа нь зөв, үүнийг дэмжинэ. Нэгэнт хууль батлагдчихсан болохоор араас нь гомдоллох юм алга. Хэрэгжүүлэгч агентлагийн хувьд хуулийг хэрэгжүүлэхээр ажиллаж л таарна. Хуульд өөрт нь ойлгомжгүй зүйл байгаа учраас л өдийг хүртэл хэрэгжихгүй байгаад байна. Маш олон асуудал ойлгомжгүй байгаа учраас хэрэгжилт нь хүлээгдээд байгаа юм. Түүнээс биш хэн нэг нь хэрэгжүүлэхгүй гээд ажил сунжирсан явдалгүй.

Уул уурхайн компаниуд хуулийн заалтад шахагдаад, тухайн газраас гараад явчихаар гар аргаар алт олборлогчид хүч түрээд ороод ирэх нь тодорхой. Тэр тохиолдолд төр нинжа нарыг зохицуулж чадах уу?

Төрд их ачаалал ирж таарна. Их хүнд асуудал гэж би боддог. Одоо зүгээр төсөөлөгдөж л байгаа болохоос биш яг тэгчихнэ дээ гэж хэлэх юм алга. Жишээ нь энэ өвөл айхтар зуд болчихлоо. Байгалийн гамшиг гэдэг хэлж ирэх биш. Орон нутагт маш олон хүн амьжиргаагаа алдлаа шүү дээ. Тэднээс арай боломжтой нь амьдрал хөөж хотод орж ирэх биз. Нутгаасаа гарч чадахгүй нь бол байгалиа шүтэж л амьдрах байх.

Гар аргаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг хуулиар зохицуулж чадах уу?

Ашигт малтмалын тухай хуульд гар аргаар ашигт малтмал олборлохыг хориглодог. Хориглоод байхад ажиллалаад байсан хүмүүс маргааш өөр нэг хууль гарахаар эмх цэгцэндээ орчихно гэж би бодохгүй байна. Энэ хүмүүс аль болохоор богино хугацаанд шулуухан хэлэхэд бага хөдөлмөр зарж их мөнгө олох тийм эрдсийн хуримтлалыг л барааддаг. Олон жилийн тогтвортой орлого гэдэг юм уу, нэг хоёр жилдээ өдөр болгон 3000 төгрөгний ашиг гараад байх газарт суурьшаад ажиллалаад байдаггүй. Тиймээс зохицуулахад хэцүү асуудал гэж боддог. Би бол хууль бус үйл ажиллагааг хуулиар зохицуулахын эсрэг байдаг хүн.

Олон улсын практикт гар аргаар ашигт малтмал олборлогчдын асуудлыг хэрхэн зохицуулж ирсэн байдаг юм бол?

Гар аргаар ашигт малтмал олборлодог хүмүүс уул уурхай хөгжиж байгаа, тэр байтугай хөгжингүй улсуудад ч байж л байгаа. Алга болчихсон юм байхгүй. Манайд л хууль гаргаад, бүгдийг нь сайхан цэгцэлчихнэ гэж байгаа бол худлаа.

Эрдэс баялгийн мэргэжлийн Зөвлөл Оюутолгой ордын техник, эдийн засгийн үндэслэлийг хөрөнгө оруулагч талд буцаасан. Буцаасан дөрвөн заалт дээр ойлголцол бий болох найдлага байна уу?

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр “ялих ялихгүй шалтгаанаар ТЭЗҮ-ийг буцаасан”гэж онцолж байна лээ. Тэгэхээр үүнд хариулахад, аливаа мэргэжилд ялихгүй юм гэж байдаггүй. Тэр тусмаа геологи уул ууурхайн салбарт бүхий л зүйл чухал. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хэлэлцээд хөрөнгө оруулагчид буцаасан 4 зүйлийг би хэлж байгаа юм. Хэрвээ “ялих ялихгүй” гэж жижиг сажиг гэсэн ойлголтоор нь хэлэх гэж байгаа бол тийм жижиг асуудал өчнөөн бий. Бид нар тэдгээр жижиг асуудлыг нь онцлоогүй, тэгэх шаардлагагүй гэж үзэж байгаа юм. “Оюутолгой” төсөл явдгаараа яваг, явцын дунд нь бид засуулаад авчих бүрэн боломжтой гэж үзсэн.

Бидний гаргаж тавьж буй зарчмын гол дөрвөн зүйл байгаа. Жишээ нь, толгой компанидаа буюу лиценз анх эзэмшиж байсан компанидаа хоёр хувиар төлөх гэж байсан нийт 2.5 тэрбум ам.долларыг ялихгүй асуудал гэж үзэж байгаа бол тэр хүмүүс харин өөрсдөө байр сууриа тайлбарлах л байх. Мэргэжлийн зөвлөл бол үүнийг чухал асуудал гэж үзсэн. Хоёр долларын тухай яриагүй, 2.5 тэрбум ам. долларын тухай ярьж байна.

Нийт ашиглах нөөцийнх нь 19 сая тонн нь тодорхой нөхцөлд ашигтай гэж бүртгэгдсэн байгаа. Энэ юунаас хамаарсан юм бэ гэхээр зах зээл дээрх металлын үнэ, өнөөдрийн уул уурхайн олборлолтын шинэ дэвшилтэт техникийн боломж зэрэгт үндэслээд хийгдсэн гэдэг. Бид Оюутолгойнхноос юу хүсээд байгаа юм бэ гэхээр хэзээ ашигтай байх үнэ цэнээ гаргаад өгөөч ээ гэж байгаа юм. Монгол улс үүнийгээ мэдмээр байна. Үүнтэй чинь уялдаад магадгүй бид таваарын бүтээгдэхүүнээсээ их ашиг олох юм биш биз дээ гэсэн асуудал гарна. Энэ бол тайлбарлахыг хүсэхгүй л байгаа болохоос биш хүн болгон ойлгож байгаа зүйл шүү дээ. Энд ямар ч улс төр байхгүй. Бидний хувьд мэргэжлийн талаасаа л тайлбар хүсч байгаа зүйл.

Дараагийн нэг асуудал нь ус. Усны судалгаа хангалтгүй хийгдсэн. Яг одоо судлаад гаргасан усны нөөц нь нөгөө төлөвлөөд байгаа 150 мянган тоннын хүчин чадалдаа хүрэхгүй байгаа. Тэгэхээр ямар хүчин чадалтай үйлдвэр барих вэ, хэдэн онд тэр нь ашиглалтад орох вэ гэдгээс чинь Монголд энэ үйлдвэрээс хэчнээн төгрөгний орлого орох вэ гэдэг нь тодорхой болно биз дээ. Энэ бол техник, эдийн засгийн үндэслэл гаргах хамгийн гол шийдэл. Энэ шийдэл нь одоо тодорхойгүй байна шүү дээ. Хүн байшин барихдаа дороос нь ус гарахгүй байлгүй дээ гэж багцаалж барьдаггүйтэй л яг адилхан.

Дэлхийд нэртэй 6-7 компанийн боловсруулсан техник, эдийн засгийн үндэслэл гэдэг шүү дээ. Гэтэл тэднээс манай монгол эрдэмтэд дутахааргүй юм байна. Тиймээс монгол эрдэмтэд энэ техник, эдийн засгийн үндэслэл дотор эргэж харах зүйл байна гэж хэлээд байгаа юм. Ерөөсөө “Оюутолгой” төслийн ажил явах хамгийн гол эрх зүйн баримт нь энэ ТЭЗҮ юм шүү дээ. Компанийнх нь хувьд техник талаасаа Үндсэн хууль нь гэсэн үг. Түүнийгээ анхнаас нь ул суурьтай хийх ёстой.

Оюутолгой ордод Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан Ажлын хэсэг, цаашлаад Засгийн газар, Парламентын хэлэлцүүлэг дээр энэ бүхнийг анзаараагүй өнгөрсөн гэж үү?

Би Гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөх субъект ч биш, тийм боломж ч алга. Яагаад гэвэл би тэр Ажлын хэсэгт орж ажиллалаагүй. Гэхдээ Гэрээ байгуулахад эдийн засгийн тодорхой хэмжээний тооцоо хийгдсэн байж таарна. Тэр тооцоо нь Гэрээ байгуулах хэмжээнд нөлөөлөхүйц дутагдалтай юм аа гэж үзэх гээд байгаа бол би тэрүүнтэй зуун хувь санал нийлмээргүй байгаа юм.

Хөрөнгө оруулагч тал танай саналууд дээр хэр нааштай, идэвхтэй ажиллаж байгаа вэ?

Ямар ч байсан та нар үндэслэлгүйгээр бидний хийсэн ажлыг мэдлэг мэргэжил дутуугаасаа гэх юм уу, чадваргүйгээсээ буцаачихлаа гэсэн асуудлыг “Оюутолгой” төслийнхөн тавиагүй. Төслийнхөн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гаргасан шийдвэрийг хүндэтгэсэн. Хүндэтгэж үзсэн учраас ажлаа хийж байгаа. Зарим ажлаа хийгээд явцыг нь бидэнд танилцуулж байгаа.

Ийм нөхцөлд төлөвлөснөөрөө ирэх дөрөвдүгээр сард “Оюу­толгой” ХХК үйл ажилагаагаа эхлэх боломжтой гэж Та үзэж байна уу?

Ажлаа хийгээд дуусвал бүх зүйл төлөвлөснөөрөө эхлэх л байх. Ер нь техник, эдийн засгийн үндэслэл гэдэг тухайн компанийн л бичиг баримт шүү дээ. Зөвлөл энэ ажил руу нь орж та нар тийм хугацаанд дуусгах ёстой гэж бүхэлд нь бичиг баримтын хувьд шаардлага тавихгүй. Анх хайгуулын бичиг баримтыг нь хүлээж авахдаа тэр яригдаад байгаа 19 сая тоннын асуудлыг 6 сарын хугацаанд хийгээд өгчихөөч ээ гэдэг асуудлыг төслийнхөнтэй тохироод өгсөн шүү дээ. Өөрсдөө өнгөрсөн хугацаанд энэ ажлаа хийгээгүй. Яагаад хийгээгүйг, одоо ямар хэмжээнд ажиллаж байгаа юм бэ, энэ асуудлуудаа мэргэжлийн Зөвлөлийн тавиад байгаа асуудлуудтай ямар хугацаанд нийцүүлэн боловсруулаад, хоёр талаасаа мэргэжлийн түвшний тохиролцоонд хэзээ хүрэх вэ гэдгийг бид биш төслийнхөн хэлэх байх. Энэ төслийг хэрэгжүүлье гэсэн хүсэл бидэнд ч их байна. Тэр тусмаа төслийнхөнд бүр их байгаа байх. Ер нь хоёр талаасаа уулзаж яриад байна аа гэдэг нь асуудалд үр дүн гарна гэсэн л үзүүлэлт шүү дээ.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд ямар хүмүүс багтдаг вэ?

Зөвлөлд бодлогын яам болон хэрэгжүүлэгч агентлагийн төрийн албан хаагчид, эрдэмтэд ордог.Нийтдээ давхардсан тоогоор 60-70-аад хүний бүрэлдэхүүнтэй. Гишүүдийг Сайдын тушаалаар томилдог. Ажиллах дүрэм журмыг нь хуульд заасан үндэслэлийнх нь дагуу боловсруулдаг. Хэлэлцэх асуудлынх нь хүрээ хуульдаа маш тодорхой тусгагдсан байдаг. Үүнийгээ зохих журмаар нэлээн дэлгэрэнгүй чиглүүлээд өгдөг.

Олонхийн саналаар шийдвэ­рээ гаргадаг уу?

50 +1 хувийн саналаар шийдвэр гардаг. Хамгийн гол нь нэр нь хүртэл Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл гэж байгаа шүү дээ. Бид мэргэжлийн дүгнэлт гаргана, зөвлөгөө өгнө.Тэгэхээр илүү мэргэжлийн талаас нь манай Зөвлөлийг харах хэрэгтэй байх.

Зөвлөлийн даргыг ямар зарчмаар сонгодог вэ?

Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын тушаалаар томилдог.

Хуралдааны давтамжийг яаж хийдэг вэ?

Давтамжийн хувьд хэцүү л дээ. Бид чинь төрийн ажлаа хийгээд, хажуугаар нь энэ ажлаа гүйцэтгэнэ. Жилд хайгуулын 200 гаруй тайлан, ТЭЗҮ бол дунджаар 100 орчим, нийтдээ 300- гаад тайлан материалыг хэлэлцэн хүлээж авна. Өндөр ачаалалтай ажилладаг. Хоёр ч бай, гурав ч бай тайлан ирэхэд бид аль болох шийдчих сонирхолтой байдаг. Компаниудын ажил цаана нь хүлээгдэж байгаа учраас шийдээд өгчих сэтгэлээр л ажилладаг. Үнэхээр тайлан, ТЭЗҮ нь мэргэжлийн түвшинд боловсруулагдаад, ажил нь хийгдээд, тэр нь шаардлага стандартаа хангачихсан бол бид бүртгэж авъя, уул уурхайн үйл ажиллагаа явуулах бичиг баримтад нь саад болохгүй хангаад өгье гэсэн зарчмыг барьж ажилладаг.