САЙН УУ, МУГАБЕ!

2008.04.28.

Тарган тавтай хаваржиж байна уу, ерөнхийлөгч Мугабе. Танай нутагт их халуун байна гэв үү. Таныг ерөнхийлөгч хэмээн нэрлэсээр байгаад таатай байгаа биз дээ, аргагүй ээ. Монгол, Зимбабве хоёр улсын маань нэрс энд тэндхийн жагсаалтад зуузай холбох болсны учир басхүү ерөнхийлөгч таны сэтгэлийн мухарт 28 жил хадаатай явсан хардлагаар манай хэсэг нөхөд өдгөө өвчилсний гайгаар энэхүү захидлыг эчнээ илгээж сууна.

Гадаадын хөрөнгө оруулагчдад ханддаг сэтгэлгээгээрээ Монгол, Зимбабве хоёр ижил төстэй болсныг Фрейзерийн хүрээлэнгийн сүүлийн судалгааны дүн харуулжээ. Мөн бидний анд нөхрөөр Уго Чавесын Венесуэл нэрлэгдсэнд гайхах зүйлгүй биз ээ. Манай хэдэн улс хамтдаа энэ жагсаалтын сүүлийн байруудыг эзэлсэн байна лээ. Гэсэн ч Мугабе таныг ерөнхийлөгчийн суудлаас огцруулах холдуулах ажиллагаа улам бүр эрчимжиж байгааг дэлхийн хэвлэлүүдийн мэдээллээс харж болохоор. Яг сарын өмнө танай улсад дуулиант сонгууль болж, таны трактор тарааж өгч, улсын нөөцөөсөө хүнсний тусламж илүүчилж байж саналыг нь худалдан авсан сонгогчид эрхэм нөхөр Мугабегийн нэрийг дугуйлж байлаа. Хэдий та 29 дэх жилдээ цэргийн дэглэмээ үргэлжлүүлэн удирдахыг хүсэвч ард олны сэтгэл санаа сөрөг хүчний удирдагч тийш ханараад байгааг гадарласан байлгүй дээ. Бэлэглэсэн трактор сэлт тань зөвхөн хөдөө нутгийн, зах хязгаарын зимбабвечуудад л нөлөөлөх болжээ. Эцэст нь та арга мухардахдаа зэр зэвсгийн нөөцөө улам бүр нэмэгдүүлж, Хятад улсаас “Калашников” тээсэн хөлөг онгоц дуудсаныг сөрөг хүчнийхэн чинь айдас дүүрэн зарлаж байх юм.

Танай нутагт байдал сүрхий муудаж, ерөнхийлөгч таны суудал ганхаж эхэлсний шалтгааныг олон жил сэтгэл зүрхэндээ хадгалж яваа хардлагатай тань холбож ойлгодог. Их Британийн колоничлолоос улс үндэстнээ чөлөөлсөн баатар эр яах аргагүй та мөн. 28 жилийн тэртээ Роберт Габриел Мугабе хэмээх алдрыг зимбабвечууд үндэсний баатарт өргөмжлөн хүндэлж байлаа. Колоничлогчдыг үзэн ядах таны үзэл бодол яваандаа барууныханд өшин хорсох өвчин болон даамжирсныг олон баримт харуулдаг. “Барууныхан одоо хүртэл манай улсын тусгаар тогтнолд заналхийлсээр байгаа. Энэ түрэмгийллээ тэд газар нутаг, хөрсөн дорх баялагт маань хяналт тавих замаар хэрэгжүүлэхийг оролдож байна” хэмээн та хэлжээ. Эл өвчин их халдвартай, хаа холын Монголд агаар дуслын замаар нэвтэрч чадсаныг үзэхүл хүч нөлөө сүрхий эд аж. Манай парламент Ашигт малтмалын тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцээд, одоохондоо хаалгаа хааж түгжсэн байгаа. Ингэхээс аргагүй болсон юм. Мугабе таны барууныхнаас айдаг өвчнөөс түр тусгаарлаж, хаалга үүдээ сайн битүүлж байгаад эмээх зүйлгүй сайн хэлэлцэх шаардлага урган гарсан билээ. Гадаадын хөрөнгө оруулагчдыг зайлуулах шаардлага энд бол эзэмшлийн хувиар илэрхийлэгдэж байгаа. Танай Зимбабвед бол асуудлыг шууд “Калашников”-оор шийдэх магадлалтай юм байна лээ.

Хөрөнгө оруулагчдад баялгаасаа эзэмшүүлэх хувь хэмжээ болоод Орос, Хятадын хэт нөлөөллөөс зай барих гарц хайсан хэлэлцүүлэг манай парламентад болж буй юм. Өөрөөр хэлбэл, Мугабегийн синдром Монголд тэгтлээ халдварлаагүйг илэрхийлж чадахуйц шийдвэр гарна гэдэгт монголчуудын олонх итгэж суугаа. Ашигт малтмалын том ордуудынхаа 51- 100 хувийг төрдөө өгч, капиталист, империалистуудад жаахан хэсэг илүүчлэхийг холын Африкаас гаралтай синдром туссан манай хэсэг нөхөд шаардаж байгаа учир төслийн хэлэлцүүлэг цоожтой хаалганы цаана үргэлжилж байна. 51-100 хувиа яаж санхүүжүүлэхээ бид өөрсдөө ч сайн мэдэхгүй бөгөөд Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл батлах тухай ярьсан таван жилийн уртад анх удаа энэ өдрүүдэд л хувь авахын тулд мөнгө төлдөг юм байна гэсэн бүдэг бадаг ойлголт манайханд төрсөн юм. Төр эзэмшлийнхээ хувь хэмжээнд таарсан санхүүжилтийг хэрхэн гаргах вэ гэсэн асуултыг Ажлын хэсгийн ахлагч Н. Батбаярт телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр тавьж билээ. Тэгэхэд Батбаяр дарга “Монгол Улс баян, санхүүжилтэд ер санаа зовох явдалгүй” хэмээн хэдэнтээ давтсансан. Монгол Улс баян, асар баян… гэсэн төрийн түшээгийн хийрхүү үг хэсэгтээ санаанаас гараагүй билээ.Тэгвэл чухам санхүүжилтээ хэрхэн гаргах нь оновчтой, эзэмшлийн хувь чухал уу, эрсдэлгүй ашгаас нь хүртэх нь зөв үү гэдгийг УИХ одоо хаалттай хэлэлцэж байна. Тэнд арай бодитой зүйлс ярилцаж, камерын өмнө “Мугабедах” орон зай хумигдаж буй биз ээ гэж найдна.

Эрхэм ерөнхийлөгч таныг элдвээр хэлж байгаадаа хүлцэл өчихийн ялдамд улс орны тань эдийн засаг жинхэнэ синдромд өртсөнийг зүрхэлж жишээ татав. Зимбабвегийн хүн амын гуравны нэгээс илүү нь гадаадад дүрвэн ажил хөдөлмөр эрхэлж байна. Мөдхөн эл статистик нийт хүн амын тал нь гэсэн үзүүлэлтэд дөхөж очих бололтой. Хилийн чанадаас нутаг руугаа илгээдэг тэр мөнгөн урсгалаар л зимбабвечууд амь зогоож буй. Харарегийн дэлгүүрт бөөрөнхий талх саяхан болтол долоон сая доллар байлаа. Өдгөө үнэ нь нэмэгдээд 25 сая доллараар ганц талх авах нь. 25 сая гэдэг нь Зимбабвегийн дунд сургуулийн багшийн долоо хоногийн ажлын хөлстэй бараг тэнцэнэ. Долоо хоногт 25 сая долларын цалин авдаг баян улс байна, Зимбабве явах минь гэж бодуузай багш нар минь. Энэ нь америк доллартай харьцуулбал 62 цент гэнэ.

Нэгэн цагт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолж байсан Зимбабве өдгөө гаднаас хүнсний тусламж хүсч байна. Инфляц жилд 100 мянган хувиар өсдөг. Монголын 20 хувийн инфляц хажууд нь хаа ч байсан юм… Гэхдээ энэ 100 мянган хувийн инфляц нь Мугабе таны 28 жилийн ажлын үр дүн. Засгийн эрхэнд гарсан мөчөөсөө эхлэн та хамгийн түрүүнд фермийн эзэн цагаан арьстнуудыг шахан хавчих бодлого хэрэгжүүлсэн. Гэтэл тэр фермерүүд Зимбабвегийн үржилт шимт газрын дийлэнхийг эзэмшин, хөдөө аж ахуйгаа үр ашигтай эрхлэн, экспортод хүнсний бүтээгдэхүүн гаргаж, улс орны эдийн засгийг авч явжээ. Цагаан арьстанууд сайн газрын ихэнхийг эзэмшиж байгаад таны хилэн оволзож, тэрхүү аж ахуйнуудыг бизнесээс нь шахан гаргасан түүхтэй.

Фрейзерийн хүрээлэнгийн судалгаанд Зимбабветэй монголчууд зуузай холбодоггүй, энэ улсын талаар бараг дуулаач үгүй явах үед сонин утга агуулгатай захидал и-мэйлээр ирдэг байсан санагдана. “Би Зимбабвед бизнес эрхэлдэг цагаан арьст фермер юм. Банкинд байршуулсан мөнгөө шилжүүлэх найдвартай газар хайж…” гэх мэт утга санаатай, мөнгө угаах зорилготой ч юм уу гэмээр захидлууд манай монголчуудад бас үе үе ирдэг байх. Танай нутагт байдал нэг л ойлгомжгүй болсныг тэр үеэс дэлхийн хүмүүс зах зухаас нь мэдэрч эхэлсэн биз ээ. Одоо Венесуэлийн Уго Чавес таны туршлагаар империалистуудтай тэмцэж байх шиг. Гуравдугаар сарын 29-нд болсон сонгуулийн үр дүнг ерөнхийлөгч та өнөөдрийг болтол зарлуулах дургүй байгаа гэлцэнэ. Зимбабвегаас бодит мэдээлэл тун хомс цацагдаж буй аж. Таны өрсөлдөгч, сөрөг хүчний удирдагч нутгаасаа түр хугацаанд дайжиж, НҮБ-ын тэргүүнтэй уулзаж яваа сурагтай. Зургаан сая орчим сонгогч бүртгэгдсэн атал саналын есөн сая хуудас хэвлэгдсэн гэсэн хачирхалтай мэдээллийн үнэн худлыг мэдэх аргагүй. Учир нь сонгуулийн ажиглагчаар та зөвхөн найрамдалт Ливи болоод Иран, Хятад, Оросын төлөөлөгчдийг газар нутагтаа оруулахыг зөвшөөрчээ. Сонгууль сурвалжлах эрх авах гэсэн гадаадын сэтгүүлчдэд 1700 ам. доллар төлөх болон бас бус “хориг” арга хэмжээ авсныг тань дэлхийн хэвлэлүүд шуугих юм.

Энэ ялдамд Викториа Развидзо нэртэй сэтгүүлч анд маань хаана яваа бол гэж асуумаар санагдлаа. The Herald сонины эдийн засгийн мэдээллийн албаны даргаар ажилладаг хэмээн анх танилцсан сайхан сэтгэлтэй, амгалан тайван эмэгтэй өдийд яаж явдаг бол доо. Олон жилийн өмнөх танилаа өөрийн эрхгүй бодохдоо тэр бүсгүй төрийн мэдлийн хэвлэлд ажиллаж байсныг, Зимбабвегийн бүх хэвлэл эрхэм ерөнхийлөгч таны таалалд оршин тогтнодгийг сая ойлголоо. Тиймээс ч мэргэжил нэгт андаа танаас сураглаж байна. Zimbabwe newspapers гэдэг компанид сонин нь харьяалагддаг, 1980 онд мөнөөх компани байгуулагдсан хэмээн ярьж байсныг санавал нээрээ та минь тэр жил засгийн эрхэнд гарч ирсэн шүү дээ. Виктория одоо “Асар баян Зимбабвегийн” тухай мэдээлэл цацаж, гадаадын хөрөнгө оруулагч шунахай империалистуудыг газрын баялагтаа ойртуулахгүй гэж бичиж суугаа болов уу хэмээх бяцхан гуниг сэтгэл эзлэх юм. Бас 10 орчим настай охин нь өлсгөлөнгийн аюулд хамт өртөх өдөр ойрхон байгааг бодоход хэцүүхэн.

Эх нутагтаа эрх чөлөөг авчирсан алдрын эзэн таныг зимбабвечууд мартахгүй. Харин гаж бодлогоор төрөлх ард түмнээ өлсгөлөн, иргэний дайнд хүргэх хийрхлийг тань ирээдүй үл зөвшөөрөх биз ээ. Баяртай, Мугабе. Байн байн бид нэгэн жагсаалтад хамтдаа эгнээд байх нь тусгүй юм аа. Таны туршилт Монголд давтагдахгүй гэдэгт гүнээ итгэн парламентынхаа цоожтой хаалгыг харуулдаж сууна.