ЗӨВЛӨГӨӨ

2009 оны 11 сарын 23

 

А хүрээний H1N1 томууны үед:

 

-Онцгой комиссийн хурлын тоог цөөл.

-Ажлын хэсэг нэмж бүү байгуул. Асуудлыг газар дээр нь шуурхай шийдэх менежмент хэрэгжүүл.

-Амин дэм, амны хаалтны үнийг өнөөдөр зарж буй ханш дээр хатуу барь. Их хурлын 2008 оны сонгуулийн үеэр талхны үнийг тогтоох гэж муйхарлаж байсныг бодвол өнөөдөр амны хаалт, амин дэмний үнэ дээр төр ханшийг хатуу зарлах нь хамаагүй ач холбогдолтой.

-Хүүхдэд зориулсан амны хаалт хийх ажлыг дэмж.

-Шаардлагатай бол ойрын үед онц байдал зарла. Сонгууль будилуулж, дараа нь онц байдал зарласан дорвол цар тахлын үед ийм арга хэмжээ авах нь ард иргэдийн амь насанд хамаагүй чухал арга хэмжээ болно.

-Эмч нарын цалинг 2010 оны төсөв дээр 50-100 хувиар нэмж тусга. Эх үүсвэрийг “Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээний урьдчилгаа төлбөрөөс гарга.

-Эх орны хишиг, Эрдэнийн сангийн тухай болж өгвөл бага ярь. Харин нурж буй эрүүл мэндийн салбартаа наад захын санхүүжилтийг нь хангалттай хуваарил.

-Түргэн тусламжийн үйлчилгээнд төрийн албаны хар машинуудыг дайчил.

-Арваннэгдүгээр сарын 9-нд ирэх цөөхөн вакцины тухай ард иргэдэд дахин бүү ярь.

-Цэцэрлэг, арван жилийнхэн, оюутнуудыг вакцинжуулах хэмжээний тун оруулж ирэхээр хөөцөлд.

-Эрүүл мэндийн сайд гахайн ханиад тараасан мэт байнга яллахаа бүү урьдал болго. Салбарынхан ачаалал, дарамт дунд бараг сар ажиллаж буй үед тэднийг бүх талаар дэмж. Санал санаачлага гарга. Хэлэх саналгүй бол хоосон бүү дайр.

-Дөрөвдүгээр төрөхийн байшингийн дуусдаггүй зургийг Ерөнхий сайд үүднийхээ өрөөнд байрлуулж, зураг төслийг шахаж даруй хийлгэ. Энэ төрөх баригдаагүй цагт эх нярайн эндэгдэл нэмэгдсээр байна.

-Эрүүл мэндийн сайдын дэргэдэх Мэргэжлийн зөвлөх багийнхан бүх телевизэд цаг хуваарилан авч, тасралтгүй зөвлө. Ард иргэд асуултаа шууд тавиг. Шууд утсыг төлбөргүй ажиллуул. Өрхийн эмчийн үүдэнд бүгдээрээ дугаарлан багширч байснаас зарим хүнд ингэж шууд тусламж хүргэ.

-Тэнгис, Өргөө кино театрын үзвэр, шоу тоглолтуудын реклам цар тахалтай зэргэцэн цацагдаж байгааг хязгаарла.

-Угааж цэвэрлэдэг гоо сайхны бүтээгдэхүүн нийлүүлдэг компаниуд сайн санааны аянаа өрнүүлээрэй. Саван, угаалгын нунтаг, цэвэрлэгээний бодисийг амьдрал ядуу иргэдэд аваачиж өгөх аянд чадлын хэрээр оролцоорой.

-Нийслэлийн ойн баяраар Нэгдүгээр амаржихад төрсөн 6 нярайд төрсний гэрчилгээ гардуулах “ёслолын ажиллагаа” зохион байгуулсан, дарга нар, сэтгүүлчдийн десантыг нярайн тасагт оруулж цар тахлын үед халдваргүйжүүлэлтийн наад захын горим зөрчсөн Хотын удирдлагуудад захиргааны арга хэмжээ ав. Цаашид төрсний гэрчилгээ, нэг уут памперс өгөх гэж эх нярайн тасгийг эрсдэлд оруулдаг жүжигчилсэн арга хэмжээнүүдийг таслан зогсоо.

 

ТОГТВОРЖИЛТИЙН САНГИЙН ТУХАЙ ТОГТВОРГҮЙ САНАЛУУД

2009.10.20

 

Эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх “Тэлэх төсөв”-ийг Парламент хэлэлцэж байна. Эдийн засгийн тэлэлт хэрхэн тэсрэлт болдгийг монголчууд мэдрээд удаагүй байтал ийнхүү дахин халуурсан төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хямралаас сургамж аваагүй дэлхийн ганц улс Монгол болж, хишиг хувь тараах хуулийн төслүүдийг 2010 оны төсвийн төсөөлөлтэй зэрэгцүүлэн зүтгүүлэв. Монгол улсын Засгийн газар өнгөрсөн оны яг өдийд буюу эдийн засгийн хямралын оргил өдрүүдэд Эх орны хишиг тараах хуулийн төслийг Парламентад өргөн барихаар зэхэж байж билээ. Одоо уг төслийг хоёр дахиа зүтгүүлж эхэллээ. Энэ удаа УИХ-аас томилогдсон Ажлын хэсэг ба Дэд ажлын хэсэг зургадугаар сараас хойш боловсруулсан төслөө олон нийтэд танилцуулж байна. Нэр нь өмнөхөөсөө ялимгүй өөрчлөгджээ.

Төсөл санаачлагчдын цаасан дээр буулгаснаар бол Монгол улсын Парламент нь жил бүрийн төсвийн хуулийг хэлэлцэхийн зэргэцээ Эх орны эрдэнийн сангийн төсвийн төслийг давхар шүүн батлах юм. Эх орны эрдэнийн сангийн тухай хууль энэ маягаар хэлэлцэгдсээр батлагдах юм бол манай улсын санхүү, эдийн засгийн бодлогод тун олон давхардал үүсэхийг сануулахыг хүсч байна. Сангийн орлогыг бүрдүүлэхээр нэр заасан татвар хураамжууд нь Монгол улсын нэгдсэн төсвийн томоохон бүрдэл хэсэг юм. Стратегийн ордын ашиглалтын лиценз эзэмшигчийн манай талд төлөх татваруудын дийлэнхийг Эх орны эрдэнийн санд татан төвлөрүүлж, улмаар эргүүлээд зөвхөн нийгмийн халамжийн арга хэмжээнд хавтгайруулан тараах тухай төслийн талаар бид өнөөдөр сонсч сууна. Одоогоор зөвхөн Оюутолгойн хөрөнгө оруулагч Эх орны эрдэнийн санд хуримтлал бий болгоно. Яваандаа Тавантолгойн ашиглалтын лиценз авсан тал манай санд мөнгө цутгаж эхэлнэ гэнэ. Харин хуримтлагдсан мөнгийг Монгол улсын иргэн бүр эмчилгээний зардалдаа, сургалтын төлбөртөө, байшин худалдан авахдаа, тэтгэвэрийн болоод эрүүл мэндийн даатгалдаа, бүр зарим үед бэлэн мөнгө хэрэгтэй бол нөгөө сангаас нэхэж авах бүхэл бүтэн халамж үйлчилгээний автомат машин ажиллаж эхлэх юм.

“Сангийн хөрөнгийн ерөнхий удирдлагыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ” хэмээн төсөлд заажээ. Сангийн яам улсынхаа төсвийг, дээр нь Эх орны эрдэнийн сан хөмрөгийг хариуцан ажиллах бололтой юм. Яамны ерөнхий удирдлагын дор “Баянмонгол” гэдэг компани, эсвэл “Эрдэнэс МГЛ” компани сангийн үндсэн менежментийг нь авч явах аж. Улсын төсөвтэй зэргэцээд сангийн төсөв хэлэлцэх ажил гарсан бол нэмээд хоёр компанийн нэр дуулдаж, эдний хооронд бүр өрсөлдөөн бий болох янзтай. Дээр нь Сангийн яам тэртээ тэргүй нэгдсэн төсвөөс хуваарилдаг эрүүл мэнд, боловсролын санхүүжилтийн багцыг Эх орны эрдэнийн сангийн хөрөнгөтэй хольж хутгалгүй, давхардал үүсгэлгүй зохицуулалт хийх болох нь. Тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалыг сангийн мөнгөнөөс олгоно гэсэн болохоор Нийгмийн даатгалын сан яах болж байна аа гээд ойлгомжгүй олон асуулт байна. Ерөнхийдөө эрүүл мэнд, боловсрол, орон сууц худалдаж авах, даатгал шимтгэлүүдийг бүгдийг улс даах нь гэсэн хавтгай ойлголт газар авлаа. Энэхүү хавтгай өглөгийн хаялга дор зөвхөн ядууст чиглэсэн нийгмийн халамжийн бодлого явуулна хэмээсэн үндсэн зарчим утга учиргүй болж байна. Улс орон даяараа хишиг, хувиа хүлээгээд санаа амар суудаг болох гэнэ. Ер нь ингэж зүгээр сууя гэсэн хүсэлтийг хэн гаргасан билээ?

Ард түмэнд ажлын байр хэрэгтэй, урт хугацаатай, хүү багатай хөрөнгө оруулалтын зээл маш их хэрэгтэй, татварын таатай орчин чухал, үнэгүй эмчилгээ бус эрүүл мэндийн чанартай үйлчилгээ шаардлагатай, дэлхийн стандартын боловсрол үгүйлэгдэж байгаа. Энэ бүхнийг иргэн хүн олж авах зах зээлийн таатай зохицуулалт л чухал байгаа болохоос биш хаашаа л харнав хавтгай үнэгүйдэлт хэнд ч хэрэггүй. Нийтээрээ дундаж эмнэлэгт дугаарлахыг хэн ч хүсэхгүй. Бүх нийтээрээ бэлэн хоол идэхийг уриалсан Эх орны эрдэнийн сангийн кампанит ажил одоо бүр тулгалт маягтай болоод байна.

Хэрвээ ямар нэг сан Монгол улсад хэрэгтэй юү гэвэл юуны түрүүнд Тогтворжуулалтын сан чухал гэж хариулъя. Зэсийн үнэ өндөр байхад хуримтлуулсан Монгол улсыг Хөгжүүлэх сангийн хөрөнгөөр бид хямралын оргил үед гал залгаагүй билүү? Энэ оны хоёрдугаар сарын сүүл, гуравдугаар сарын эхээр улсын сан улайж, цалин тэтгэвэр тавих мөнгөгүй болсныг монголчууд мартаагүй. Хөгжүүлэх сандаа хураасан хэдэн төгрөг байгаагүй бол “Анод” банкны харилцагчид бослого гаргах байсан нь лавтай. Тэдний хадгаламжийн мөнгийг Хөгжүүлэх сангийн хөрөнгөөр төлсөн. Харин өнөөдөр бид зэсийн үнэ буцаад жаахан дээшлэх төдийд Эх орны эрдэнэсийн сан байгуулаад, бүгдээрээ олсноо тэгшхэн хувааж идэх төслийн тухай сонсож сууна.

Ард түмнийг бэлэн хоолонд хэн дуудаж байна вэ? Арван хоёр оны сонгууль ард иргэдэд юуны хамаатай юм бэ? Тэр сонгууль өнөөгийн Парламентын гишүүдэд, Засгийн газарт л туйлаас чухал. Харин Монгол улсын тогтвортой хөгжилд Бараа, түүхий эдийн тогтворжуулалтын сан юуны түрүүнд хэрэгцээтэй. Дэлхийн улс орнууд чухам тэрхүү Тогтворжуулалтын санг эхлээд байгуулдаг. Чилид уг санг “Зэсийн” хэмээн нэрлэдэг бөгөөд тус улсын сангуудаас хамгийн их хуримтлалтай нь буюу 19.3 тэрбум ам. доллар нөөцөлсөн байх аж. Муу цагт задлах нөөц гэсэн үг. Тэгвэл Норвеги улс газрын тос, байгалийн хийн орлогоо Тогтворжуулалтын санд хуримтлуулдаг. Оросын сан хэмээх нэрийг сонсоогүй хүн цөөн биз. Эдийн засгийн хямралд хамгийн их нэрвэгдсэн Орос улсыг сүүлийн нэг жилд чухам энэ сангийн хөрөнгө аварсан билээ. Ёроолд нь хүртэл уг сангаа шавхсан гэдэг. Дээрх нь Тогтворжуулалтын сангийн сонгодог хэлбэрүүд. Монгол улсыг Хөгжүүлэх сангийн тухайд бол нийгмийн халамжид, дотоодын хөрөнгө оруулалтад, эрсдэлийн санд гээд гурав тасалж зарцуулж байсан. Одоо бид жинхэнэ ёсоор Тогтворжуулалтын сантай, үүнийхээ хамт Хойч үеийн, Хөрөнгө оруулалтын гэхчлэн тусгай зориулалтын хуримтлалуудтай болох шаардлага тулгараад байна. Хойч үеийн санг дэлхийн улс орнууд тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг нийгмийн чиглэлийн арга хэмжээнд зарцуулахаар хуримтлуулдаг. Манай УИХ-ын гишүүдийн өнөөдөр зүтгүүлээд байгаа Эх орны эрдэнийн сантай зориулалт ойролцоо. Түүнээс гадна аль ч улс орон үйлдвэрлэгчдээ дэмжих Хөгжлийн буюу Хөрөнгө оруулалтын сантай. Үйлдвэрлэл бизнесийг дэмжээгүй нөхцөлд ямар ч ард түмэн хангалуун сайхан амьдрахгүй нь лавтай. Тиймээс Хөгжлийн сан бол магадгүй халамжийн сангуудаас ч илүү чухал хуримтлал мөн.

Хэрвээ Монгол улс стратегийн орд газрын татварын орлогыг Эх орны эрдэнийн санд хурааж аваад, буцааж тэгшитгэн тараах байдлаар он жилийг үднэ гэвэл бидний хүсэн мөрөөдсөн хөгжилд хэзээ ч хүрэхгүй. Хишиг, хувь тараах хуулийн төслийг биш, Тогтворжуулалтын сангийн тухай өнөөдөр түрүүлж ярих ёстой. Төсвийн тогтвортой байдлыг хангах тухай шинэ хуулийн төслийг ч хэлэлцэх цаг болсон. Засгийн газар, Парламентад холч хараа дутаж байна. Тэд арван хоёр оны сонгуулиар асуудлыг үндсэнд нь хэмжиж сууна. Тэгвэл ард түмэнд мөнгөний дүн бичсэн халамжийн дэвтрүүд хэрэггүй. Ажиллах таатай орчин, бизнесээ хөдөлгөх мөнгө маш ихээр дутагдаж байна.