ЭЭЖЭЭ БИ ЧАМД ХАЙРТАЙ II.

2013.1.29.

Тийм ээ, нийтлэлчийн сэтгэлээ сэмлэн байж хуваалцсан энэ үзэл бодол бидний өнөөгийн амьдралын нүцгэн үнэн. Цэцэрхэн шүүмжлэх, тэгэх тусмаа үгүйсгэн маргалдах хүн бараг гарахгүй биз ээ. Өнгөцхөн биш, голыг нь “тэмтэрч” уншвал шүү дээ. Хүүгийнхээ оношийг сонссон тэр мөчид хорвоо хөмөрчих шиг болсныг одоо ч мартаагүй. Гэхдээ би ганцхан шөнө харууссан гэвэл Та итгэх үү?

Маргааш өглөө эмнэлгийн “сагсанд” үнэгчлэн хэвтэх үрээ хараад БИ ӨӨРӨӨ АГУУ ЕРТӨНЦ гэж бодсон. Миний хүү хайраар хэзээ ч дутахгүй юм чинь гэсэн бодол гуниг цөхрөлийг бүрмөсөн авч хаясан. Хүүтэйгээ хаа ч явсан баяр цацруулж явдаг гэж найз нар минь надад хэлдэг. Үнэн, сэтгэлийн хөөрлөөр бичсэн үг биш шүү! Бэрхшээлийг ёстой сэтгэлийн галаараа туулж ирсэн гэж хэлбэл хэтрүүлэг болохгүй биз ээ. Хамгийн гол нь БОДИТ АЖИЛ ХИЙЕ гэж зорьсон. Энэ л хамгийн чухал шүү.

Эхлээд хийж бүтээхийн төлөө тууштай тэмц. Хүү минь гайхалтай хүнлэг, аз жаргалын минь жинхэнэ ундарга. Хэдэн жилийн өмнө Өрхийн эмч нарт зориулж хийсэн семинар дээр би нэгэн зүйлийг зорин байж хэлсэн юм. “Монголд ситогенетикийн лаборатори хэрэггүй, ургийн гажигийг эрт илрүүлэн урьдчилан сэргийлэх хэрэггүй гэж хэлж байгаа юм биш шүү. Гэхдээ хүүгээ тээж байх тэр үед тийм лаборатори Монголд байсан бол амьдралын минь жинхэнэ нар төрж амжилгүй жаргах байсан гэж бодохоос дотор харанхуйлдаг” гэсэн юм. Эмч нар хором хэртэй чимээгүй байснаа нижигнэсэн алга ташилтаар намайг мялааж билээ.

“Нийгмийн” гэх тодотголтой олон асуудлын цаана таагдашгүй оньсого мэт хүмүүний зүрх сэтгэл байдгийг Та бүхэн бас хааяахан санаж яваарай.

Би Дауны Холбоог үндэслэгчдийн нэг. Ч. Эрдэнэ

***

“Үр хүүхэдтэй хүн болгонд” сурвалжлага гарсны дараа олон ээж, ааваас захидал ирж, сэтгэгдэл үлдээж байгааг харлаа. 150 гаруй захидлын нэг нь дээрх юм. Ээждээ хайртай гэж хэл дээ хэмээн бяцхан үрээсээ та бид гуйдаг шүү дээ. Хурдан хэлд орж, хөл дээрээ түргэн тэнцэж, хорвоогийн уудамд жаахан мөрөө гаргаж эхлээсэй гэж яардаг. Харин ээж аавдаа шулагнах нь үгүй, сонсгол тааруу, тээр том болсон ч тэнцэж гүйж чадахгүй үрсийн тухай Эрдэнэ бүсгүй цухас дурдсан болов уу. Генийн өөрчлөлттэй, эсвэл удамшлын өвчин гээд их олон янзын онош байх юм. Тэр болгоныг Монголд оношилж чаддаггүй. Би ч энэ талаар ухаж сайн мэдэхгүй. Тэгээд ижил зовлонгоор нэгдсэн ээж аав нар холбоо байгуулан, нэг нэгнээ түшиж, учирсан тавилангийн дор уналгүй, харин ховор учрах үрдээ амьдралын зам мөрийг өөрсдөө гарган зэргэцэн алхдагийг л бичих гэж хичээлээ.

Монголын Дауны холбоог яг ийм хүмүүс анх байгуулсан болов уу. Есөн хүн уг холбоог байгуулсан гэж танилцуулгаас нь харж байсан. Дауны хам шинж буюу энгийн тайлбарлавал илүү хромсомтой төрсөн алдрай үрсийн өмнө тэрхүү холбоо гэрэл өгч, гараас нь атгасан ажээ. 2008 он буюу Дауны холбоо байгуулагдах хүртэл Монголд ийм оноштой хүүхдүүд өчнөөн төрсөн. Тэдний талаар төрөөс тусгайлсан дэмжлэг байгаагүй. Тусгай сургуулиар л төрийн тусламж хязгаарлагдсан байх. Дунд сургуульд ортлоо тэд ямар цэцэрлэгт хүмүүжиж, өсч том болоод ээж аавынхаа гэрт хэрхэн хийх ажилгүй сууцгааж ирснийг хэн ч мэдэхгүй. Монголын Дауны холбоо байгуулагдсан цагаас эдүгээ хүртэл 129 хүүхэд бүртгүүлжээ. Энэ нь яг тодорхой, зөв статистик биш. Хөдөөд ийм хромсомын өөрчлөлттэй хэчнээн хүүхэд ба том хүн олны нүднээс дайжин суугааг хэн ч мэдэхгүй.

Хөгжлийн бэрхшээлтэй гэсэн ойлголт манай улсад нарийвчлан ангилагдаагүй. Тэргэнцэртэй иргэдийн холбоо, Хараагүйчүүдийн гэхчлэн холбоо байдаг бол оюуны хомсдолтой иргэд эрх ашгийнхаа төлөө нэгдэж тэмцэнэ гэж байхгүй. Тэр дундаа Дауны хам шинж өвчнийг оюуны хомсдолоос ангид өөр зүйл гэдгийг ч нарийн ялгаж, үзэж хардаг, асардаг эмнэлэг, сургууль цэцэрлэг байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хэмээх нэгэн том тогоонд Монгол улс хэсэг хүмүүсээ бүртгэж, халамжийн мөнгө тараадаг, өөр зүйлгүй. Тэр дотор “хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд” гэсэн хуулийн томъёолол саяхныг хүртэл огт байгаагүй гэдгийг Та мэдэх үү? Тун саяхан батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих тухай хуульд “хүүхэд” гэсэн үг хавчуулжээ. Хуульд оруулсан энэ ганцхан үг олон мянган хүүхдүүдийн өмнө харах нар, гишгэх найдвартай талбар болсон юм. Одоо тэдэнд зориулсан сургууль, цэцэрлэг, Хөгжлийн төвүүд байгуулах, зориулалтын эмнэлэг оношлогоо хийгдэх, эмч багшийг мэргэшүүлэх гээд мянга мянган цонх нээгдэх эрх зүйн орчин бүрдлээ гэсэн үг. Зөвхөн эрх зүйн орчин л доо. Хөрөнгө мөнгө, санхүүжилт, төрийн бодлого, боловсон хүчин гээд одоохондоо шийдсэн ганц ч зүйлгүй, хов хоосон талбар л байна.

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар тусгай сургуульд Даунтай хүүхдүүдийн ганц анги бий. Хаалгаа дандаа түгжчихээд байдаг шиг санагдсан. Хүүхдүүд гараад явчих вий гэж болгоомжилдог байх л даа. Хоорондоо маш адилхан төрхтэй, 5-14 орчим насны хүүхдүүд байна уу даа гэж харсан. Дор бүрнээ ямар нэг зүйлд авьяастай гэх. Гол нь сайхан сэтгэлтэй, нэг зүйлд итгэвэл үхтлээ үнэнч болов уу гэмээр. Араас ирээд хатгаад авахад нь үнэнийг хэлэхэд цочлоо. Өөдөөс нар сар шиг инээж байна, надтай тоглож байгаа нь тэр. Уран зургийн авьяастай нэгэн байна. Эв хав муутай ч гэсэн бүжиглэнэ. Даунтай хүүхдүүдийн өвчин зовлон, ирээдүйн тухай ээж аав нар нь зүрх сэтгэлдээ маш их дарамт тээж явдаг. Гэхдээ ийм зүйлсийн талаар тэнд асуух шаардлагагүй. “Бурхны өгсөн бэлэг” гэсэн үгийг дауны холбооныхон хэлэх дуртай. Зүрх сэтгэл, зоригоор л даван туулах учиртай шинэ амьдралыг даунтай үрс энэ хорвоод авчирдаг болохоор тэр. Батмөнх багшийн ангийг олоход амархан. Эдний ангийг тохижуулж туслахад ч бас хэцүү зүйлгүй гэж бодож байна. 25 дугаар тусгай сургуулийн хэдэн ангийг дандаа гадны байгууллагууд дэмжиж тохижуулсан харагдана. Туркийн ТИКА, Германы, БНСУ-ын Олон улсын хөгжлийн агентлагуудаас гол төлөв хөдөлмөр сургалтын кабинетууд тохижуулж өгчээ. Одоо Монголын төр өөрийнхөө хүүхдүүдэд олигтойхон хөрөнгө оруулалт хийх цаг нь болж.

Оросын шоу бизнесийн од бүсгүй энэ хавар амаржжээ. Хүү нь дауны синдромтой болохыг ургийн эхний үед оношилсон хэмээн тэр ярьж байлаа. Гэхдээ хүүгээсээ татгалзах тухай санаанд нь хэзээ ч багтаагүй гэж билээ. Төрөлхийн дархлаа муутай хүүгээ тэврээд, Оросын шоу бизнесийн ертөнцөд ажрахгүй алхаж яваа бүсгүйн тухай НТВ байсгээд үзүүлдэг юм.

“Бурхны бэлэг” зөвхөн ээж аавын асуудал бус, нийгэм анхаарах учиртай үзэгдэл болсоор байна. Даунтай хүүхдүүд хожуу ч гэсэн ярьдаг. Бусдын адил гүйж харайж, бүжиглэж, үсэг нүдлэн, тоо цээжилнэ. Эв хавгүй байж мэднэ, гэхдээ “Ээжээ би чамд хайртай” хэмээн хэлэх мөчид хорвоод ховорхон ирдэг үрээ хөтлөөд чанга, улам зоригтой гишгэлэн урагшаа алхдаг биз ээ, ээжүүд нь. Эрдэнэ бүсгүй, түүний хүүд аз жаргалыг хүсье.

Хүмүүс бие биедээ туслахыг маш их хүсч байна. Тэр дундаа хүүхдүүдэд, хүнд ховор оноштой үрсэд туслах эрмэлзэл эргэн тойронд дүүрэн байгааг сүүлийн хэдхэн өдөрт харлаа. Уншигч Таны илгээсэн захидал, илэрхийлсэн сэтгэгдлийн зах зухаас хуваалцъя.

***

Миний хүүхэд ховорт орох цусны өвчинтэй. Би энэ асуудлыг сайн ойлгож байна. Өвдөж зовж байгаа хүүхдийн хажууд эх нь шаналдаг. Бид нарынамьдралд өдөр тутамд тохиолдох замын түгжрэл, санхүүгийн асуудал, архи, хэрүүл маргаан, таагүй харьцаа эд бол юу ч биш. Хүүхдээ өвдөж байгааг харах шиг аймшиг хаана ч байхгүй. Тийм болохоор хүүхдийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгт анхаарлаа хандуулцгаая, манайхаан. Бие биендээ сэтгэл тавьж амьдаръя. Туяа

***

Эмч нарыг дэндүү муулах юм. Ганц нэг увайгүй хүмүүсээд болоод сэтгэл зүрхээрээ ажиллаж байгаа хүмүүсийг хэлмэгдүүлээд байна шүү. Өнгөрсөн жил Эх нялхаст олон сар болоход эмч нэр сэтгэлээрээ, бүхий л чадлаараазүтгэж хүүхдийн минь амийг аварсан юм шүү.

Төрөлхийн аливаа гажигтай хүүхэд төрүүлнэ гэдэг маш хэцүү, онош тодрохгүй байна гэдэг бүр ч хэцүү. Эмнэлгийн орчин нөхцөл хүнд гэдэг нь үнэн. Эх нялхаст яагаад Имрай биш юм аа гэхэд ганц компьютер томографийн аппарат аваад өгчихөж болдоггүй юм бэ. Эцэг эхчүүд хувийн эмнэлэгт өчнөөн хоногоор оочерлон байж маш үнэтэй харуулдаг шүү дээ. Энэ салбар сэтгэлтэй эмч нарийн хүчээр өдий хүрч байгаа гэж бодож байна. Охиныг минь эмчилж өгсөн Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, сувилагч нартаа баярлалаа. Уншигч

***

Манай улсын эрүүл мэндийн салбар үнэндээ арай дэндүү хоцрогдсон. Эрхтэн шилжүүлэн суулгах төв баригдана гээд 2,3 жил болж байна. Бөөрний дутагдалтай хүмүүст туслах боломж байна. Цусны бүлэг харгалзахгүй донор хийдэг технологийг яагаад манайхан нэвтрүүлж болдоггүй юм бэ. Цаашдаа энэ бөөрний дутагдалтай өвчтөнүүдийн талаар асуудал дэвшүүлсэн нийтлэл бичихийг хүсэж байна. Дори

***

Гэмтлийн эмнэлгийн Түлэнхийн тасаг үнэхээр хүнд юм байна лээ. Тэр эмнэлэгт төр жаахан сэтгэл гаргачих юм бол гэж бодогдсон. Гаднаас үнэтэй тариа их хэрэглэдэг. Гэтэл тэр үнэтэй тариаг нь авч чадахгүй айлын хүүхдүүд бол бараг л амьд үхдэл болчихдог. Зочин

***

Тэр 1.5 тэрбумын бондноос ядахдаа 1-2 маш сайн, олон улсын стандартын эмнэлэгтэй болох төслийг санхүүжүүлж болмоор юм. Зочин

***

Шантрахгүй цааш нь ажил болгоод Сан байгуулж, энэ өрөвдмөөр буруугүй хүүхдүүдэд тусалъя. Би лав өдрийн тансаг хоолноосоо татгалзаж чадна. Ийм зовлонгийн дэргэд би ганцаараа жаргаад ч яах юм. Цээгий

***

Манай эмч нар хүүхдийн олгой хагалгааг ч олигтой хийчихгүй байна шүү дээ. Эх нялхсын эмч нар дандаа дутуу хийж хүүхдийг хохироодог. Ирээдүйгүй болгодог. Түүнээс үүдэн миний хүү 4 сарын дараа маш хүнд хагалгаанд дахин орсон. Хүүдээ боолт хийлгээд явж байхад яг тэр асуудлаас үүдэн хорт хавдартай болсон 10 настай хүүг ээж нь авчирч байсан. Үлолдох

***

Сэтгэл дотор минь нэг юм урагдаад байх шиг мэдрэмж төрөх юм. Хэдийгээр цусны хорт хавдартай хүүхдэд туслах аян, тоглолт өөрийн биеэр зохион байгуулж байсан боловч ганц хүүхдэд хандсан зүйл тэгтлээ их тус болохоосоо илүү нийгэмд хандсан урьдчилан сэргийлэлт, хүмүүсийг мэдээлэлжүүлэх, мэдлэгжүүлэх ажил чухал болохыг ойлгосон. Өнөөдөр өөр хүний хүүхэд ийм байгааг хараад чимээгүй өнгөрлөө…Маргааш таны хүүхэд ийм болвол хэн таны хүүхдийн төлөө дуугарах бол? Зочин

***

Хэд хоногийн өмнө телевизээр, энэ жилийн авто замын хальтиргаанд зориулсан 5 тэрбум төгрөг байгаа, тэгээд яаж зарахаа мэдэхгүй байна гэсэн мэдээлэл сонссон. Тэгвэл наад мөнгөөрөө Хүүхдийн эмнэлэг бариач. Зам угаасаа засаад засаад дээрдэхгүй юм байна. Зочин

***

Өөрөө үзсэн хүн л мэддэг юм билээ. Эмнэлэг манайд үнэхээр шаардлагатай байна. Төрөөд нэг хонож гараад, буцаж өөрөө хэвтээд үнэхээр хүнд юм билээ. Азаар олон хонолгүй гарсан. Хүйтэн коридорт хонох бол энүүхэнд. Эмчлүүлж байгаа хүмүүс чинь айгаад юу ч хэлж чадахгүй, хэлээд ч яах юм билээ. Зочин

***

Саяхан би хүүхдээ Эх нялхсын эмнэлэгт үзүүлэх гэж очоод үнэхээр хүүхэд яаж хүлээж ядардгийг, бухимдсан эцэг эхчүүдийг харлаа. Гэрлээ

***

Миний хувьд Монголдоо хийе гэж бодож байгаа ажлуудын маань нэг байна. Ямар ч байсан эх орондоо мэдсэн сурснаа гаргах цаг удахгүй ирнэ гэдэгт итгэж байна. Монголын үрс эрүүл энх өсөн торних болтугай. Канадаас

***

Надад мөрөөдөл байдаг. 20 жилийн дараа би Монголдоо Олимп үзэхийг хүсэхгүй байна. Харин Тайван, Сингапур шиг 100 хувийн баталгаа өгдөг эмнэлэгтэй болохыг мөрөөдөж байна. Би хүүхэдтэй хүн. Одбаяр

***

Өвчин зовлон гэдэг өөрөө биеэрээ мэдэрч байж л ойлгодог юм билээ. Үр хүүхэд өвдөнө гэдэг хамгийг том бэрхшээл. Нялх жаахан үрийнхээ өмнөөс хэд дахин өвдсөн ч эх хүн тэсч чадна. Гачлантай нь тэгэх боломжгүй. Эх нялхсын эмч нар хүүхдэд бол үнэхээр сайн. Даанч эмнэлэг нь яг л микро автобус шиг санагдсан. Монголын үрс маш олон болж, бас эрүүл саруул байх болтугай. Дэмжиж байна.

child 2

***

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай сургуулиудын багш нар нь ажлаа зохих түвшинд хийдэггүй. Дураа хүрвэл хичээлээ заагаад, дургүйгээ хүрвэл хичээллэдэггүй. Тэдгээрт сургуулиас нь болон Боловсролын яамнаас хяналт тавьдаггүй. Сургуулийн орчин бол үнэндээ хэцүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувийн цэцэрлэг, сургуулийг байгуулмаар санагддаг. Зочин

***

Яг амьдрал дээр иймэрхүү сэтгэл өвдүүлсэн юм тоймгүй л байна. Жинхэнэ үнэндээ энэ эрүүл мэндийн салбарыг шүүмжлээд байж болно, улам л дордоод хараал идсэн байгууллага, хүмүүс болсоор байна. Эрүүл мэндийн салбарыг үндсээр нь, зах зээлийн зарчимд шилжүүлэхгүй юм бол иймэрхүү хэл ам, сэтгэл шаналгасан зүйлсээс салахгүй. Хий дэмий популизм болсоор байх болно.

Төрөлхийн өвчтэй, генийн өөрчлөлттэй хүүхдүүд олшроод л байна. Учир шалтгаан тодорхой, энэ бохирдол, хордлого, хүнсний дутмагшил, хортой хүнс, ус гээд мянган аюул байна. Нийгэм тэр чигтээ эрүүл саруул гэх хүнгүй болох гээд байна. Эрүүл мэндийн наад захын ойлголт, хүмүүжил үгүй түм буман хүн үймж байна. Тэд зөвхөн зовсон хойноо яанаа, туслаач гэцгээж байна шүү дээ.

Энэ зовлонгийн хойноос хөөгөөд хэзээ ч гүйцэхгүй, харин урьдчилан таслан зогсоох талаар нэг нь ч ярихгүй, бичихгүй, зүтгэхгүй, сэтгэхгүй юм даа. Эмч

***

Сэтгэл их өвдөж, бас харамсаж байна. Юу хийх вэ, бүгдээрээ? Энэ байдлыг яаж сайжруулах вэ? Дуслаас далай гэдэг, нэг юм хийхсэн. Миний охин төгсөлтийн ажлаараа эх орныхоо өвчтэй хүүхдүүдэд тустай үйл хийхээр эхлүүлээд байгаа, би хувьдаа их дэмжиж байгаа. Канадаас

***

Сэтгэл их эмтэрлээ. Хэдий бид бүгд асуудлыг мэддэг ч өөрийн хийж чадах зүйлс юу вэ гэдгийг үнэндээ мэддэггүй. Танд энэ талаар хийх гэж байгаа бодсон зүйлс байвал би түүнд өөрийн сайн дураар туслахыг хүсч байна. Хариу илгээгээрэй. Д. Булган

***

Хүнд өвчин тусаад зовж байгаа болон тэдний эцэг эхийн өмнөөс маш их сэтгэл өвдлөө. Төрийн сайн бодлого дэмжлэг байхгүйн улмаас одоогийн энэ нөхцөл байдалд эрүүл мэндийн салбар орсон. Гэхдээ оройтоогүй байна, алдааг засаж болно. Эхлэл нь энэ болог. Х. Цэрэнбат

***

Сайн байна уу, Болормаа эгчээ

Би таны бичсэн “Үр хүүхэдтэй хүн болгонд” гэсэн нийтлэлийг уншаад үргэлжлэл бий гэсэн болохоор тань санаа аваасай гэх үүднээс доорх мэдээллийг хүргэх гэсэн юм.

Би 9, 2, 1 насны гурван хүүхэдтэй ээж хүн. Ойрхон төрсөн хоёр хүүхэд минь ханиад шуухинаа хүрч, хааяа хатгаа авч, хоолой өвдөх тохиолдол гарна, тэр болгонд л би эмч рүү гүйдэг. Дур мэдэж өөрөө эмчилснээс гээд өрхийн эмнэлэг дээр очихоор дөнгөж сургуулиа төгссөн охин сууж байна. Ямар ч туршлага байхгүй болохоор гурван хүүхэдтэй эмч биш надаас дор санагдаж гологдоно. Аргаа барсан ээж би аптек руу орно. Тэнд харин жинхэнэ эмч сууж байна. Энэ ханиаданд ийм эм сайн байгаа, цэрийг нь энүүгээр шингэлчих, энэ халууныг нь бууруулна гээд л шахаж өгнө. Хамгийн хямд нь 10.000 төгрөгөөс эхлэх 2-3 антибиотекний сироп авч хүүхэд дээрээ туршилт хийнэ. Амжилт олох нь ховор доо. Ахиад л эмнэлэг явахаас өөр аргагүй. Арай дөнгүүр гэж тоон, хувийн эмнэлэгт хандахад нэг үзлэг нь 35.000 төгрөг, эмчилгээ нь нэг удаа утуулахад 27.000 төгрөг. Дор хаяж 3-5 удаа утуулах ёстой. Эмчийнхээ бичсэн эм тариаг заавал өөрийнх нь зааж өгсөн аптекаас авах ёстой. Хамгийн багадаа 50.000 төгрөг болно. За тэгээд шаардлагатай гэвэл шинжилгээ өгнө. Шинжилгээ 50.000 төгрөг. Ханиад нь хүндэрвэл тариа хийлгэхэд нэг удаагийн дуудлагын сувилагчид 10.000 төгрөг төлнө. Өдрийн гурван удаагийн тариагаар бодоход 30.000 төгрөг. Эмнэлэгт ор олдохгүй болохоор тариаг нь гэрээр хийлгэхээс өөр аргагүй. Тав хоног тариа тариулахад 150.000 төгрөг болно. Энэ тариаг нь өөрсдөө хийж болохгүй, заавал мэргэжлийн сувилагчаар тариулах ёстой хүчтэй тариа.

Ханиад хүрсэн л бол бараг тарианд орж байж салдаг. Учир нь агаарын бохирдлоос шалтгаалж хүүхдийн ханиад шууд хүндэрч багтраа, хөхүүл ханиалга, хатгаа болж байгаа гэх юм билээ. Тэгээд эхэлж очсон эмчийн эмчилгээ нь таарахгүй бол дараагийн эмч рүү явна. Ингэж явсаар нөхрийн цалингийн ихэнх хувь нь хүүхдүүдийн эмчилгээний зардалд явна. Харин ч ханиад шуухинаа төдийхөн туссан болохоор арай хямд байгаа нь энэ. Хэрвээ хүнд өвчтэй бол энэ зардал хэд дахин өснө. Зарим хүмүүс хямдхан эмчлэх боломжтой гэж шүүмжилдэг л дээ. Гэхдээ хүн хүүхдээ өвдөхөөр юугаа ч барихад бэлэн болдог гэдэгтэй нялх хүүхэдтэй ээж аав нарын ихэнх нь санал нэгдэх байх аа. Би ингэж их юм бичих болсон нь хүүхдээр бизнес хийдэг болоод байгаа хүүхдийн эмч, аптекийн эм зүйч нарт л үг минь хүрээсэй гэж хүссэн юм.

Хэдийгээр сонголт хийж очиж байгаа нь би өөрөө ч гэсэн, надад арай л үнэтэй санагдаад байдаг юм. Энэ үнэ бүгд бодитой болохыг би баталгаажуулж өгч болно шүү. Өнөөдөр бидний олж байгаа орлого хэд билээ, гарч байгаа зарлага хэд билээ. Дундаж цалин 500.000 төгрөг гэж бодох юм бол ганц хүний цалингаар амьдарч байгаа гэр бүл хэдийг нь эм тариандаа өгч, хэдээр нь хоол ундаа болгох вэ гэж бодвол үнэхээр асуудалтай байгаа биз. Өндөр орлоготой хүмүүс бол угаасаа гэр бүлээ Монголд биш, гадаадад байлгаж байгаа. Монголдоо байгаа багахан орлоготой ядарсан хүмүүсээсээ овоохон орлого олж амьдардаг зарим хүмүүс бодоосой гэж үнэхээр их хүсч байна. Нөгөөтэйгүүр бас нэг санаа зовоож байгаа асуудал бол эмний сурталчилгаа. Уунгуут л зүв зүгээр болно гээд сурталчлаад байхаар чинь худалдаж авах хүн олширно. Тэр хэрээр аптекийн орлого нь өсч байгаа ч гэсэн цаанаа өгч байгаа үр дүн гэж бараг байхгүй. Яагаад гэвэл эмний орц найрлагыг нь огт мэдэхгүй хүмүүс сайн гэсэн болгоныг дур мэдэж авч уугаад, өгөх үр дүн байхгүй болохоор дахиад л дараагийнх нь эмийг авч уудаг. Хэтрээд байгаа энэ эм бэлдмэлийн сурталчилгаан дээр хяналт тавиасай гэж хүсч байна.

Хэтэрхий урт захиаг минь цаг гарган уншсанд баярлалаа. Миний бичсэн бүхнээс өчүүхэн нь ч гэсэн таны нийтлэлд тусгалаа олбол баярлах болно.

Таны дараагийн нийтлэлд амжилт хүсье.

Хүндэтгэсэн, Т.Тэгшбаяр

***

Хүүхдийн эрүүл мэндийн тухай эцэг эхчүүдийн санал бодлын зах зухаас дуулгахад ийм байна. Сэтгүүлч бидний дараагийн сурвалжлагын сэдвүүд ч илхэн байна. Нэг сайд, хэдэн эмчийн тухай асуудал биш, харин эрүүл мэндийн салбарт их цэвэрлэгээ эхлэх, том хөрөнгө оруулалт түрж хийх шаардлагатай болсны дохио энэ юм.