МЭДЭЭЖ, МОНГОЛД АШИГТАЙ ШИЙДВЭР ГАРНА

2012.4.20

Хоёр хуулийн төслийг зэрэгцүүлэн хэлэлцэх гэж байна. Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төсөл. Ерөнхий санаа нь ийм, хэлэлцүүлгийн явцад нэр ус солигдож болох юм. З.Энхболд нарын гишүүдийн 2009 онд боловсруулсан төсөл, нөгөө нь Г.Занданшатар гишүүн нарын 2010 онд санаачилсан хувилбар.

Хэлэлцүүлэг ирэх долоо хоногт үргэлжилж, магадгүй түүнээс хойхно батлагдчих итгэл бий. Монголын улстөрчид болоод олон нийт энэхүү хуулийн төслийг нэг санаагаар дэмжинэ. Гадаад ертөнцөд уг хуулийг сонирхон чих тавьж байна. Учир нь гадаадын хөрөнгө оруулалтын талаарх Монгол улсын бодлого өөрчлөгдөнө. Урин залах нээлттэй бодлого нь зохицуулах, хянах хандлагаар солигдоно. Өнөөгийн Гадаадын хөрөнгө оруулалтын газар хэмээх олон улсын хурал зөвлөгөөн хэссэн байгууллагын үйл ажиллагаа эрс шинэчлэгдэнэ гэсэн үг.

Одоо матрёшка төсөөлнө үү. Хамгийн жижигхэн нь SouthGobi Sands LLC. Жижиг арай том руугаа үсрэн орлоо, хөөп…SGQ Coal Investment Pte.Ltd., Дурдсан хоёр компани дахиад нэг бүдүүний гэдсэнд багтана, SouthGobi Resources Ltd., Матрёшканууд дээр дээрээсээ давхарласаар байна. Гурван жижгийн эзэн нь Ivanhoe Mines Limited. Харин өчигдөр нэг шийдвэр гарсны дараа хамгийн том матрёшка Rio Tinto group болов. Энэ тарган матрёшка юуг илэрхийлдэг вэ?

Монгол орны нутаг дэвсгэрт байгаа байгалийн баялаг ордуудыг давхар дамлан зарах сүлжээ юм. Бүгдийг нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Нарийн сухайтын ордын нэг хэсэг тэжээдэг. Сингапур, Канадад том матрёшканууд нь байрлаж, Гурвантэс сумын газрын доорх баялгаар мөнгө босгон амьдарч иржээ. Давхар давхар гэдсэндээ ордгийн учир нь Монголд татвар төлөхгүй, аюулгүй бүсэд амьдрах, түүнчлэн Нарийн сухайтын нэгээхэн хэсгийн лицензийг хоорондоо ил наймаалцаж монголчуудад ажиг сэжиг авахуулалгүйгээр, харин нөгөө олон компаниа гэдэснээсээ ганц нэгээр нь гаргаж зарах замаар тусгай зөвшөөрлийг цэвэрхэн арилжих арга юм.

Гэтэл Нарийн сухайт нь Монгол улсын стратегийн 15 ордын нэг. Хэн ч түүнийг хувааж хэсэглээгүй юм, уг нь. Нөөцийг нь тогтоосон, төрийн мэдлийн орд газар. Ийнхүү Нарийн сухайт дээр эхний асуултын тэмдэг гарч ирсэн. Стратегийн үлдэх ордууд дээр бүгдэд нь ийм асуудал мөн босно. Монголын төр зөвхөн Тавантолгой ордынхоо хамгийн их хэсэг буюу 96 хувийг эзэмшдэг. Удаад нь Багануурын нүүрсний ордын 75 хувь төрд байна. Эрдэнэт, Асгатын тус бүр 51 хувийн эзэн. Стратегийн үлдсэн бүх орд дээр SouthGobi Sands-ийнхтай ижилхэн асуудал үүснэ. Эдүгээ Хятад, Канадын компаниудын мэдэлд Монголын стратегийн ордуудын 51-100 хувь очоод байна. Зарим нь бүр Хятадын төрийн мэдлийн компанид.

Эхний 15 орд дээр байдал ийм байгаа бол дараагийн томоохон 39 орд, түүний араас стратегийн ангилалд орох боломжтой 100 орчим ордын хувь эзэмшил мөн л монголчуудын хяналтаас гарсан. Тиймээс Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг, тэр дундаа гадаадын төрийн өмчийн компаниудын хувь эзэмшлийг хатуу зохицуулах хаалт, хяналт шаардлагатай байгаа юм. Дээр дурдсан хуулийн төсөл тэрхүү зохицуулалтыг хийж чадна. Хуулиа цаг алдалгүй баталбал Нарийн сухайтын нэг хэсгийг хэн нэгэн хоорондоо наймаалцахыг таслан зогсоож чадна. Монголын Сангийн яам болоод Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах чиглэлийн байгууллагаас урьдчилан зөвшөөрөл аваагүй аливаа наймааг Монголын ордуудаар гул барин хийх боломжгүйг лиценз эзэмшигчид ойлгож авах юм.

Эдүгээ УИХ-аар хэлэлцэхээр зэхэж буй хуулийн төсөлд зөвхөн ашигт малтмалын салбар хамаатай биш. Харилцаа холбоо, хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой, усны биологийн нөөцийн олборлолт, нислэгийн аюулгүй байдлыг хангах зэрэг нэр дурдсан 19 чиглэлийн үйл ажиллагааг стратегийн ач холбогдол бүхий үйл ажиллагаа хэмээн тодотгож өгчээ. Сард 10.000-аас дээш хувиар хэвлэгддэг сонин, Монголын хүн амын талаас илүү хувьд хүрч цацагддаг телевиз, радиод гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 25-аас илүүгүй хувьтай байна гэх мэтээр тодорхой заажээ. Харин стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод гадаадын хөрөнгө оруулалт 15 хувиас илүү гарах ёсгүйг цохсон байна. Тохиолдол болгонд Монголын эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах ёстой гэсэн санаа.

Өнөө зарлагдаад байгаа стратегийн орд тус бүр дээр эзэмшлийн хувь хэмжээг хуульд нийцүүлэн өөрчлөх ажил хийгдэнэ гэсэн үг. Тиймээс УИХ-аар хэлэлцэх гэж буй хуулийн төсөл нь Монгол орны өнөө ба ирээдүйд онцгой чухал, басхүү хөрөнгө оруулалтын бодлого шинэ шат ирснийг нотлох үйл явц мөн. Хуулийг дагаад бусад 8-9 хуульд давын өмнө нэмэлт, өөрчлөлт орох бололтой.

SouthGobi Sands-ийн хувьд Авенхоу Майнз компанийн менежментийн баг огцорч, Рио-гийн мэдэлд Авенхоу очсон үйл явц мэдээж нөлөөлнө. Рио Тинто нь Монголын Оюутолгой орд дахь зэс-алтны олборлолтоос өөр сонирхол байхгүй хэмээн Рио саяхан мэдэгдсэнийг уншигчид санаж байгаа. Энэ нь Рио Тинто компани Хятадын Чалко компанид SouthGobi-г зарах Гэрээг үзэглэхгүй гэсэн санаа гэж ойлгож байна.

Монгол орон стратегийн салбартаа хяналт тавих ой санамжаа сэргээж эхэллээ. Энэ чухал ажилд айсуй сонгуулийн солиорол бүү саад болог.